Р.Буд:

Зам засварын дотоодын компаниудын чадавх сайжрах боломжтой


11 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
Р.Буд: Зам засварын дотоодын компаниудын чадавх сайжрах боломжтой

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. 

Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдаж байсан. Харин энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 11-нд УИХ-аар баталсан . 10 бүлэг 36 зүйлтэйгээ батлагдсан шинэчлэгдсэн хууль 2017 оны 7 сарын 1 ээс хэрэгжиж эхэлсэн юм.

Тиймээс хуулийн ач холбогдлын талаар Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Будтай ярилцлаа.

-Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдлаа. Өмнөх хуультай харьцуулахад энэхүү шинэчилсэн найруулгын гол дэвшил нь юу вэ?

-Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 11-нд УИХ-аар баталсан. Өмнөх хууль нь 1998 оны 1 дүгээр сарын 2-нд батлагдаж байсан. Хуучин хууль 6 бүлэг 24 зүйлтэй байсан бол шинэчлэгдсэн хууль 10 бүлэг 36 зүйлтэйгээр батлагдсан. Ер нь 20-иод жилийн дараа шинэчилсэн найруулгаар батлагдаж байгаа болохоор өмнөх хуулийн 60-аад хувьд  нь нэмэлт, өөрчлөлт орсон.

Нэгдүгээрт,

Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой томьёолж, нэр томьёоны тайлбарыг нэмж тодорхойлон оруулсан. Авто зам, замын байгууламжийн санхүүжилт, норм нормативын сан, бүртгэл мэдээллийн санг бие даасан бүлэг болгон нэмж зам, замын байгууламжийн эзэмшигч, өмчлөгчийн эрх үүргийг тодорхойлсны дээр төлбөр авах эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж өгсөн.

Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийг өргөжүүлж тодорхой болгосны дээр Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүргийг тодорхойлсон шинэ бүлэг нэмэгдсэн. Мөн авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажил, замын арчлалт, засварын ажлын нэр төрлийг шинэчлэн тогтоож, Замын засвар арчлалтын байгууллагуудын эрх үүрэг, замын сангийн хөрөнгийн эх үүсвэр, сангийн зарцуулалттай холбогдсон зохицуулалтуудыг шинэчлэн тодорхойлсон.

Хоёрдугаарт,

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Замын чанар нь норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, зураг төсөл боловсруулахаас эхлээд  барилгын компаниудын хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчний хангамж хүрэлцээ тэдгээрийн хариуцлага, захиалагчийн болон зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байгаа баг хамт олны ажлаас хамаардаг. Энэ хууль нь эдгээр  байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлснээрээ ач холбогдолтой хууль болсон.

Гуравдугаарт,

2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байсан авто замын зарим асуудлуудыг хүчингүй болгосон. Тодруулбал, авто зам, замын байгууламж нь Барилгын тухай хуулийн  барилга гэдэг тодорхойлолтод хамрагдаж, замын  норм, нормативын сан Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байсныг хуульд өөрчлөлт оруулах замаар хүчингүй болгож Авто замын тухай шинэ хуулиар зохицуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл авто замтай холбоотой эрх зүйн бүх зохицуулалтыг энэ шинэ хуулиар зохицуулахаар болсон гэж ойлгож болно.

Миний бие 1998 оны Авто замын анхны хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан бол 20 иод жилийн дараа  шинэчлэн  батлагдсан хуулийн ажлын хэсгийг мөн ахалж  ажиллах хувь тохиолоо.

-Өмнө нь Барилгын тухай хуулиар зохицуулж байсан зохицуулалтыг ямар шалтгаанаар Авто замын тухай хуульд оруулж өгсөн бэ?

-Авто замын байгууллага үүсч байгуулагдсан үеэс  их барилга, бүтээн байгуулалтын ажилд авто зам, замын байгууламжийн ажлыг хамааруулан ойлгож ирсэн. Харин төлөвлөгөөт эдийн засгийн үед 1981 онд сайд нарын зөвлөлийн дэргэдэх Авто Замын  ерөнхий газар байгуулагдан ажилласан тухайн 8 жилийн хугацаанд мөн зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто замын газар”-ыг шинээр байгуулан ажиллуулсан тэр үеэс хойш  тус салбар харьцангуй бие даан хөгжсөн байдаг.

Авто зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, ашиглахтай холбогдсон норм стандартууд болон, барьж байгуулах, ашиглалт талаас нь аваад үзсэн ч барилгаас өөр.

Шинэ хуулиар олон улс улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам нь төрийн нийтийн өмч байна гэдгийг бас хуульчилсан. Тэгээд ч цаашид  авто замын салбар бодит эдийн засгийн салбар болон бие даан хөгжих ирээдүй шаардлага байгаа тул барилгын хуулиар зохицуулж байсан зарим зохицуулалтыг энэ хуулиар хүчингүй болгож авто замын хуулиар зохицуулахаар болсон. Тухайлбал авто замын норм нормативын сан гэх мэт.

-Норм нормативын сангаа жаахан тодруулахгүй юу?

Хуучин хуулиар барилга байгууламжийн норм нормативын сангийн журмыг барилгын асуудал эрхэлсэн сайд батлахаар, хувь хэмжээ нь төсөвт өртгөөс 0.18 хувиар тооцохоор байсан.

Шинэ хуулиар Авто замын салбар нь өөрийн норм норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байхаар сангийн журмыг замын асуудал эрхэлсэн сайд батлахаар, сангийн гол орлого нь Авто замын барилга, засвар, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлогоноос бүрдэж байхаар хуульчлагдсан.

Энэ эрх зүйн зохицуулалт, хувь хэмжээ нь тус салбарын хөгжилд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна.

-Шинэчилсэн найруулгын төсөлд авто замын чанарын баталгаат хугацааг анх 1 жил гэж оруулсан. Хэлэлцүүлгийн явцад энэ хугацааг сунгаж 3 жил болгосон. Ингэснээр замын чанар, арчлалтад онц өөрчлөлт гарах уу?

-Хуулийн төслийг өргөн барих үед  чанарын баталгаат засварын хугацааг 1 жил байна гэж заасан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг хоёр жил болгох тухай санал гаргасан. Сүүлд УИХ-н нэр бүхий гишүүдээс сүүлийн үед зам, барилгын ажлын чанар муу байгаа учир гурван жил болгох нь зүйтэй гэж үзсэн.

Үүнтэй холбогдуулж хэлэхэд замын чанар чансаа муу байгаа нь үнэн бөгөөд энэ нь дараах хэдэн зүйлээс шалтгаалж байна.

Нэгдүгээрт: Зам, замын байгууламжийн чанар  зураг төслийн чанараас ихээхэн шалтгаалдаг. Хоёрдугаарт: Зам замын байгууламжийг барихад хэрэглэж буй материалын чанар. Гуравдугаарт: гүйцэтгэгч компанийн мэргэжлийн хүмүүсийн чадвар, ажилд хандах хандлага, машин механизм, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн мөрдөлт. Дөрөвдүгээрт: хяналт тавих үүрэг бүхий  зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн мэргэжлийн боловсон хүчний чадавх болон захиалагчийн хяналтаас голлон шалтгаалдаг. Хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай байгаа нь ч бас үнэн.

Энэ хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр ямар зохицуулалт орсон бэ гэвэл зураг төслийн ажлын чанарын асуудлыг тусгасан. Зураг төсөл чанаргүйгээс болж барилга угсралтын ажлын үед гологдол гарвал зургийн байгууллага, зураг зохиогч хариуцна. Зураг төсөлд магадлан хийсэн эксперт  нь тухайн зураг төслийн алдааг харалгүй, техникийн зөрчил гаргавал экспертиз хийсэн байгууллага болон хүн нь хариуцахаар оруулсан.

Ингэснээр үндэсний компаниудын хариуцлага дээшилж дархлаа сайжирна гэж үзэж байгаа.

Гадаад, дотоодын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар зам барьсан гадаадын компаниуд ажлаа дуусгаад барьцаа хөрөнгөө аваад яваад өгдөг. Одоо энэ байдлыг өөрчилж, үндэсний компаниудаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.

Зам барилгын болон зам засварын ажлын чанар, баталгааны асуудал  бол хамгийн түрүүнд хөндөгддөг асуудал. Харин Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг оновчтой болгож үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь гүйцэтгэгч нар замаа хугацаанд нь чанартай барих хэрэгтэй. Ингэж чадвал зам, замын байгууламжийн барилгын ажлын чанар эрс сайжирна.

Чанар сайжирна гэдэг нь эдэлгээний хугацаа уртасна гэсэн үг. Өнөөдөр засварт зараад байгаа хөрөнгө  хэмнэгдэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хөрөнгө оруулалтын үр ашиг сайжирч, зам ашиглагч нарын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Иймээс чанарын баталгааг гурван жил болгосны ач холбогдол энэ гэж ойлгож байгаа.

-Тэгээд гүйцэтгэгчийн баталгааны мөнгийг гурван жил барих нь барилгын байгууллагуудад хэцүү биш үү?

-Хэцүү нь хэцүү. Гэхдээ бид  хариуцлагын тогтолцоог ийм маягаар чангатгаж зам барилгынхаа ажлын чанарыг сайжруулахгүй бол байдал улам л хүндрэх тал руу гаа явж байгаа нь хэн хүнд ойлгомжтой.

Зарим нэг чиглэлийн зам бариад нэг жил ч болоогүй, хөдөлгөөн нээгээгүй байхад эврээд байгаа нь бодит үнэн шүү дээ. Ийм чанаргүй баригдсан  замаар үндсэн сүлжээгээ тэлээд дээр нь насжилттай замдаа цаг хугацаанд нь их засвар, шинэчлэлт хийхгүй, улмаар одоо  ашиглагдаж байгаа хатуу хучилттай авто замдаа засвар, арчлалтын ажлыг нь тухай бүр нь хийхгүй хөрөнгө гаргахгүй бол манай улсын авто замын салбар жинхэнэ дампуурна биз ээ.

Гэхдээ барьцаа хөрөнгийг барьцаалах хугацаа, нөхцөл, үнэгүйдүүлэхгүй байх асуудлыг нэмэлт хууль, журмаар зохицуулах боломжтой гэж хувь хүнийхээ хувьд бодож төлөвлөж байгаа зүйл надад бий.

-2017 онд авто замын засвар арчлалт хийхэд 10 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ мөнгө хүрэлцээтэй юу?

-Зам бол өөрөө инженерийн нарийн байгууламж. Иймээс зам бариад ашиглалтад оруулсны маргаашнаас нь л эхлээд арчлалт хийж эхлэх ёстой. Авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийх ажил үйлчилгээг арчлалт гэдэг. Дээрх байгууламжийг бүрэн бүтэн байлгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тогтмол гүйцэтгэх ажиллагааг урсгал засвар гэдэг. Ээлжит болон их засварыг тусгай норматив хугацаагаар хийх ёстой.

Өнөөдөр олон улс, улсын чанартай авто замын засвар, арчлалтыг хариуцсан 28 байгууллага байдаг. Үүний 20 нь төрийн өмчийн компани, 8 нь хувийн өмчийн компани.

Хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн авто замын чадавхыг бэхжүүлэх төсөл 2011 онд хэрэгжиж манай улсад зөвлөмж өгсөн байдаг. Энэ зөвлөмжөөр олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг хэвийн хэмжээнд ашигтай  хийхийн тулд жилд 60-аас доошгүй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Гэтэл энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөлөө. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй байна.

-АЗЗАК-г үр ашигтай ажиллуулах үүднээс хувьчилж болохгүй юу?

-Ер нь бол хувьчилж бололгүй яахав. Ганцхан зам засварын ажлын үнэ чөлөөлөгдөөгүй буюу АХБнаас  зөвлөмж болгосон 60 орчим тэрбум төгрөгийг замын засвар арчлалтын ажлын зориулалтаар  олгоогоогүй байгаа өнөөгийн нөхцөлд засварын байгууллагуудыг хувьчилж болохгүй байгаа юм. Уг нь мөнгө нь байдаг бол мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нөхцөл болзлоо тавиад л замын засвар арчлалтын ажлыг хийлгэмээр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор дээрхи АЗЗАК-г хувьчлах, менежментийг нь сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийж болохгүй байна. Нөхцөл нь бүрдээгүй одоогийн нөхцөлд хувьчилчихвал тухайн компанийг үр ашигтай ажиллуулах нь хувьчилж авсан эзэн хүний эрхийн  асуудал болох тул  ашигтай зүйл рүүгээ хөрөнгө оруулалт хийж эрхэлсэн ажлынхаа чиг үүргийг өөрчилнө эсвэл оромдоно. Эцэст нь монголын авто зам эзэнгүй болно. Тиймээс одоохондоо хувьчилж болохгүй гэж үзэж байна.

-Тэгвэл АЗЗАК-н талаар болон замыг эзэнтэй байлгах талаар ямар заалт хуульд туссан бэ?

-Энэ хуулийн Засгийн газрын бүрэн эрхийн хэсэгт Авто замын засвар арчлалтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий байгууллага ажиллуулахаар заасны дээр Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч төрийн  болон хувийн өмчийн хуулийн этгээд байхаар хуульчилсан. Мөн замыг эзэнтэй болгож ашиглалтын бэлэн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар тусгагдсан.

Хөдөлгөөнт эргүүл олон улс, улсын чанартай авто замуудаар байнга тогтмол явж үзлэг шалгалт хийнэ. Өнөөдөр зам засварын байгууллагууд 200- 300 км, зарим нь бүр 500 км-ийг хариуцаж байна.  Ийм урт замыг  өдөр тутам явж үзнэ гэдэг бол боломжгүй зүйл.

Хөдөлгөөнт эргүүл нь мотоциклтой, түлш шатахуун бага зарцуулдаг тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэнэ. Тухайн эргүүл нь өөрийн хариуцсан хэсгийн замыг эвдэж буй даац хэтрүүлсэн том уул уурхайн машин техникийг зогсооно мөн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн төрөл, тоог бүртгэнэ.

Аадар бороо цасан шуурга зэрэг байгалийн хүчин зүйлийн замд үзүүлж байгаа нөлөөллийг судална, зам дээрхи хог шороо элдэв зүйлийг цэвэрлэж, замын тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлийг мөн судланаАваар осол гарсан үед хохирогч нарт нэн тэргүүнд туслалцаа үзүүлнэ.Ийнхүү иж бүрэн тандалт судалгаа хийгээд, эргэж тойрч яваад ирэхээр бүх зам эзэнтэй болно .

Авто замын сангаас авто замын засвар арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг зардлыг санхүүжүүлэхээр тусгасан.

Иймээс хуулийн дээрх зүйл заалтын хүрээнд Авто замын засвар арчлалтын байгууллагуудын одоогийн удирдлага бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож үр ашгийг зохих хэмжээгээр дээшлүүлэх боломжтой.  

-Хөдөлгөөнт эргүүлээр ажиллах хүмүүсийг хаанаас бүрдүүлэх бэ?

-Авто замын инженер мэргэжилтэй 800 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Заавал замчид ч гэхгүй. Үнэхээр ажил хэрэгч, хариуцлагатай, хяналт тавиад ажиллах боломжтой хүмүүсээс шалгаруулж авна. Мөн зам засварын байгууллагуудад улирлын ажилтай хүмүүс байдаг тэдгээрээс ч авч ажиллуулж болох юм.

Ер нь яагаад хөдөлгөөнт эргүүл хэрэгтэй байна гэж бас зарим хүн асууж болох юм. Учир нь манай орон өргөн уудам нутагтай, хүн ам таруу байрладаг тул замын өдөр тутмын  засвар үйлчилгээг хариуцдаг зам засварын байгууллагууд нэг нь нөгөөгөөсөө алс зайд байрлаж байгаагаас зам ерөнхийдөө эзэнгүй байдалтай байна.

Энэ юугаар илэрч байна бэ гэвэл зарим үед манай зорчигч нар унаж яваа машиных нь дугуй хагарахаар домкратан дороо чулуу авчирч ивээд тэр дор нь орхиод явах, даац хэтэрсэн  ачаагаа пүүний дэргэд буулгаж өөр машинд шилжүүлж ачсанаа нүднээс далд оронгуутаа эргүүлж ачаад цааш явж зам эвдэх, замын тэмдэг тэмдэглэлгээг эвдэж гэмтээх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил олныг гаргаж байна.

Үүнийг өнөөдрийн тогтолцоогоор 200, 300 км –ын цаанаас ирж илрүүлнэ засна гэдэг бол боломжгүй юм. Иймээс л хөдөлгөөнт эргүүл хэрэгтэй болж байна. Харин хэдийг ямар хугацаагаар, хаана, ямар журмаар ажиллуулах бэ гэдэг нь журмаар зохицуулагдах асуудал юм.

-Энэ хуулиар авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэр хэр баталгаатай болж нэмэгдсэн бэ?

-Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хуучин мөрдөж байсан авто замын тухай хуулиар хэд хэдэн эх үүсвэрээс бүрдүүлж байсан бөгөөд тэдгээрийн дотор хамгийн жин дарж байсан нь Авто бензин дизелийн түлшний албан татвараас тодорхой хувиар авдаг татвар байсан бөгөөд түүнээс замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг Засгийн газар тогтоож байхаар зохицуулагдсан байсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор энэ хувь хэмжээгээр хөрөнгө төвлөрөхгүй явж ирсэн юм билээ.

Тиймээс УИХ-ын ажлын хэсэг дээр санал гарч импортоор оруулж байгаа авто машины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг санд оруулж байхаар хуульчлагдсан. Бусад зохицуулалтууд нь үндсэндээ хэвээрээ үлдсэн. Тиймээс замын сангийн хөрөнгийн эх үүсвэр зохих хэмжээгээр баталгаажиж бас жилд төвлөрөх хөрөнгийн хэмжээ одоотой харьцуулахад 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

-Авто замын зөвлөл,  төрийн бус байгууллагын оролцоо гэсэн зүйлүүд шинээр орж ирсэн. Ер нь төрийн бус байгууллагын оролцоо ямар түвшинд байна вэ?

-Авто замын зөвлөлийн талаар  гурван зүйлтэй  заалт шинээр нэмэгдсэн. Авто замын зөвлөл бол маш чухал. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагаас манай авто замын салбарт зээл тусламж үзүүлэхдээ Авто замын зөвлөлтэй байх зөвлөмжийг удаа дараа өгч байсан. Бид энэ зөвлөлийг зөвлөмжийн хүрээнд байгуулан ажиллуулж байсан. Одоо хуульчлагдлаа.

Зөвлөлийн гол үүрэг бол Авто замын бэлэн байдлын түвшин, аюулгүй байдлыг хангах , сангийн орлого, хөрөнгийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналтыг зам хэрэглэгчид болон иргэдийн өмнөөс гүйцэтгэх юм. Ер нь бол зам хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гол үүрэгтэй.

Өнөөдөр Авто замын салбарын дэргэд арав гаруй төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа ч ТББ –н үүрэг их байх болно. Авто замын салбарын төрийн бус байгууллага нь АЗ-н тухай хууль тогтоомж, нормыг боловсронгуй болгох, төрөөс үзүүлэх чанар хүртээмжийг дээшлүүлэх, салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг асуудлаар үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Үүн дээр нэг чухал зүйл бол авто замчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг нэмж тусгасан.

Авто замчдын  хувьд хүйтэнд хөрж, халуунд халж,  дандаа гадаа хээр ажилладаг, төв суурин газраас алслагдсан  хээрийн нөхцөлд хуарангийн байдлаар байршиж харьцангуй хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс.

Ганцхан жишээ дурдахад  зуны улиралд гадаа 30-40 градус халуун байхад 120-130 градустай асфальто бетон хольцыг дэвсдэг. Энэ бол  маш хүнд хөдөлмөр.

Сүүлийн жилүүдэд компаниудын хийсэн ажлын гүйцэтгэл цаг хугацаандаа санхүүжигдэхгүй байгаагаас ажилчид цалингийн зээл авах, авсан хэдэн төгрөг нь инфляц зэрэг хүчин зүйлээс шалтгаалан үнэгүйдэх зэрэг зөрчил дутагдал их байна. Үүнийг зохицуулахад дээрх заалт чухал ач холбогдолтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.