Х.Баттулга: Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр хийгдэх зүйл бол дэд бүтэц
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн анхны ярилцлагаа МҮОНТВ-д өглөө.
Тэрбээр долоодугаар сарын 10-нд тангаргаа өргөсөн билээ. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сар болох гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өглөө. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Та ажлаа аваад нэг сар болж байна. Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд ямар ажил амжуулсан бэ. 60 тэрбум төгрөгийн асуудлыг шалгаж өгнө үү гэж хууль хяналтын байгууллагад хандсан. Мөн оффшор бүст байгаа мөнгийг оруулж ирэх 49 хоногийн хугацааг өгсөн. Энэ хоёр шийдвэрийг гаргахад улс төрийн ямар нэгэн шийдэл байв уу?
-Тангараг өргөөд 30 хонох гэж байна. Асуултад хариулахаас өмнө оршил ярьчих уу. Ерөнхийлөгчийн ажил өглөөний мэдээгээр эхэлдэг юм байна. Өглөөний мэдээн дээр тэнд зуд, тэнд ган болж байна гэдэг ч юм уу цаг, минуттайгаа ирдэг юм байна. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засаг, сахилга бат нь ч тэр. Ган гачиг, тариа буудай, хадлангаа авч чадахгүй байгаа талаар мэдээллүүд орж ирж байна.
Энэ мэдээ зөвхөн надад ирдэггүй юм байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөгт ирдэг юм байна. Энэ мэдээ нөгөө хоёрт маань ирж байгаа байх. Ийм хүнд үед яагаад манайхан амраад байдаг юм бэ. Уг нь ингэж амраад баймааргүй мэдээллүүд ирж байна л даа. Тухайлбал, эрүүл мэнд, ажилгүйдэл, гэмт хэрэг, ядуурлын тухай гээд. Энэ жил сонгуулийн жил байлаа. Хэд хэдэн сонгууль өглөө. Энэ жил олигтой зун болсонгүй. Гантай жил мал таргалахгүй тул яах вэ.
Хадлангаа яах вэ гэж байна. Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Тиймээс ХХААХҮ-ын сайдыг дуудаж цаг үеийн мэдээлэл авахад хаа очиж П.Сэргэлэн сайд ажлаа мэддэг хүн шиг санагдсан. Одоогийн эрх баригчид Засгийн газраа эрчимтэй ажиллуулаач ээ. Харж байхад энэ хүнд үед хоорондоо талцсан байдалтай байна. Ийм байж болохгүй. Тиймээс би оршил маягаар ярьж байгаа юм.
60 тэрбумын хувьд хоёр сонгууль дамнан яригдсан. Монгол Улсын өнөөгийн төр засгийн албан тушаалыг урьдчилан зарж мөнгө босгодог гэдэг нь дээрээ ямархуу сахилга баттай байгааг харуулж байгаа юм. Бид 96 жилийн түүхтэй МАН-ыг аав ээж, эмээ өвөө нарын нам гээд хүндэлсэн маягаар сонгодог. Энэ инстутицижсэн байж магадгүй нам маань ийм зүйл яриад сууж байна. Намын дарга нь тэнд асуулт, хариулт хийгээд сууж байна гэдэг нь өнөөдрийн бидний эмгэнэл. Энэ нь намын эмгэнэл биш Монголын эмгэнэл. Тиймээс 60 тэрбумын асуудлаар АТГ-ыг хоёр ч удаа дуудаж уулзлаа.
“Та нар яагаад энэ асуудал дээр ажиллахгүй байгаа юм бэ” гэж хэллээ. Энэ мэдээллүүд шууд мэдээлэгдээд байсан болохоор нөхцөл байдлыг л асуусан. 60 тэрбумын асуудал урт ажил байх. 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан байгаа юм. Тэр бүгдийг байцааж, авсан уу, өгсөн үү, авсан уу гээд яригдах юм шиг байна лээ. Миний хувьд энэ бүгдийг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахаас эхлээд олон ажил гарч ирэх юм байна.
Монголын төрд яагаад хүмүүс ийм идэвхтэй шургалдаг болсон бэ гэхээр улс төрд ороод хүмүүс баяждаг болж. Энэ бодит болсон. Жирийн дундаж давхаргын хүмүүс хөдөлмөрлөөд байгаа хэрнээ өрөнд ордог. Татвар, цагдаа, хууль хүчний байгууллагаас шантааж ирдэг. Тиймээс сонгуульд орохдоо энэ хоёр асуудлыг ил болгоно гэж орж байсан. Үүнийг ил болгоосой гэж намайг сонгосон байх гэж боддог. Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд шударга ёс ярих боломжгүй. Иргэд шударга ёсыг л хүсч байна. Түүнээс биш өнөөдөр өлсөөд үхэж байгаа хүн алга. Хоёрдугаарт, малын буян байна. Дээрээ ийм байхад доороо яах юм. Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Тиймээс 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.
-Оффшор бүсээс мэдээлэл авах амаргүй гэдэг. Үүнийг яаж ил болгох вэ?
-Янз бүрийн арга бий. Саяхан Пакистаны ерөнхий сайд оффшор бүст хөрөнгөтэй гээд манайхантай зэрэг зарлагдсан юм билээ. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна. Мөн германууд таван сая еврогоор 11 сая хуудас цаас панама пеперсаас авсан. Энэ мөнгөний л ажил. Гүйцэтгэх ажил юм шиг байна лээ. Гэхдээ энэ бүхнийг нарийн яриад яахав. Ажилладаг хүмүүс нь ажиллах байх. Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхийлөгч, прокурор нь үүнийг хүсэх ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ. -49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа дуусаад яах вэ?
-Өмнө нь бидэнд оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд хөрөнгө мөнгөө тэр бүст хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм.
-Таныг УИХ-ын гишүүн, сайд байхад санаачилсан төслүүд зогссон. Хэзээ хөдлөх вэ?
-Миний мөрөөдөл бүтээн байгуулалтаар хүн бүр ажилтай болох. Миний өмнө нэг л мөрөөдөл үлдсэн. Хумигдсан эдийн засгаа тэлэх цаг нь болсон. Одоо бол тендер гэдэг бизнес л байна. Өөр юм байхгүй. Дотоодын зах зээл нь жижиг. Бүтээгдэхүүн гаргая гэхээр татвар нь өндөр байдаг л даа. Өнөөдөр төрийн тэргүүн болсон болохоор хоёр хөршдөө нэн тэргүүнд монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ. Тэр төслүүд нь өөрөө хөдөөгийн, хотын, дэд бүтэц, дагуул хотын төсөл. Харамсалтай нь энэ төсөл дээр ажиллаж байсан 20-30 хүнд эрүү үүсгэж барьж, хорьж цагдсан үйл ажиллагаа явсан. Үүний ард зохион байгуулалттай бүтэц бий. Монгол Улс хөгжиж болохгүй гэж байгаа юм. Тиймээс үүнийг зогсоо гэдэг. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай тэднийг байцаасан. Харамсалтай нь юу ч гараагүй. Бид хөгжлийн хөтөлбөрүүдээ бэлдсэн байгаа. Өнөөдөр бидний өмнө хоёр том аюул байна. Таны бодол юу вэ.
-Эдийн засгийн хувьд таны хэлж байгаагаар аюул байгаа байх. Уул уурхай хэт түшиглэсэн нэг хөлтэй эдийн засгаас бид салах ёстой...
-Нэн тэргүүнд хоёр том аюул байна. Тэр ажилгүйдэл, ядуурал. Зөв үү. Ажилгүй ядуу хүн боловсролдоо анхаарч чаддаггүй. Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Монголд байгаа бизнесийн орчин цэцэглэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Тэр төслүүдийн судалгаа, ТЭЗҮ бүгд бэлэн болсон. Ажилгүйдэл, ядуурлын тал дээр сонгуулийн үеэр бүх хүн санал нэг байсан. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Тиймээс ажилтай байхын тулд бүтээн байгуулалт хийх ёстой. Би Зам тээврийн сайд байхдаа Азийн хөгжлийн банкаар зургийг нь гаргуулсан болохоор авто замуудын ажил хурдан явж байгаа юм. Үүнийг ярихаар намайг шүүмжилдэг. Монголчууд өөрсдөө үүнийг хийх хэрэгтэй. Ажлын дөртэй, мэргэжилтэй болгох ёстой. Өнөөдөр ямар ч ажлын дөргүй хүнийг томилдгоос болж ажил хийж чадахгүй байна гэдэг. Тиймээс бид хөгжлийн бодлогоо баталсан байх ёстой. 2010 онд батлагдсан хөтөлбөрүүдийн нэг нь энэ. Олон хөгжлийн хөтөлбөр батлагддаг. Харамсалтай нь цаасан дээр үлддэг. Тиймээс ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй болохоор энэ ажлын байр дээр гаднаас хямд ажиллах хүч орж ирж байгаа юм. Энэ хөтөлбөрүүдийг би хөдөлгөнө, явуулна. Үүнийг Засгийн газар, Ерөнхий сайдын ажил байна гэж магадгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ажилгүйдэл, ядуурал хоёр л тулгамдсан асуудал гэж ярьдаг юм бол яагаад үүнийг Ерөнхийлөгч өөр дээрээ татаж авч ирж ярьж болдоггүй юм. Ажилгүйдлээс ингэж гардаг гэдэг зүйлийг тавина. Үүн дээр эрх баригч буюу 2016 оны сонгуулиар парламентад 65 суудал авсан. Олонхийн Засгийн газар хөдлөхгүй байх магадлалтай. Би хаширсан хүн.
-Та 65-уулаа олонх болсон Засгийн газар гэлээ. Таныг сонгогдсоноос хойш хийсэн ажил, шийдвэрт гацаа гарсан уу?
-Намайг сонгосон 600 мянган хүн дээр нэмээд надад санал өгөөгүй хүмүүсийн саналыг авах гэсэн юм. Энэ хүн том бүтээн байгуулалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ татаж ирээд, Засгийн газрыг шахна. УИХ-ыг царай алдахгүй. Яагаад гэвэл 2012 оны зургадугаар сард энэ богино хугацааны хөтөлбөрийг УИХ баталсан. Тиймээс Засгийн газрыг л шахна. Тэгэхээр ард түмэн намайг дэмжих ёстой. Ерөнхийлөгч.мн гээд сайт бий. Хүмүүсийн сэтгэгдлийг тэнд байршуулна. Энэ бүтээн байгуулалтыг дэмжээрэй гэх юм. Ард түмний дэмжлэг дээр нэмэх нь Ерөнхийлөгч гэсэн ийм дэмжлэгийг хүсэх гээд байна л даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ энэ асуудлаа татаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга энэ зүйлийг дэмжлээ, үүнийг дэмжсэнгүй гээд явъя гэсэн бодолтой байна.
-Бүтээн байгуулалтын ажил зогссон гэдэг дээр төмөр замын асуудал яригддаг...
-Бид далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн том хөтөлбөр. Хамгийн том бүтээн байгуулалт. Харамсалтай нь олуулаа нийлж байгаад өнөө бүлэглэл зогсоосон. Үүнийг явуулах ёстой. Үүнийг явуулахын тулд өмнө нь гаргасан ТЭЗҮ-г гаргаж ирж ярина. Бид нэг зүйлээс хараат байснаар эдийн засаг өсөхгүй юм байна гэдгийг харлаа шүү дээ. Ганц нүүрс дээр тогтсон улс болж хувирлаа. Энэ байж болох уу. Тухайлбал, лангуун дээрээ ганцхан нүдний шил тавиад зарах юм бол борлогдохгүй. Маш олон нүдний шил, цаг тавьж байж зарах ёстой. Нэг зах зээл, нэг бүтээгдэхүүнээс хараат байж болохгүй гэдгийг олон жил ярьж байгаа юм. Тиймээс төмөр зам гадаад ертөнцтэй харилцах хамгийн том хувилбар. Орос металлургийн орон. Манай орны хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Өнөөдөр манай нүүрсийг авъя гэж байна. Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгээ яаж ийж байгаад төмөр замаа барих хэрэгтэй. Засгийн газарт уул уурхайгаар дагнасан гадны компаниудтай хамтарсан хүмүүс бүтээн байгуулалтад янз бүрийн нэр хаяг өгч байгаад зогсоодог. Монголчууд надад итгэл өглөө. Энэ итгэл дээр ярьсан бүх ажлыг хийгээсэй гэж бодож байгаа байлгүй.
-Өмнөд хөрш хоёр том нүүрсний ордоо зогсоочихлоо. Манайхаас нүүрс авах хандлагатай боллоо. Гэсэн ч бид авто машинаар зөөж байгаа болохоор хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байна. Төмөр замгүй байна гээд халаглаад байна шүү дээ...
-Машинаар зөөх, төмөр замаар зөөхдөө биш. Бид хоёр, гуравдахь зах зээл рүү борлуулж байж зах зээлийн ханшаар зарна. Гарман дээрээ 15 ам.доллараар олборлож байгаа. Цаашаа гаргая гэхээр дундуур нь замын шахаас ордог. Аль ялсан нам нь Таван толгой дээр өөрсдийн хүмүүсээ тавьж тэндээс цусалдаг. Үүнийг болиулахын тулд УИХ-ын дарга байсан З.Энхболд ЗГХЭГ-ын даргыг “Та нар наад Таван толгой дээрх цавчаануудаа боль” гэж хэлсэн шүү дээ. Үүнд шалгалт оруулах ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч болно. Өөрсдийн хүмүүсээ тэнд тавьж цусалдагаа болиод наад ашгаа ард түмэндээ өг. 1072 хувьцаагаа амилуул гэж З.Энхболд дарга яриад байгаа юм.
-Таны ойр дотны хүмүүсийг шалгасан, хорьсон гээд байгаа. Таныг Ерөнхийлөгч болсноос хойш энэ хэргүүд замхарлаа гээд байна...
-Намайг Ерөнхийлөгч болохоос өмнө энэ хэргүүд нь мухардчихсан байхгүй юу. Хүмүүсийг хорьж чарлууллаа. Ямар ч асуудал гарч ирэхгүй болохоор мухарддаг юм байгаа биз дээ, нэг. Хоёрдугаарт, шүүх, прокурорт зарчим ярьдаг хүн байна. Тиймээс миний ярьж байгаа зүйлсийг дэмжих хүн олон байдаг юм байна гээд урам авсан л даа.
-Баялгийн хараалыг олон ярьж байна. Баялгийн хараалд Монгол Улс өртсөн байна. Голланд өвчний шинж тэмдэг илэрч байсан бол одоо өвдчихсөн байна гээд байгаа. Үүнээс гарах гарц байна уу?
-Норвеги 1960-1970 онд байгалийн газыг олсны дараа яг ингэж байсан. Норвегийн хувилбарыг аваад ирэх хэрэгтэй. Энэ нь юу гэхээр баялгийг ард түмэн мэддэг. Төрийн өмч гэхээр социализм, коммунизм сэргэлээ гээд байгаа юм. Байгалийн баялгийг одоогоор намууд авчихаад байна. Сонгуульд ялсан нам өөрийн намын хүнийг тавьдаг. Ингэж болохгүй. Иддэг арга явж байна. Энэ нь 60 тэрбум босгох асуудал байхгүй юу. Сонгуульд би тэдийг өглөө, дараа нь Таван толгойн захирал болно шүү гэдэг наймаа явдаг. Ингэснээр Үндсэн хуулийн 6.1 зөрчигддөг. Байгалийн баялгийг эзэмшиж байдаг ТУЗ-д улс төр, намаас хараат бус хүмүүсийг тавиад Шилэн данс гэдэг шиг бүтцээр ажиллаж, бирж дээр гаргаж болно. Баялгуудыг бирж дээр гаргая гэхээр хулгай нь байгаа болохоор гарч болохгүй байгаа юм. Тиймээс бид Норвегийн жишээг хуулах ёстой. Бид баялгаа мэдэх ёстой. Бид гэдэг маань Монгол Улс. Бидэнд маш том эмгэнэл байна. Тэр нь юу гэхээр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт хүч түрэн ордог болж. Уул уурхайн бизнестэй хүн УИХ-ын гишүүн болж болно. Би гэхэд архи үйлдвэрлэдэг хүн УИХ-д нэр дэвшиж болохгүй гээд хууль санаачилж байсан хүн. Лобби үүсэх магадлалтай байхгүй юу. Архины татварыг багасгана гээд явчихвал яах юм. Түүнээс дургүйдээ биш юм. Өнөөдөр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт 10-уулаа ороод ирэх магадлал өндөр шүү. Таны хэлж байгаа баялгийн хараал чинь ингээд тэр чигтээ хүндрэх тал руугаа орно. Бүгдээрээ нийлээд уул уурхайгаар лобби явуулна. Зөвхөн өөрийн бизнесээ ярина. Өнөөдөр Засгийн газарт байгаа Уул уурхайн сайдууд өөрийн хүсэлтээр татгалзах хэрэгтэй. Учир нь уул уурхай гэдэг бол баялгийн хараалд өртөх хамгийн эмзэг сэдэв. Уул уурхайн сайд том мөнгө ярина. Том мөнгөөр том хахууль орж ирнэ. Зүгээр тавилганы бизнес хийж байгаа хүнд ямар хахууль байдаг юм. Санал нэг байна уу.
-Мэдэхгүй л дээ. Би авлигын асуудлыг л хөндөөд байна...
-Уул уурхай гэдэг чинь том. Авлига гэдэг чинь уул уурхайгаар дамжин орж ирнэ. Уул уурхайн бизнестэй хүн сонгуульд урьдчилан санал өгөөд би тэр яамыг авна шүү гэж байна. Би 60 тэрбумтай холбож яриад байна л даа. Яахав 60 тэрбум зөвхөн хотынх. Орон даяар ямар юм болж байгаа бол. Саяын сонгуулийг харлаа. Асар хүч тэнцвэргүй тулаан болсон. Хүч тэнцвэргүй тулаан болсныг хүлээн зөвшөөрч байна уу.
-Хар сонгууль болох шиг болсон...
-Эрх мэдэл нөгөө талд байсан. Асар их мөнгө цацсан. Энэ уул уурхайн мөнгө л гэж бодож байгаа. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн уул уурхайн бизнесээ л эрхэл. За яахав УИХ-ын гишүүн бол. Харин Засгийн газраасаа татгалз. Би Хөдөө аж ахуйн сайд байхдаа давхар дээл гээд сайдаа өгөөд гарч байсан. Болдог л байхгүй юу. Тиймээс уул уурхайгаар дамжин баялгийн хараал Засгийн газарт нүүрлэсэн.
-Авлигыг бүх шатандаа өгч байна. Үүнээс бид яаж ангижрах юм?
-Дээрээ ийм байхад доороо ийм байхгүй яадаг юм. Төр ийм байхад доороо ийм л байна гэж бодно шүү дээ. Тэгэхээр дээрэээсээ цэвэрлэгээ явах ёстой. Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим яригдахгүй. Дээрээсээ цэвэрлэнэ гэдэг маань энэ бүх асуудлыг нийгэмд ил болгох асуудал.
-Улс төр бизнес хоёрыг салгах ёстой гэдэг?
-Өнөөдөр намууд өөрсдөө авлигатай тэмцэх гэж байгаа бол санхүүжилтээ ил болгох ёстой. Намууд сонгуульд орохын тулд мөнгө тараадаг. Мөнгө гаргахдаа бизнесмэнүүдэд ханддаг. Энэ холбоосыг таслах нь чухал. Намууд улстөрчдөө бэлдэх ёстой. Намууд боловсон хүчнээ бэлдэхгүй болохоор бизнесүүд орж ирэх цоорхой нь байсаар байна. Нэн тэргүүнд дээр хэлсэн ажилгүйдэл, ядуурлыг багасгахгүйгээр бизнесмэнүүд улс төрд орж ирэх зүйлсийг зогсоож чадахгүй. Учир нь сонгууль өөрөө мөнгө болчихлоо. Ажилгүй ядуу иргэд сонгуулиар хэдэн төгрөгтэй болчихъё гэж бодолгүй л яахав. Тэгэхээр хүн нь өөрөө хангалттай цалинтай болчихвол энэ аятайхан улстөрч шүү гээд сонгодог болсон цагт бизнесмэнүүд орж ирэх нь багасна. Цалинтай, орлоготой болчихвол 20 мянган төгрөгөөр сонголтоо хийхээ болино.
-Та өөрөө бизнес эрхэлж байсан. Таныг бинзесийн зовлон жаргалыг ойлгодог хүн учраас бизнес эрхлэгчид хүлээлттэй байх шиг байна...
-Маш их хүлээлттэй байна. Учир нь өмнөх дөрвөн Ерөнхийлөгч аж ахуйн тал дээр ажил эрхэлж байгаагүй тул аж ахуйг мэдэхгүй байх магадлалтай. Хүн муулж байгаа юм биш. Тэр замаар яваагүй хүн бол мэдэхгүй. Хямралын энэ хүнд үед аж ахуй мэддэг, цалин тавьж байсан, татварын байцаагч нарт байцаагдаж байсан зовлонг мэддэг, тэр талын сорвитой хүн Ерөнхийлөгч болсон. Тиймээс дундаж давхаргыг босгох даалгаврыг биелүүлнэ.
-Ямар ажлаас эхлэх вэ?
-Бүтээн байгуулалт. Бизнесийг тэлэх ёстой. Хэдхэн улс төрийн бүлэглэл тендерүүдийг аваад байж болохгүй. Тендерийг хэдхэн компани иддэг. Баян ядуугийн ялгаа асар их болсон ийм л орчныг хүлээж авлаа.
-Таныг багаа бүрдүүлж байгааг хүмүүс харж байна. АН-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, таны зөвлөх байсан А.Гансүх, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, яруу найрагч Ц.Хулан гээд таны зөвлөхүүд сонгогдлоо. Зөвлөхүүдээ ямар шаардлагаар сонгосон бэ?
-Хүмүүс зөвлөхүүд дээр ач холбогдол өгөөд яриад байгаа юм. Энэ хүмүүс цалин, төсөв байхгүй. Онцгой сэдвүүд дээр хүмүүсийг сонгодог нь аль ч оронд байдаг зүйл. БНСУ-ын шинэ ерөнхийлөгч өөрийн тусгай элчийг над руу явуулсан. З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан хүн өөрөө хуульч, эрх зүйч хүн. Ганзаганаас эхлээд бид олон жил хамт явсан. Бидний нөхөрлөл 27 жил болж байна. Би дандаа удирдлаганд ажилладаг байсан. Миний дутагдлыг мань эр мэднэ. З.Энхболдын дутагдлыг би мэднэ. Би хуулийн мэдлэггүй, парламентад гурван удаа сонгогдсон, аж ахуйн талын мэдлэгтэй хүн. Тиймээс Тамгын газрын дарга надад биш Монгол Улсын Ерөнхийлөгчид нэмэр болох туршлагатай хуульч хүн. Н.Алтанхуяг дарга намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд байсан. Асар их туршлагатай. Олон жил улс төрд хамт явсан, миний дутууг нөхөж чаддаг. Би хүнтэй эвтэй яриад байдаггүй. Н.Алтанхуяг дарга бол эвийг нь олчихдог. Н.Алтанхуяг улстөрчийнхөө хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөгөө өгөх гэж байгаа юм биш. Би намаасаа татгалзсан тул Н.Алтанхуяг дарга хэнтэй ч ярьсан учрыг нь олж чадах тийм л хүн.
А.Гансүх, Д.Дагвадоржийн хувьд Асашёорюү дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. УИХ, Засгийн газар, улстөрчдөд 2-3 жил яриад ойлгоогүй зүйлийг 20 минут яриад ойлгочихдог. Д.Дагвадорж хэлэлцээрийн ширээн дээр японы улстөрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярьдаг. Албаны яриагаар нэг асуудал ярьдаг. Д.Дагвадорж хүнтэй эвийг нь олоод ярьчихдаг. Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн. Сумогийнх нь их аварга ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой. Бөхөөрөө Монгол Улсын нэр хүндийг гаргалаа. Одоо харин танил талыг нь ашиглая гэсэн юм. А.Гансүхийн хувьд гурван улсын дэд бүтцийн хэлэлцээр дээр сайд байхдаа сууж байсан. Намайг сайд байхад дэд сайд байсан, хуульч, эрхзүйч хүн. Гадны хэлэлцээр дээр хуульч хүн суудаг. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр асуудал дэд бүтэц. Хямралын үед ч гэсэн дэд бүтцээ улс орнууд барьдаг. Төмөр замын ажил дээр махлагдсан А.Гансүх шиг хүнийг дахин гаргаж ирэхэд дахин 2-3 жил шаардагдана. Ц.Хулан соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь МАН-ын хүн. Олон жилийн өмнөөс бид бие биенээ мэднэ. Шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа.
Ц.Хулан бол өөрөө соёл, шашны асуудлаар хувиараа их ажилладаг. Бид олон жил бие биеэ мэднэ. Хэрвээ шашны асуудал дээр лам дээлтэй хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тавиад байгаа нь надад түшиц болно. Ц.Хулан бол бас их бадрангуй хүн. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа(инээв).
-Та сая давхар дээл гэж хэлж байсан. Энэ үг хэлц үг болоод хувирчих шиг боллоо. Таныг бол МоАХ, Жүдо бөхийн холбооны, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд гурван давхар дээлтэй гэдэг?
-Төрийн бус байгууллага бол улсын төсөв байхгүй. Жишээлбэл, би Жүдо бөхийн холбоог Риогийн олимпийн дараа өгөх гээд хэд хэдэн хүнээс гуйсан ч авах хүн олдоогүй. Энэ өөрөө их хүнд ажил л даа. Бөхчүүдээ мэднэ, хөрөнгө мөнгөний асуудал байна. Хамгийн чухал нь хүүхдүүдээ нэг нэгээр нь мэднэ гэдэг хэцүү. Тэнд хоёр гуравхан биш хоёр гурван зуун хүүхэд байгаа юм. МоАХ-г 2006 онд хүлээж авсан, одоо 11 жил болж байна. Бас л удаж байгаа. МоАХ-ны партизануудаас бол их хүлээлт байгаа байх. Тэд хамгийн хүнд хүчир ажилд явдаг, 1990 оны хувьсгалд анхлан оролцсон, албан тушаал гуйдаггүй, дуудахаар хүрээд ирдэг бас л миний анд нөхөд юм даа. Давхар дээл биш шүү. Төрийн бус байгууллага(инээв).
-Сая хоёулаа өнгөрсөн цаг дээр ярилаа. Одоо танд ирээдүй цаг дээр асуулт тавья гэж бодож байна. Таны гадаад айлчлалыг хүмүүс нэлээд ажиглаж харж байгаа байх. Хамгийн түрүүнд хаашаа айлчлах вэ?
-Одоо Тамгын газартайгаа ярилцаж байгаа. Бүх л улсууд урьдаг юм байна. Мэдээж гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Есдүгээр сарын эхээр Владивостокийн Дорнын форум гэж болдог юм байна. Азийн таван орны тэргүүн оролцдог. Энд оролцоно. Ерөнхийдөө Орос, Хятад, Япон, Солонгос, Монгол гэсэн таван орон оролцоно.
-Ер нь та гадаад харилцаандаа ямар бодлого баримтлах вэ?
-Мэдээж нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш, бодит ажил ярина. Нэн түрүүнд гаалийн татварын асуудлаар эхэлье гэж бодож байгаа. Дэлхий сонирхдог хоёр зах зээл дээр бид нар яагаад бүтээгдэхүүнээ гаргаж болдоггүй юм бэ. Ерөнхийдөө гадаад харилцаа дэлхий даяар эвгүй болчихлоо. Европын олон оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д тооцоолоогүй байсан хүн төрийн тэргүүнээр нь сонгогдлоо гэх мэтчилэн. Тэгэхээр лебирал үзэл ч хаана яваад байгаа юм. Дэлхий өөр
шинэ бодлого руу орж ирж байна. Дэлхийн энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн өмнөд Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм, гурав дахь хөрш гэдэг нь ямар утгатай юм гэхчилэн нарийн зүйлүүд их байдаг юм байна. Тангараг өргөөд 30 хонож байна гэдэг бол миний судалж, мэдэх ёстой зүйл их байна. Үнэндээ 30 хоногийн хугацаанд бүх аппаратаа ч харж амжаагүй байна.
-Ерөнхйлөгч гэдэг албан тушаал дээр та очлоо. Өмнө бол сайд, УИХ-ын гишүүн байсан. Ерөнхийлөгч болоход танд...
-Мэдээж төрийн хамгаалалттай гэдэг нь содон юм банйа. Дасахад их хэцүү юм байна. Ерөнхийлөгч болохоор асар их хариуцлага ирдэг юм байна. УИХ гишүүн хүн бол тойрогтоо очиход л гараад ирнэ. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг хоёр гуравхан хүн Монгол орон даяар сонгогдох гээд явдаг. Ингээд явж байхдаа уулзалтад ирж байгаа ард иргэдийн нүдний харц ямар их горьдлого өгсөн байна аа. Тэр л их хүнд ачаа болдог юм байна. Энэ их итгэлийг би яаж даах вэ гэдэг зүйл. Сайд бол УИХ, Засаг, нам дотроосоо сонгогдчихдог. Харин Ерөнхийлөгч бол тэгдэггүйгээрээ онцлогтой.
-Та түрүү олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд, амжилттай явуулсан гэж ярилаа. Одоо Монгол Улсыг бүхлээр нь хараад яг ямар төслийг эхлүүлэх вэ?
-Төмөр зам, Шинэ сум төслөө эхлүүлнэ. Хөдөө бол бид шинэ сумаа бариад туршилтаа хийчихсэн. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баяндэлэг суманд сая очоод ирсэн. Туршилт бол болсон. Өнөөдөр үүнийг бид төсөв мөнгөгүй байна гээд үргэлжлүүлж чадахгүй байгаа нь арчаагүйдээ ийм байдалтай байгаа юм. Хөгжлийн бодлогоо тодорхойлчихоод тэрийгээ хийхгүй байна. Энэ Засгийн газар тэрийгээ ойлгохгүй байна. Засгийн газар нь уул уурхайн бизнестэй сайдуудтай болчихсон. Тэдэнд бүх юм нь байна. Хувьтай, баян байна. Санаа зовох юмгүй. Тиймээс Засгийн газраасаа хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө сэргээн босголтоо хийе ээ гэж түрүүний ярьдаг маань тэр. Тиймээс зэрэг эхэлнэ. Армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Өнөөдөр Монгол Улсын арми энхтайван байгаа цагт арми яагаад бүтээн байгуулалтад оролцож болдоггүй юм бэ. Яагаад армиараа дамжуулаад эх оронч, эрүүл чийрэг иргэдээ бэлдэж болдоггүй юм бэ. Яагаад армиас халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж болдоггүй юм бэ. Яагаад хоёр мэргэжил эзэмшиж болдоггүй юм бэ. Дээр нь цэргийнхээ эрдмийг сурчихсан, гурван мэргэжилтэй тэвхийсэн олон эрэгтэй, эмэгтэй бэлтгэл хүчин байж болдоггүй юм бэ. Энэ мэтчилэн 30 хоногийн хугацаанд олон юм бэлдлээ л дээ.
-Та Монголбанкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзахдаа банкны хүүний тухай асуудлыг ярьсан. Одоо иргэд бүгд зээлтэй. Бизнес эрхлэгчид зээлтэй. Банкны хүү өндөр. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр банкны хүү буурч магадгүй гэж яригдаж байна л даа?
-ОУВС бол ажлаа л хийж байгаа байгууллага. Монгол Улсад мөнгөө өгчихсөн хүмүүсийн мөнгийг нь буцааж олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх байгууллага. Тэднийг буруутгах аргагүй. Бид тэдэнтэй тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Өөрсдийгөө хамгаалаад, тэдний тусламжийг яаж авах юм. Бүх хувцсаа ОУВС-аас авах юм уу. Эсвэл ганц гутлаа авах юм уу. Тэр тал дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Энд нам хамаагүй. Зөвхөн Монгол Улс байх ёстой. Харамсалтай нь бид тэрийгээ ярьж чаддаггүй, бэлтгэгдсэн хүн байдаггүй.
Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзсан. Баярсайханыг олон жилийн өмнөөс мэднэ л дээ. Тэрээр гайгүй боловсон хүчин байгаа юм. Түүнтэй банкны хүүний талаар ярьсан. Жишээлбэл, тэтгэврийн зээлийг ярьж байгаа юм. Тэтгэврийн зээл гэдэг бол баталгаатай мөнгө. Яагаад гэвэл хуульчлагдсан мөнгө. Гэтэл энэ мөнгийг банк яагаад зээл өгөхдөө 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүүтэй өгөөд байдаг юм бэ. Энэ бол эрсдэлгүй мөнгө. Өөрөөр хэлбэл, алтан бөгжөө ломбарданд барьцаалуулахад хүү багатай. Тэрэнтэй адил тэтгэврийн зээл, цалингийн зээл хоёр эрсдэлгүй зээл. Эрсдэлгүй зээлэн дээр банкууд өнөөдөр жилийн 24-өөс дээш хувийн хүүг хүүлээд байна. Үүнийг буулгах ёстой. Би үүн дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гаргачихсан байгаа. Тэр олон ядарсан хөгшчүүл тэтгэвэр авахдаа баярлав гэж. Асуудал байгаа болоод л зээл авч байгаа шүү дээ. Тиймээс тэтгэврийн зээл, цалингийн зээлийн хүүг хуулиар тогтоож өгөх ёстой. Зарим орнууд 16 хувиас дээш хүү бодож зээл олгосон банкинд хариуцлага тооцдог. Жилийн 24 хувиас дээш хүү оногдуулсан бол гэмт хэрэгт тооцдог зэрэг банкуудын мөнгө хүүлэх механизмыг нь хуульчилж өгөөд байна. Тэгэхээр нэн тэргүүнд бид энэ зэрэг асуудлуудыг ярина. Өнөөдөр Монголбанк алтны нөөцөө мэдэхгүй байна. “Монголбанкинд алт олборлогч хэдэн компани нөөцийг чинь зузааруулж байна вэ” гэж асуутал мэдэхгүй байсан. Яагаад гэвэл бид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орон. Монголбанкин дээр байгаа алтны нөөцөөрөө валютынхаа нөөцийг тодорхойлж байгаа. Тэгэхээр компаниуд татвараа нуухын тулд хувь хүнээр алтаа тушуулгадаг. Дахиад л гэмт хэрэг.
-Тэгээд бас нууцаар гадагшаа гаргаад байгаа?
-Ингэхээр алт хулгайгаар хил гарч байгаа. Бүр сүлжээ үүсчихсэн. Энэ нь манай улсын алтны нөөцөд хортой. Өнөөдөр алт гэдэг бол Оюутолгой, Эрдэнэт шиг асар их технологи, хөрөнгө оруулалт зараад байх юмгүй. Миний бодлоор Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал. Яагаад Монгол Улс газрын доорх баялгаа Үндсэн хуульд заасны дагуу өөрсдөө мэдэж болдоггүй юм бэ. Яагаад Монгол Улс алтаа олборлоод Монголбанкиндаа тушааж болдоггүй юм бэ. Би “Центра гоулд” гээд компанийн тухай ярьсан. Эд нар толгой эргүүлсэн олон охин компаниуд байгуулаад, өөрсдөө татварын байцаагчтай. Үүнийг нь шүүмжилж, энэ компанийг шалгаарай гэж ярьсан юм. Яагаад гэвэл тэд бүгд өөрсдийн лоббитой. Сэлэнгэ аймаг бол тэр чигээрээ алттай юм билээ. Алтаа өөрсдөө олборлодог улс байя. Ийм орнууд дэлхий дээр их. Алтан дээр хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа юм бол хайлуулдаг зуух лизингээр ороод ирнэ. Ийм жишээний бодит ажлуудыг хийх санаачилгуудыг гаргана. Ард түмэн намайг дэмжээрэй.
-Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлтийг эрүүлжих асуудлыг яриад байгаа юм л даа. Жишээлбэл, таныг Хятад хүнсний ногоог хориход төмсний үнэ өсчихлөө гэж байна. Ер нь юмны үнэ сургаар өсдөг, замбараагүй байдаг, энэ урсгалыг яах ёстой вэ?
-Би Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан болохоор энэ ажлыг эхлүүлсэн. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг хүлэмжид их зарцуулсан. Өнөөдөр өргөст хэмх, гүзээлзгэнэ тарьдаг болсон. Төмсөө бол өөрсдөө тарьдаг болно. Ер нь бол болохгүй юм байхгүй. Манай хөрс бол эко. Тиймээс энэ хөрснөөс авсан бүтээгдэхүүнийг экспортолж болно. Израйл гэхэд гурав, дөрвөн зуун сая палистинууд дунд амьдардаг бидэнтэй адил цөөхөн улс. Хүнсний аюулгүй байдал буюу батлан хамгаалах салбар дээрээ асар их анхаарал тавьдаг. Хүнсний ногоог элсэн дээр дуслын системээр тарьдаг. Яагаад гэвэл тэд хүнсээ өөрсдөө л хэрэглэнэ. Тиймээс манай үндэсний аюулгүй байдалд нэн түрүүнд яригдах юм бол хүнс. Төмсийг бид гаднаас авахаа больё. Төмс бол гарын дор ургадаг. Энийг гаднаас аваад байхаар дахиад нөгөө л ажлын байр, нэмүү өртөг, залхуурлын л асуудал. Дор хаяж төмсөө өөрсдөө 100 хувь хангадаг болоод, яагаад Монгол хөрсөн дээр ургасан нарийн ногоог экспортолж болохгүй гэж. Яагаад бид өнөөдөр Швейцарь, Францад үйлдвэрлэсэн сыр идээд байдаг юм. Солонгосоос далайн байцааг тээвэрлэж оруулж ирээд зараад байна. Япон ресторанд Австрали үхрийн мах идэж болж байна. Энэ бүгд валютын урсгал шүү дээ. Валютын урсгалыг хаахын тулд дотооддоо ядаж хүнсээ хэрэглэдэг байя гэсэн санаа хэлсэн юм. Харамсалтай нь мушгиад байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулна гэж байгаад хойшлогдсон. Одоо энэ асуудал ид өрнөж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр таны санаа бодол ямар байгаа вэ. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах тухай асуудал ярьж байна. УИХ, Засгийн газрын ажлын хуваарь зэрэг олон зүйлийг ярьж байгаа?
-Шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Цагийн уртад өөрчлөгдөж болно. Гэхдээ хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар өөрчлөх гэж байгаа бол санал нийлэхгүй ээ.
-Яагаад?
-Эрх баригч нар Их хуралд олуулаа. Хоёрдугаарт энэ сонгууль өөрөө но-той сонгууль. Төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбумыг босгосон нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Харин үнэхээр ард түмний төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөр асуудал. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Тиймээс эрх мэдлийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрчлөлт оруулж болно. Өөрчилж болохгүй юм байхгүй.
-Манай улс парламентын засаглалтай. Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглал тохирно гэдэг. Хоёр парламенттай байх хэрэгтэй, Их хурлын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн саналууд гаргаж байна л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүн амын төлөөлөл маань УИХ-ын гишүүн. Тэгэхээр гурван сая гаруй хүнтэй болсон бол нэмж болно. Гэхдээ хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүд маань ард түмнээ төлөөлж гарч ирж байгаа. Одоогийн 76 маань төлөөлж чадахгүй тоо байж магадгүй. Санал асуулга явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглал гэж “Замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл нүүрлэж байхад хүчтэй хүн гарч ирээд базаасай. Хоёр хөрш тийм байна” гэсэн жишээн дээр байгаад байгаа юм болов уу. Аюулгүй байдал дээр бол нэг хүний хараат байна гэдэг дарангуйллын хэлбэр рүү орно. Дарангуйллаар улс орноо хөгжүүлэх нэг асуудал. Дарангуйлалаар өрсөлдөгчөө дарах нэг асуудал. Гуравдугаарт, нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүд нь хэлэлцдэг байгаа тохиолдолд 76 юм уу 99 болсон тохиолдолд бүгдийг нь худалдаж авахад хэцүү. Сая таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Таван толгой орд бол 1970-аад оны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Саяын Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг байсан нэгдмэл санаатай улсууд. Энэ орд өөрөө монголчуудын буюу Үндсэн хуульд заасны дагуу бүх ард түмэнд ашиг нь очиж байх ёстой. Иймээс бид өр зээлээс хол. Тохироод ногдол ашгаараа төлнө гэдэг ч юмуу. Ер нь намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийдэг. Тэгэхээр гурван сая иргэд рүү нь оруулъя. Үүний тулд ард түмэн намайг сонгосон гэж би ойлгодог.
-Засаг захиргаа нэгжийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна. Улсад тушаа болж байна гэж ярьдаг зүйлүүд бий л дээ?
-АИХ-тай болно гэдэг бол Засаг захиргааны өөрсдийн эрх мэдэлтэй нэгжтэй болно гэсэн хэлбэр нь байх шиг байгаа юм. 76 гишүүн бол УИХ дээрээ байж байдаг. АИХ-ын төлөөлөгчид бол сумуудаас сонгогдоод ирж байдаг. Жилдээ шаардлагатай үед дуудагдаж ирээд хурал хийчихдэг. Үүний гол санааг хотын дарга байсан Э.Бат-Үүл их ярьдаг юм. Бас л судлах хэрэгтэй. Ард түмнээс асуух л хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумих тал дээрх асуудалд та ямар байр суурьтай байна?
-Саяын бүтээн байгуулалтууд лав явахгүй. -Тогтолцоо гээд ярихаар УИХ нь Засгийн газар руугаа ороод ажлыг нь хийгээд байгаа юм шиг. Засгийн газар нь бас хоорондоо холилдчихсон байдаг. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Эрх ашгуудын зөрчил яваад байгаа юм. Тэрний хүн, энэний хүн тавигдчихлаа гэнгүүт уул уурхайтай хүмүүс морддог. Авлига гээд байгаа нь тэдэнд л бэлэн мөнгө байгаад байна. Өнөөдөр архи үйлдвэрлэгчдэд, уул уурхайд бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар авлига явж байна. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар татгалзаач ээ гэж уриалга өгч байгаа юм.
-Та Сингапурын жишээг авч ярьдаг. Тус улс байгалийн баялаггүй хэрнээ асар хурдацтай хөгжсөн. Бид эдийн засаг, эрх мэдлийн хувьд үндэсний аюулгүй байдал алдагдаж гээд яриад байгаа. Хөгжсөн орны маш олон жишээ байхад яагаад ингэж яриад байдаг юм бэ?
-Өглөө болгон миний уншиж, дотор харанхуйлдаг мэдээ нөгөө хоёрт очиж л байгаа. Тэгээд яагаад энэ мэдээнүүдийнхээ араас арга хэмжээнүүд авдаггүй юм бол доо. Өнөөдөр намайг Хятадын эсрэг үзэлтэн хүн гээд яриад сурталчилаад байдаг. Энэ бол Гадаад харилцааны сайдын хийж байгаа ажил. Би хятадуудын эсрэг юу ч яриагүй. Зүгээр л нэг улсаас хараат эдийн засаг байна. Бидний эдийн засаг 90 хувь нь урд хөршийнх болчихсон байгааг ярих ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ч ярих ёстой. Ерөнхий сайд ажлаа авангуутаа л дуугарах ёстой. Тэгэхээр бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой. Нэг талын эдийн засаг байгаа тохиолдолд бид хөгжихгүй. Энэ бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдлаас хэзээ ч гарахгүй. Жишээлбэл, Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Бид хараат болчихсон байна. Үүнийг мэдээж урд хөрштэйгээ ярина. “Бидний дотоод асуудал руу битгий орооч ээ. Бид танай дотоод асуудал руу ордоггүй шүү дээ. Бизнес хийхдээ харилцан ашигтай байна. Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авж бай” гэж ийм л асуудлыг ярина.
-Сүүлийн хормуудыг танд үлдээе?
-Хийх гэж байгаа ажлуудаа би бүгдийг бүтнээр хараад, зөвлөхүүдээ бүгдийг аваадахъя. Тэгээд бүгдийг нь зарлана аа. Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз маш том түшиг болоосой гэж хүсч байна. Намайг сонгосон 600 гаруй мянган хүний дэмжлэгийг би авсан. Дахиж авмаар байна. Нөгөө талдаа санал өгөөгүй хүмүүсийн дэмжлэгийг авмаар байна. Тиймээс саяын яриад байгаа бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Хийх ажлуудаа танилцуулна. Коментуудаа өгөөрэй, дэмжээрэй. Ингэж байж Монгол Улсыг балчиг шавраас авна. Ингэж байж Монгол Улсын уруудлыг зогсооно.
-Та бол Монгол Улсын бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүн. Танд маш олон хүн итгэл өгсөн. Цаашид бүр ч их зүйлийг хийнэ гэж итгэж байгаа байх.
-Эв нэгдэл гэдэг нэрээр янз бүрийн асуудал чирч яваад байдаг. Тиймээс Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй эвлэрэхгүй. Тэдэнтэй бол үнэнээ хэлж байгаад тэмцэнэ. Гурван сая иргэдтэйгээ бол эв нэгдлийн тал дээр санал солилцож явна.
ТЭМДЭГЛЭСЭН Э.ЭНХБОЛД, М.МӨНХЦЭЦЭГ