Д.Оюунхорол: “Ядуу, нэн ядуу өрхөд зориулсан нийгмийн халамжийн бодлого хэрэгтэй”
2012.01.05

Д.Оюунхорол: “Ядуу, нэн ядуу өрхөд зориулсан нийгмийн халамжийн бодлого хэрэгтэй”

Одонтой эхэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийн талаар болон бусад зарим асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Хуулийн төслийг зарим гишүүн дэмжихгүй гэсэн. Таны хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд янз бүрийн хууль санаачилдаг. Одонтой эхэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хууль цаг хугацааны хувьд л сонгуулийн жилийн эхэнд яригдаж байна. Хууль хэрэгжих цаг хугацааг төсөвтэй уялдуулж, ярилцаж хэлэлцээд шийдвэрлэж болно. Ер нь өргөн агуулгаар нь харвал 2010 оны судалгаагаар

Монголын хүн амын 35 хувь нь ядуу гэж гарсан байдаг.

Өнөөдөр энэ тоо өссөн гэж ярьж байгаа. Тиймээс ядуу өрхүүдэд үзүүлэх бодитой дэмжлэг бол энэ. Зарим нь зам, цэцэрлэг, сургууль бариад бүх зүйлийг шийдэх юм шиг ярьдаг. Гэтэл өрхийн орлогыг бодитой нэмэгдүүлж, өрхийн зардлыг багасгахад төр дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Энэ үүднээс л хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Ардын Намын үндсэн зорилго бол нийгмийн дундаж, дунджаас доод давхаргын хүмүүсийн амьжиргаа, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гол бодлогоо чиглүүлдгийг олон нийт мэдэж байгаа.

-Ер нь халамж хавтгайрсан учраас дахин халамж, мөнгөний шинжтэй асуудал хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай хүмүүс ч байна?

-Судалгаанаас харвал нийгмийн 20 орчим хувь нь боломжийн амьдралтай хүмүүс байна. Эдгээр айл өрхөд  халамжийн мөнгө олгох шаардлагагүй. Халамжийг яг эзэнд нь хүргэх хэрэгтэй. Ингэхийн тулд өрхийн орлого нь дунджаас доош, амьжиргааны баталгаажих төвшинд хүрэхгүй,ядуу, нэн ядуу өрхөд чиглэсэн  нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Төрөөс батлах хуулиараа дамжуулж энэ бодлогоо гаргах учиртай. Ер нь  бол хавтгайруулсан халамжийн бодлого нь төсвийн мөнгийг урсгаж байна.

-Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.Энэ хуульд ямар чухал асуудлуудыг тусгав?

-Энэ хуулийн гол агуулга нь гэр бүл салсан тохиолдолд хүүхдийн өмчлөх эрхийг хангаж, гэр бүлийн хариуцлагатай, тогтвортой байдлыг бий болгоход чиглэж байгаа юм. Амьдрал дээр харж байхад ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гэр бүлээ орхиж, хариуцлагаас зугтдаг.

Энэ тохиолдолд эмэгтэйчүүд л үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлээд үлддэг.

Нийт 83 мянган эх өрх толгойлон амьдарч байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өсөж байгаа нь гэр бүлийн задрал бодитой нүүрлэж байгааг харуулж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагын тогтолцоог чангатгаж, өмчлөх эрхийг нь өрхийн гишүүн бүрт ногдуулж өгөх хэрэгтэй байгаа юм.

-Гэр бүл, хүүхэд,залуусын агентлагбайгуулах талаарярилаа.Заавалагентлаг байхшаардлагатай юм уу?

-Хүүхэд залуучуудын газар бол зөвхөн хүүхдийн асуудлыг хариуцдаг. Харин гэр бүл, залуусын асуудлыг хариуцдаг төрийн захиргааны нэгж байгууллага байхгүй. Эдгээрийг нэгтгэн зангидсан нэг агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Олон оронд ийм нэртэй яам байдаг. Манай улсад яам байдаггүй юмаа гэхэд гэр бүлийн асуудлыг зохицуулдаг агентлаг байх шаардлагатай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.