Д.Оюунхорол: Төсвийн шинжтэй боловч төсвөөс гадуур зарцуулагдаж байсан санхүүг бид зангидаж чадсан
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол байр сууриа илэрхийлэв.
Д.ОЮУНХОРОЛ: СҮҮЛИЙН 3 ЖИЛД АНХ УДАА ГҮЙЦЭТГЭЛ НЬ ТӨСВӨӨСӨӨ ДАВЖ БИЕЛСЭН
Жил гаруйн хугацаанд Засгийн газрыг сайн ажилласан гэж дүгнэж байна. Сонгуульд ороод өрсөлдөж явахад Монгол Улсын эдийн засаг -1,3 хувийн эдийн засгийн өсөлттэй, гадаадын хөрөнгө оруулалт 70-80 хувиар буурсан, долларын ханш өссөн, хүнд эдийн засгийг хүлээж авсан. Монгол Улс эдийн засгийн хувьд дампуурсан улс орон гэж зарлуулах хэмжээнд хүрсэн байсан. Энэ эдийн засгийг 65 суудалтай нам яаж залруулах талаар ярьж байсан өдөр саяхан.
Бид төсвийн шинжтэй боловч төсвөөс гадуур зарцуулагдаж ирснийг зангидаж, санхүүгийн сахилга батыг чангатгаж, эмх замбараанд нь оруулж, эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээнд авч ирсэн. Монгол Улс сүүлийн 3 жилд анх удаа гүйцэтгэл нь төсвөөсөө тодорхой хэмжээнд давж биелсэн.
Бидэнд алдаж, оносон зүйл байгаа боловч 1,2 жилийн хугацаанд хийсэн ажлыг үр дүнг дарж болохгүй.
Бүх юмыг хараар будаж, муу амлаж болохгүй. Бид хувийн хэвшлээ дэмжиж, импортыг орлох нэр бүхий 4 салбарын аж, ахуйн нэгжүүдийг 1 хувийн албан татвартай болгосон. Төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах чиглэлээр олон нийтэд таалагдахгүй хүнд шийдвэрийг гаргасан. 14 сарын хугацаанд УИХ, Засгийн газар хамтарч олон олон шийдвэр гаргаж, хууль баталсан. Энэ хийсэн ололт, амжилт бүхэн бид 65-ынх байсан. Бидэнд эв нэгдэлтэй байж, хамтарч ажиллах шаардлага байсан.
Бид өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хойш нь тавиад, улсынхаа ирээдүй болсон улстөрчдийн үл ойлголцлыг зогсоогоод, хамтарч ажиллах ёстой.