УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын “хамтдаа хөгжицгөөе” хүүхдийн үндэсний ii чуулган дээр хэлэх үг
2008.12.02

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын “хамтдаа хөгжицгөөе” хүүхдийн үндэсний ii чуулган дээр хэлэх үг

Хүүхэд багачууд, эцэг эх, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхний энэ өдрийн амoyunhorol_dар амгаланг айлтгахын ялдамд бид бүхнийг хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэх боломж олгосон чуулганыг санаачлагч, зохион байгуулагчид, чин сэтгэлээсээ хүүхдийн асуудалд ханддаг хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд юуны өмнө талархал илэрхийлье.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг төрөөс онцгойлон хамгаалах талаарх төрийн бодлого нь дэлхийн бүх улс үндэстэнд байдаг нийтлэг жишиг төдийгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдэнд чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг байнга боловсронгуй болгох шаардлага байсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн талаар Монгол улсын төрөөс баримтлах бодлого нь НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 48 дугаар чуулганаар батлагдсан Тахир дутуу хүмүүст тэгш боломж олгох тухай үндсэн зарчмууд, 1993 онд батлагдсан Тахир дутуу хүмүүст тэгш эрх олгох тухай НҮБ-ын тогтоол, 1983 онд батлагдсан Тахир дутуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт болон мэргэжлийн нөхөн сэргээлтийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 159 дүгээр Конвенц, Ази, Номхон далайн бүсийн тахир дутуу иргэдийн бүрэн оролцоог хангасан, саад тотгоргүй, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх талаарх Үйл ажиллагааны “Бивакогийн мянганы хөтөлбөр” зэрэг олон улсын баримт бичгийн гол зарчмууд, үзэл санааны хүрээнд хэрэгжиж байна.

Манай улсын 1990 онд нэгдэн орсон НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулга, зарчимд нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй, оюун санааны хомсдолтой хүүхдүүдийн аж төрөх, нийгмийн амьдралд оролцох, онцгой халамж эдлэх болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад бололцооныхоо хэрээр тусламж үзүүлэх асуудлыг өөрийн орны хууль тогтоомж, бодлого хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Тухайлбал, 1996 онд Улсын Их хурлаас энэхүү Конвенцийн агуулгад нийцсэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг батлан, 2000-2005 онд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, тэдгээрийн оролцоог нийгмийн амьдралын бүхий л орчинд хангах бодлогыг Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд тусган хэрэгжүүлэхийн хамт төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх асуудлыг Нийгмийн халамжийн тухай багц хууль болон бусад холбогдох хуулинд тусган зохицуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн эрхийг хангах, нийгмийн сөрөг нөлөөллийг арилгах зорилгын үүднээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар батлан гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийг Засгийн газар, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн нэгдсэн чуулганд оруулан соёрхон батлуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх олон улсын санал санаачилгыг дэмжих, үндэсний бодлого хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа боловч цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх тэгш боломжийг бий болгохын тулд тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төр, эдийн засгийн болон дэд бүтэц, нийгмийн орчинг сайжруулах, шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага, хэрэгцээ байсаар байна. Ялангуяа батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх сурталчилгааны ажлын үр нөлөө, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд салбарын яамд, Засгийн газрын агентлагууд онцгой анхаарах нь зүйтэй байна.

Хүүхдийн асуудал бол салбарын яамд, төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ-ын хамтын ажиллагаа, түншлэл, харилцан ойлголцолоос ихээхэн шалтгаалдаг.

Монголыг шинэ эрин зуунд авч явах хүүхдүүдийнхээ төлөө, тэднийг эрх тэгш, ялгаварлан үзэх үзэлгүй ирээдүйн сайн сайхан нийгэмд амьдруулахын тулд бид бүхэн хүүхдэд ээлтэй хууль, эрх зүйн шинэтгэлийг үе шаттай хийх нь УИХ, Засгийн газраас батлан гаргасан үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжих гол нөхцөл болно.
Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан УИХ-д хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих Лобби бүлгийг өмнөх Парламентад ажиллуулсан нь тодорхой үр дүнгээ өгсөн бөгөөд шинээр байгуулагдсан Парламентад ажиллах тус бүлгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах болно.

Хүндэт зочид төлөөлөгчид, хүүхдүүд та бүхний хамтын ажиллагаа болон Чуулганы ажилд амжилт хүсье.
Баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.