Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явц, цаашид бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудлууд
2008.10.17

Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн явц, цаашид бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудлууд

Ядуурлыг бууруулах болон хөгжлийн асуудлаархи олон улсын чуулган
Бээжин хот, 2008 оны 10 дугаар сарын 17

beejin_huraldУлсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооны дарга Д.Оюунхоролын хэлэх үг

Эрхэм хүндэт Шадар сайдаа,
Эрхэм хүндэт сайдаа,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрхэмсэг ноёд, төлөөлөгчид өө,
Хүндэт Хатагтай, ноёдоо та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Ядуурлыг бууруулах болон хөгжлийн асуудлаарх олон улсын энэхүү чуулганд оролцож ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцыг бүс нутгийн хэмжээнд түргэсгэхэд хувь нэмэр оруулахаар Монгол улсын Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцын талаарх арга туршлагаас хуваалцаж байгаадаа таатай байна. Энэхүү чуулганд оролцож өөрийн бодол санааг эрхэм хүндэт та бүхэнтэй хуваалцах завшаан олгосон чуулганыг зохион байгуулагчидад талархал илэрхийлэхийг хүсч байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2000 оны намрын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож “Мянганы тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг дэмжин батлалцаж, улмаар уг баримт бичигт үндэслэн гарсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг талархан хүлээж авч байсан цаг үе саяхан мэт санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс өөрийн орны онцлогт нийцүүлэн “хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” гэсэн 9 дэх зорилгыг шинээр нэмж, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг улам баяжуулж, нийт 9 зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтуудыг Улсын Их Хурал 2005 оноос батлан хэрэгжүүлж байна. Энэ 2008 оны эхээр Улсын Их Хурал, Мянганы Хөгжлийн Зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого баталж, Мянганы Хөгжлийн Зорилтуудыг эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд уялдуулан хэрэгжүүлэх чиглэлүүдээ тодорхойлоод байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улсын Их Хуралд Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилт, үйл явцад үнэлэлт өгөх, хяналт тавих, шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөл ажиллаж байна. Уг зөвлөлд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөл ордог бөгөөд Засгийн газраас Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнг хянах Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийж үнэлгээ өгөх, гарц чиглэлийг тодорхойлох, Мянганы Хөгжлийн Зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах санал боловсруулж батлуулах зэрэг ажлууд хийдэг болно.


Монгол Улс Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийн тайлангаа Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан чиглэлийн дагуу 2-3 жилд нэг удаа гаргаж Улсын Их Хурлаараа хэлэлцэн үнэлгээ өгч байна. Манай улс 2007 онд 2 дахь тайлангаа гаргаж Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлсэн. Монгол Улс 2007 оны байдлаар Мянганы Хөгжлийн Зорилтуудынхаа 60 орчим хувийг биелүүлээд байна. Ийм амжилт байгаа хэдий ч цаашид эрчимжүүлэх нилээд асуудлууд байна. Ялангуяа хэрэгжилт нь “удаашралтай” цөөнгүй асуудал байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд, түнш орнуудын дэмжлэг их чухал болоод байгааг тэмдэглэж байна. Тухайлбал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа байгаль орчны асуудлыг нэн тэргүүнд дурдмаар байна.
Ой устгах, цөлжилт, байгал орчны доройтолын асуудал нь Монгол улсын хилээр хязгаарлагдах асуудал биш юм. Эх газрын төвд эрс тэс уур амьсгалтай бүс нутагт оршдог Монгол Улс нь байгаль цаг уурын хувьд бусад улс орнуудыг бодвол нэлээд онцлогтой, энэхүү онцлогоос улбаатай олон бэрхшээл, эрсдэл тулгарч болох төлөв байдал ажиглагдаж байна. Өнөөгийн дэлхийн дулаарал, хуурайшилт манай орны газар нутгийн цөлжилтийг ихээхэн нэмэгдүүлж, нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьжиргааныхаа зонхилох эх үүсвэрийг олдог монголын хүн ам, иргэдийн амьдралд олон бэрхшээл, эрсдэл учруулж байна. Ялангуяа нутаг дэвсгэрийн ургамлын бүрхэвчийн эзлэх талбай эрс багасч, цөлжилт ихээхэн тэлж байна. Судлаачдын хийсэн судалгааны дүнгээр монгол орны газар нутгийн бараг тал хувь нь цөлжсөн тооцоо гарч байна. Байгаль цаг уурын ийм эрс өөрчлөлт, цөлжилттэй бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй тэмцэхэд олон улсын болон олон талт хамтын ажиллагаа нэн чухал байна. Ийм төрлийн хамтын ажиллагаа нь бйгал цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан ядуурлыг бууруулах замаар бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд ядуурал, өлсгөлөнг гэтлэх үйлсэд чухал амжилт олоход хөтлөнө гэдэгт би итгэж байна. Хэрэв энэ бүс нутагт байгаль, цаг уурын эрсдэл хуурайшилтаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй өргөн хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж чадвал байгаль орчны сөрөг өөрчлөлтөөс шалтгаалсан ядуурал, өлсгөлөнг багасгах чиглэлээр бүс нутаг төдийгүй дэлхий нийтээрээ амжилт олж болно гэж үзэж байна. Бид байгал цаг уурын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшигаас үүдсэн байгал орчны талаарх асуудлыг багагүй ярьдаг боловч эдгээр нь нийгэм, эдийн засгийн амьдрал, ялангуяа хүн амын амьдрал ахуй, ядуурлын нэг үндэс болж байгааг анзаарахгүй байгааг тэмдэглэмээр байна. Нөгөө талаар байгаль, цаг уурын өөрчлөлт нь дэлхийн болон бүс нутгийн асуудал бөгөөд бүх улс үндэстний эдийн засаг, нийгмийн асуудалд шууд нөлөөтэй билээ. Иймд бид байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хамтран ажиллах шаардлага, цаг тулгараад байна.
2015 он гэхэд ядуурлыг хэрхэн 2 дахин бууруулах асуудал дэлхий нийт, тэр дундаа монголчууд бидний сэтгэлийг зовоож байна. Монгол улсын төр засгаас тодорхой бодлого боловсруулж нэлээд олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч явц удаашралтай байна. Хэдийгээр дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт сүүлийн таван жилд тогтворжиж дунджаар найман хувь байсан ч түүний үр дүн тодорхой бус байна. Манай эдийн засаг олборлох аж үйлдвэрт түлхүү тулгуурлаж байна. Монгол улсын хувьд эдийн засгийн өндөр өсөлтийн үр шимийг аль болох тэгш хуваарилах, түүнийг хэрэгжүүлэх зөв механизмыг сонгох нь чухал болж байна. Нийгмийн эмзэг хэсэг хөрөнгөтэй болж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж, ингэснээр ядуучуудын ажиллаж буй салбар, амьдарч буй газарт нь ажлын байр нэмэгдсэн тохиолдолд эдийн засгийн өсөлт ядуучуудад чиглэгдэх учиртай юм. Иймд Мянганы Хөгжлийн Зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх асуудалд бид анхаарлаа хандуулж ирлээ. Одоогоор манай аймгууд өөрийн орон нутагт тулгарч буй асуудлаа тодорхойлж, 2015 онд хүрэх Мянганы Хөгжлийн Зорилтын түвшнээ тооцож, түүндээ хүрэх арга замаа шийдвэрлэж байна. Энэ ажлын хүрээнд Мянганы Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд шаардлагатай хөрөнгийн тооцоогоо гаргаж дотоод, гадаад санхүүгийн эх үүсвэртэй уялдуулж байна.

Бас нэг чухал зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын оролцоо чухал юм. Иргэний нийгэм аливаа төр засгийн бодлого, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, зарим төрийн үйлчилгээг иргэдэд тэр дотроо эмзэг бүлгийхэнд хүргэхэд идэвхитэй оролцож байна. Мянганы Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохуйц үйл ажиллагааг хувийн хэвшлийнхний зүгээс авч явуулах зохистой орчин боломжуудыг бүрдүүлэх нь нэн чухал юм. Энэ тал дээр олон шинэ санааг хэрэгжүүлж байгаа ч төрийн болон хувийн салбарын түншлэлийг эдийн засгийн аливаа үйл ажиллагааг явуулах, үйлчилгээг хүн ардад хүргэхэд ашиглахад бид онцгойлон анхаарах хэрэгтэй болж байна.

Мянганы Хөгжлийн Зорилтуудын наймдугаарх болох “Хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг хөгжүүлэх” гэсэн зорилгын хүрээнд далайд гарцгүй орнуудын онцлог хэрэгцээ шаардлагыг харгалзан илүү тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх асуудал орж байгаа юм. Худалдаа хөгжлийн асуудлаар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурлаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол улсын хооронд хийж байгаа Дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх гурван талт хэлэлцээрийг түргэлүүлэх саналтай байна. Энэ хэлэлцээр байгуулагдвал оролцогч талуудын эдийн засгийн үйл ажиллагаа сайжирч, бүс нутгийн орнуудтай хийх гадаад худалдааны эргэлт зохицуулагдаж улмаар улс орнуудын ядуурлыг бууруулах шинэ боломж нөхцөлүүдийг бий болгох юм. Ялангуяа 2007 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Худалдаа болон худалдааг дэмжих асуудлаарх Далайд гарцгүй орнуудын сайд нарын уулзалтын үеэр хөгжлийн гарц бол далайд гарцгүй орнууд болон дамжин өнгөрөх улс орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг үр ашигтайгаар дэмжих явдал юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Эдгээр санаачлагууд нь олон улсын туршлагад нийцсэн улс хоорондын ачаа тээвэр, ижил төрлийн буюу нэгдсэн хуулль эрх зүйн тогтолцоо, баримт бичгийн бүрдүүлэлт, үйл ажиллагааг хөгжүүлэх замд хөтлөх юм.
Ийм санаачлагуудын нэг жишээ бол 1990 онд Мозамбик, Өмнөд Африкийн засгийн газраас санаачилсан Өмнөд Африкийн далайд гарцгүй орнуудын Энэтхэгийн далайн орнуудтай холбодог Мапутогийн гарц юм. Бидний хөрш орнуудын орчин үеийн, сайжруулсан дамжин өнгөрүүлэх тээврийн дэд бүтэц, худалдааны дэвшилтэт тогтолцоог тэмдэглүүштэй нь мэдээж юм. Гэсэн хэдий ч худалдаа солилцооны хэлэлцээрүүд Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд бас л шүүмжлэлтэй байгаа билээ. Үүний зэрэгцээ далайд гарцгүй хөгжиж байгаа улс орнуудыг дэлхийн худалдааны тогтолцоотой нягт хамтын ажиллагаатай болгох асуудлыг өргөжүүлэхийн тулд далайд гарцгүй орнуудын эдийн засгийн онцлог ялгаатай байдлыг харгалзан худалдааны зохицуулалт, тээврийн дэд бүтцэд оруулах хөгжлийн түншүүдийн хангалттай хөрөнгө оруулалт, дэмжлэгийг дээрхийн нэгэн адил чухалд тавих нь зүйтэй юм. Ийм төрлийн бүс нутгийн хамтын ажиллагаа нь улс орнуудын хаагдмал байдлыг сааруулж бүс нутагт мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Энэхүү хүндтэй завшааныг ашиглан бид хамтын үйл ажиллагаагаа үр ашигтай хэрхэн хэрэгжүүлэх талаар цөн хэдэн санааг та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Мянганы Хөгжлийн Зорилтуудад боловсрол, эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн олон зорилтыг хэрэгжүүлэх талаар бүс нутгийн түвшинд хамтран ажиллах байнгын зөвлөлдөх механизмыг бий болгомоор байна. Ази, Номхон далайн орнуудад янз бүрийн чуулга, уулзалтууд, хурал, зөвлөлгөөний чухал үзэл санаа, шийдвэр хэсэг хугацааны дараа мартагдахад хүрч байна. Иймээс бүс нутгийн хэмжээнд дээр дурдсан чиглэлүүдээр бүсийн түвшинд тогтмол системтэйгээр зөвлөлдөж, улс орнууд ажил төрлөө уялдуулах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, харилцан туршлага солилцох, хоёр болон олон талт хамтын ажиллагааг тодорхой хамтарсан төслийн хүрээнд хэрэгжүүлэх зэрэг олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлж болохоор байна.

Бид ингэж Мянганы Хөгжлийн Зорилтуудын тодорхой зорилт тус бүрээр хамтарч ажиллаж чадвал 2015 он гэхэд ихээхэн үр дүнд хүрч чадна гэж үзэж байна. Энэ талаар нэг жишээ хэлэхийг хүсч байна. Азийн бүс нутгийн хэмжээнд Хүний Дархлал Хомсдлын Вирус/Дархлалын Олдмол Хомсдлын тархалтыг бууруулах талаар ажиллаж байгаа одоогийн механизмыг ихээхэн боловсронгуй болгох шаардлага байна. Хүний Дархлал Хомсдлын Вирус/Дархлалын Олдмол Хомсдлын чиглэлээр орон бүрт нэгдсэн тогтолцоо бий болгох механизмыг бүрдүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын зүгээс ихээхэн чармайлт гаргаж байгаа хэдий ч бүс нутгийн хамтын ажиллагаагаа дутагдалтай байна. Өмнө гаргасан шийдвэр тухайн орны хувьд яаж хэрэгжив, ямар үр дүнд хүрэв, юу нь бүтэлгүй болов гэх зэрэг чиглэлүүдээр бүс нутгийн хэмжээнд үнэлэлт, дүгнэлт хийж дараа дараагийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр яаж явуулвал илүү үр дүнд хүрэх вэ гэдгээ нарийн төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг механизм бидэнд шаардлагатай байна. Иймээс орон орноос төлөөлөл орсон Хүний Дархлал Хомсдлын Вирус/Дархлалын Олдмол Хомсдлын зөвлөлдөх байнгын хороо юм уу энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхэлж хэрэгжүүлдэг ямар нэгэн механизмыг бий болгож болох юм.

Өөр нэг хөндөх санаа бол ядуурлыг бууруулах асуудлаарх судалгаа шинжилгээний ажлыг бэхжүүлэх, улс орнуудын хамгийн үр дүнтэй санаачлагуудыг нэвтрүүлэх, бүс нутгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг юм. Ядуурлыг бууруулах олон улсын судалгааны Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь төв нь бүсийн болон хоёр талын түвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа явуулах гол тулгуур цэг болж болох юм.
Эрхэм хатагтай, ноёд оо,

Дээр дурдсан олон чиглэлээр бид нягт хамтран ажиллаж чадвал 2015 он гэхэд зорьсон зорилогодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэхүү ядуурлыг бууруулах болон хөхгжлийн асуудлаарх та бидэнд санал бодлоо солилцох, бодит үйл хэргийг эхлүүлэх, хамгийн чухал нь бие биенээсээ суралцах сайхан боломж олгож байгааг тэмдэглэхийг хүсэж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.