Л.Энхболд: Хоёр удаа алдаж болохгүй
2017.09.18

Л.Энхболд: Хоёр удаа алдаж болохгүй

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та УИХ-д анх удаа сонгогдсон, залуу гишүүдийн нэг. Ямар учраас намынхаа эсрэг зогсож, Засгийн газраа огцруулах кноп дарсан бэ?

-Би энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Гарын үсэг зурснаараа намын эсрэг болохгүй. Харин ч 65 гишүүнтэй бүлгийн 33 нь зөвшөөрч бүлгийн олонх болсон. Нэгэнт олонх шийдсэн учраас намын бодлогоо дагаад явж байна гэсэн үг юм. Засгийн газрыг огцруулах хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн болсны дараа маш олон ажлын хэсэгт орж ажилласан. Жишээ нь, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлыг шалгах ажлын хэсэгт орж ажилласан.

Ажлын хэсгээс хууль бус үйлдэл байж болзошгүй гэж дүгнэлт гаргасан. Харамсалтай нь Засгийн газар хариуцлага тооцож чадаагүй. Бид хариуцлага тооцохгүй бол санхүүгийн сахилга бат болоод улс төрийн тогтвортой байдал бий болгож чадахгүй.

Энэ утгаараа хариуцлага тооцож чаддаг Засгийн газартай болохын тулд би гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хад үйлчилгээний цэгийг Засгийн газраас зогсоосон. Тухайн газар Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 10 гаруй мянган иргэн ажиллаж, амьдардаг. Энэ олон хүний аж амьдралтай холбоотой асуудлыг ямар ч суурь судалгаагүй зогсоосон. Үүнээс үүдэж олон хүн ажлын байраа алдаж, амь зуулгагүй болоод байгаа юм. Ард түмнийхээ нэгээхэн хэсгийг Засгийн газар орхигдуулж болохгүй.

-Өөрсдийн Засгийн газраа огцруулсан та бүхнийг тойргийн иргэд чинь хэрхэн хүлээж авах бол?

-Ард иргэддээ зөвхөн үнэнийг хэлнэ. Би албан тушаал гуйж, сайд болох гээгүй. Харин бид хариуцлагын тогтолцоог бий болгоно гэж амласан. 

-Засгийн газрын гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгээр хэлэлцүүлдэг байсан. Тухайн үед бүгд оролцсон атал одоо Засгийн газарт буруу өгөөд байна гэж үзэх хүмүүс бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Засгийн газар дангаараа шийдсэний дараа бүлэг дээр оруулж ирдэг байсан. Үүнээс болж эргэж буцаж байгаа юм. Нэгэнт шийдсэн асуудлыг бүлэг унагаана гэж байхгүй. Монголбанкны алдагдал, Хөгжлийн банкны шалгалтад хариуцлага тооцох саналыг мань мэтийн гишүүд байнга хэлдэг байсан.

УИХ-ын ихэнх гишүүд хариуцлагын тогтолцоог шаардаж байгаа. Сонгуулийн үеэр хариуцлага, хариуцлага гэж хашгирсаар байж гарч ирчихээд, одоо биелүүлэхгүй байж болохгүй. Өмнөх Засгийн газарт итгээд ажиллуулсан. Дараагийн Засгийн газраас хариуцлага тооцож чадах эсэхийг асууж амлалт авах хэрэгтэй. Нэг хаширсан хүн хоёр дахь удаагаа алдаж болохгүй. 

-Засгийн газрыг огцруулсан МАН-ынхан өдөр бүр нууц уулзалт хийдэг гэсэн мэдээлэл бий. Та бүхэн хэнийг Ерөнхий сайд болгохоор ярилцаж байна вэ?

-Засгийн газраа 30 хоногийн дотор байгуулах ёстой. Өнөөдрийн байдлаар хэн нэгэн уулзаж, Ерөнхий сайдын асуудлыг ярилцаагүй. МАН-ын дүрэмд Удирдах зөвлөл эхэлж хуралдаад дараа нь Бага хурлаар Ерөнхий сайдыг дэвшүүлэхээр заасан байдаг. Дүрмийнхээ хүрээнд асуудлаа шийдэх байх гэж харж байна. 

-Дараагийн Ерөнхий сайд ямар бодлого чиглэлээр ажиллах ёстой вэ. Түүний үйл ажиллагаа таалагдахгүй бол дахиад огцруулах уу?

-Би дахиад хэлье, нэг алдаж болно хоёр алдаж хэзээ ч болохгүй. Энэ нь ард түмнээрээ тоглож байна гэсэн үг. Тэгэхээр сайд нарыг нарийн шалгуураар сонгох ёстой. Ерөнхий сайд бол хариуцлага тооцох чадвартай, хурдтай байх ёстой. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд ажил хийнэ гэж хүлээсэн. Хөгжлийн банкнаас 1,3 их наяд төгрөг хулгайд алдаж, Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон. Хариуцлага тооцсон хүн нэг ч байхгүй.

Энэ бүх асуудалд хариуцлага тооцож чаддаг, хурдтай, чадвартай Ерөнхий сайд томилогдох ёстой. Тэр утгаараа дараагийн Засгийн газар бол хариуцлагын тогтолцоог нэгдүгээрт тавих ёстой. Хоёрдугаарт, хурдтай ажиллах ёстой. Гуравдугаарт, бодлогогүй, судалгаагүй шийдвэр хэзээ ч гаргаж болохгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш олон шийдвэр эргэж буцсан. Энэ нь судалгаагүй, нийгмээ мэдрээгүй байсны илрэл. Тиймээс ул суурьтай судалгаатай ханддаг Засгийн газар байгуулагдаасай гэж шахаж, санал бодлоо илэрхийлж ажиллах болно. 

-МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан байдаг. Намынхаа дүрмийг баримтлах гэхээр заавал Их хурлаа хүлээх шаардлагатай болно. Их хурлыг хүлээвэл Засгийн газрын тухай хууль зөрчинө. Энэ тохиолдолд ямар шийдвэр гаргах вэ?

-Намын дүрэмд заавал гэж заагаагүй. Харин “намын дарга Ерөнхий сайд байж болно” гэсэн байдаг. Тэгэхээр Монгол төрийн ажил явдгаараа явах ёстой. Үүнийг өнгөрсөнд баталж, М.Энхболд дарга УИХ-ын дарга болсон.

Есдүгээр сарын 25-нд хуралдах Бага хурлаар Ерөнхий сайдыг хэлэлцэнэ. Дараа нь Их хурал хуралдахад Засгийн газрын асуудал нэг их хамааралгүй болж шаардлагатай гэж үзвэл намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, томилох байх. 

-Засгийн газар давхар дээлтэй сайд ажиллахыг та бүхэн зөвшөөрөх үү?

-Би бол 100 хувь эсэргүүцэхгүй, бодлогын яам байж болно. Тэгэхгүй бол дан дээлтэй сайд бодлого явуулахад улс төрийн уялдаа холбоогүй асуудал гарсан. Давхар дээлтэй байлаа ч зарчмын байр сууринаас хандаж байвал эсэргүүцэхгүй байна.

-Тусгай хяналтын дэд хороогоор тагнасан, чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн. Хуралд оролцсон Н.Номтойбаяр сайд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Шадар сайд өөрийгөө тагнасан гэх нотолгоог сонслоо гэж байсан. Хэрэв У.Хүрэлсүх сайд асуудалд орвол улстөрийн нөхцөл байдал хэрхэн эргэх бол?

-Тусгай хяналтын дэд хорооны нууцыг задруулахгүй гэж гарын үсэг зурсан гишүүдийн мэдэх асуудлыг хэн нэгэн ярих эрх байхгүй. Тэр талаар ярьсан хүн үнэн зөв мэдээлэл өгсөн эсэх, би эргэлзэж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа тэр хүн туйлын хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Эсвэл төрийн нууц задруулсан хэргээр хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, тагнасан, чагнасан гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Шүүхээр тогтоогдоогүй байхад буруутай гэж үзэхгүй. 

News.mn сайтын сэтгүүлч Т. ДАВААНЯМ