М.Говьсайхан:

Татвар бага, хяналт сул улс чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бай болдог


9 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
М.Говьсайхан: Татвар бага, хяналт сул улс чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бай болдог
Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн үндэсний чуулган 9 сарын 12 -нд зохион байгуулсан. Чуулгантай холбогдуулан Монголын Хүнсчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн сард “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Чуулганаас ямар үр дүн гарсан бэ?

-Чуулганд төр, төрийн бус байгууллагынхан, хүнсчид, үе үеийн ахмад хүнсчид болон 21 аймгийн хүнсний үйлдвэрлэгчид, малчин, ногоочин нийт 1200 орчим зочид төлөөлөгчид оролцож манай орны хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, хүнсний салбарын тулгамдсан асуудлууд шийдвэрлэх арга замын талаар  хэлэлцлээ.

Энэ чуулганыг угтан долоо хоногийн турш салбар хуралдааныг зохион байгуулж тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Чуулганы салбар хуралдааны хүрээнд:

  • •“Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэл
  • •“Сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, цай, ундаа, шүүс, ургамлын тос үйлдвэрлэл
  • • “Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэл
  • • “Монгол хүний эрүүл мэнд - Хүнсний аюулгүй байдал” сэдэвт дөрвөн салбар хуралдаан, хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан юм

Энэхүү салбар хуралдаанаас гарсан санал, үр дүнг нэгтгэн Үндэсний чуулганд хэлэлцүүллээ. Төгсгөлд нь  чуулганаас  Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалтад санал, дүгнэлт өгөх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин туслах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой бодит шийдвэр гаргах төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, зөвлөмж гарган Монгол Улсын Ерөнхийлэгчийн тамгын газрын дарга З.Энхболдод гардуулж өгсөн.  

-Та Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжөөс онцлон танилцуулаач?

-Энэхүү зөвлөмжид эрх зүйн хүрээнд, засгийн газарт, хүнсний хяналтыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх гэсэн 4 үндсэн чиглэлээр асуудал дэвшүүлсэн.

Үүнээс онцолж хэлбэл:

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс болсон малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хэмжээний хөтөлбөр аяныг санаачлан зохион байгуулах.

  • Хүн амын эрүүл мэнд, хүнсний хэрэглээний талаарх боловсролыг сайжруулах асуудлыг ярилаа. Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх

  • Мөн хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторын байгууллагуудыг чадавхижуулах, техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Манай итгэмжлэгдсэн лаборатороор шинжилгээний дүнг  БНХАУ-ын лабораторууд хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс экспортлогчид  бүтээгдэхүүнээ дахиж шинжилгээнд оруулах шаардлага гардгаас хил дээр удах бэрхшээлүүд үүсдэг. Энэ бол мах экспортлогчдын гол бэрхшээл юм.

  • Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;

Үүнээс гадна хэлэлцүүлэгт импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажуулалтад хяналт тавих, хил гааль дээрх хяналтыг сайжруулах, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орж ирэхээс сэргийлэх, гаалийн бүрдүүлэлтийн үнэн зөв мэдээлэл зэрэг нэн тулгамдсан асуудлууд хөндөгдсөн.

Бас нэг яригдсан чухал асуудал бол хүнсний аюудгүй байдлыг сайжруулах зориогоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган /2017.09.12/

-Үндэсний хэмжээнд энэ том чуулган өмнө нь гарч  байсан уу? Өнгөрсөн сард болсон чуулган юугаараа онцлог вэ?

- 2011 онд Ерөнхий сайдын ивээл дор Монголын Хүнсчдийн холбоо, ХААХҮЯ хамтран “Хүнсний аюулгүй байдал-2011” форумыг зохион байгуулж байсан. 

Энэ удаагийн чуулган нь Ерөнхийлөгчийн санаачлагаар хийгдэж бүх аймаг, хотоос төлөөлөл оролцсон үндэсний хэмжээний чуулган болсоноороо онцлог. Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдал нь олон жил яригдсан ч ямар ч шийдэлд хүрээгүй, иргэд сонсохоосоо ч залхах болсон улигт асуудал болох дөхжээ.

Одоо элдэв тодорхойлолт, уриа, тунхагаа орхиод бодит ажил, шийдэлд хүрмээр байна.

Импортын хүнс аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. Үүнээс болоод ийм тийм өвчлөл, үхэл хагацал их байна гэж ярьсаар, бичсээр байгаад дөжирчээ. Сүүлдээ Хүнсний аюулгүй байдал гэдэг нь дарга нарын аманд эргэлддэг хэлц үг маягтай л ойлгогдоход хүрч байна.

Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа.

Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг гэж нээлтйин үгэндээ хэлсэн нь Ерөнхийлөгч улс орныхоо хүнсний аюулгүй байдлын асуудалд цаашид анхаарч ажиллахын илэрхийлэл гэж харж байна.

Чуулганы дараа бид ажлын төлөвлөгөө гаргаад, шахаж шаардаад, тодорхой үр дүнг оролцогч, хамтрагч байгууллагуудад эргээд мэдээлнэ гэсэн.

Тиймээс бид яг ямар бэрхшээл тулгарч байгаагаа тодорхойлж, оновчтой асуудлууд дэвшүүлээд түүнд Ерөнхийлөгч анхаарал хандуулж, УИХ, Засгийн газарт холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгөх маягаар ажиллах онцлогтой.

Манай холбоо Ерөнхийлөгчийн тамгын газартай энэ чуулганы хүрээнд ажлын төлөвлөгөө гаргаж, цаашид хамтарч ажиллана гэсэн хэлэлцээртэй байна.

-Мах, махны салбарын хэлэлцүүлгийн үеэр экспортлогчид 32 хувийн татвар авдаг нь үйл ажиллагаагаа эрхлэхэд хүндээр тусдаг гэж дурдаж байсан. Энэ татварыг бууруулах боломж байгаа юу?

-Мах экспортлогчид ОХУ руу мах экспортлоход 32 хувийн татвар төлдөг. Гэтэл манайх орж ирж байгаа импортын бараанаас 5-10 хувийн л татвар авдаг.

ӨӨРСДӨӨ ЭКСПОРТЛОХДОО ӨНДӨР ТӨЛДӨГ, ХАРИН ИМПОРТЛОХ БОЛОХООР БАГА ТАТВАР АВДАГ ГЭСЭН ҮГ.  

Энэ нь манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн учраас импортын хүнсний бүтээгдэхүүнд чанар

стандартын дагуу бодлого явуулж, татвараа тодорхой хэмжээнд барина гэж тохирсон байдаг холбоотой.  Гэхдээ бид энэ татварыг 20 хувь болтол бууруулах боломж байгаа гэж харж байна.

Татварын хэмжээ, хяналтын бодлого сул улс орнууд руу импортлогчид үргэлж чанаргүй бараа бүтээгдхүүнээ шахах гарц эрэлхийлж байдаг.

Тиймээс Монгол Улс импортын татвар дээрээ тодорхой  бодлого барьж, импортын бүтээгдэхүүний чанар дээр тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-УИХ дээр одоо  Малын эрүүл мэндийн тухай хууль хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ хууль батлагдсанаар танай салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ.

Монгол Улсын хүнсний хэрэгцээ мал аж ахуйгаас хамааралтай. Үйлдвэрлэгчид бүгд түүхий эдээ малаас авдаг учраас малын эрүүл мэнд хамгийн чухлаар тавигддаг.  Учир нь малын эрүүл мэнд дараагийн боловсруулах бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлдөг.

Манай махны үйлдвэрүүдийн хувьд дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэнийг нь экспортлох бүрэн боломжтой. Гэвч энэ нь нөгөө малын эрүүл мэндтэй шууд холбогддог учраас асуудал үүсдэг.

Үүнд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлага байгаа. Тухайлбал, мал эмнэлгийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Мөн малчдын мэдлэг, мэдээллийг сайжруулж тэднийг хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой. Хуучин сумын мал эмнэлгүүд байсан нь бүгд татан буугдаад  хувийн хэвшилд очсон. Иймээс өнөөдөр мал эмнэлгийн үйлчилгээ тэр болгон малчиддаа хүрч чадахгүй байна.

Дээрээс нь малчдын боловсролын түвшин, хариуцлага муу байна. 

Тогтсон хугацаандаа вакциндаа ордоггүй, малаа бүрэн эрүүлжүүлдэггүй гэх мэт.

Үүнээс болоод малын өвчлөл буурдаггүй. Үүнтэй холбоотойгоор олон улсад монголын малын махны эрүүл ахуй, аюулгүй байдалд итгэхгүй байх асуудал үүсч байна.

Ингэхлээр манай үйлдвэрлэл эрхлэгчид малыг экспортод гаргах боломжгүй болдог.  

Сүүний тал дээр ч мөн адил. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зөвхөн фермерүүдээс л сүү авч байна.

Энгийн малчны хотноос сүү авах нь эрсдэлтэй, малын эрүүл мэнд нь баталгаагүй, эрүүл ахуйн анхан шатны шаардлага хангахгүй байх гэм мэт олон хүчин зүйл байна.

Үйлдвэрийн аргаар сүү боловсруулагчид зөвхөн өөрсдийн фемерүүдээсээ сүү авахгүй бол малчдаас бэлэн сүү авахаар тэдний тавьдаг чанарын шаардлагад хүрдэггүй.

ИНГЭЭД МАЛЧИД ҮЙЛДВЭРИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙГАА СҮҮГ ШУУД ЗАХ ДЭЭР АВААЧААД Л ЗАРЧИХДАГ. ГЭТЭЛ ИРГЭД ЗАДГАЙ СҮҮ САЙН, ҮЙЛДВЭРИЙН СҮҮ БОЛ ХУУРАЙ СҮҮ ГЭДЭГ ОЙЛГОЛТТОЙ БАЙДАГ УЧРААС ИЛ ЗАРЖ БАЙГАА СҮҮГ АВАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА.

Тиймээс хамгийн тулгамдсан асуудал бол малаа эрүүлжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах юм.

“Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдааны үеэр /2017.08.29/

-Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид тоног төхөөрөмж байдаг боловч, хүчин чадлаа гүйцэд ашиглаж чаддаггүй гэж хэлэлцүүлэг дээр дурдаж байсан. Шалтгаан нь эрүүл ахуйн шаардлагад нийцэх малын сүү ховор байдагтай холбоотой гэж ойлгож болох нь ээ?

-Энэ бол цэвэр түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо байхгүйгээс хамааралтай. Сүүний хувьд сүү цуглуулах, хөргөх, хадгалах, тээвэрлэх тогтолцоо байхгүй. Ихэнх сүү уламжлалт аргаар боловсруулагдаж байна.

Мах гэхэд л мах нядалгааны үйлдвэрүүд хангалттай байдаг боловч малчид тийшээ малаа өгдөггүй. Бүгд уламжлалт аргаар нядлан захын ченжүүд рүү өгдөг.

Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Жишээлбэл: Төрийн байгууллагуудын /сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын цайны газар гэх мэт/ махны хэрэгцээ байна.

Тэр хэрэгцээг худалдан авах ажиллагааны хууль дүрмээр сонгон шалгаруулалт хийж хангадаг үүнийг хийхдээ зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулж, нядалсан мах авна гээд журманд нь өөрчлөлт оруулж болно. Ингэвэл хөдөө орон нутгаас нийлүүлж байгаа мах зайлшгүй үйлдвэрийн аргаар дамжина гэсэн үг.

Ингэж үйлдвэрлэлийн аргаар боловсруулж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дэмжих бодлого, эрхзүйн зохицуулалт хийхгүй бол зах зээлийн жишгээ дагаад малчид уламжлалт аргаасаа салахгүй байна.

Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээсээ үүдээд үйлдвэрүүд бүтэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Түүнээс биш суурилагдсан хүчин чадал нь маш өндөр байгаад байдаг. Гол нь түүхий эдээ авч чадахгүй байна.

-Чуулганы үеэр хөндөгдсөн бас нэг асуудал бол хүнсний салбарын нэгдмэл байдлаар асуудлаа ярьдаг байх тухай байсан. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Төрийн болон ТББ, ОУБ-ууд хоорондоо нягт хамтран ажиллах нь чухал юм. Төрийн байгууллага нь бодлогоо гарган хэрэгжилтэн дээр төрийн байгууллагаас гадна  ТББ, мэргэжлийн холбоодтой хамтран тэдний нөөц бололцоог ашигласан хамтын үр ашигтай ажиллах хэлбэрлүү шилжих хэрэгтэй байна.  

Мөн хүнсний салбарт маш олон ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг. Хуулиар ТББ, Холбоо байгуулах эрх нь ч нээлттэй. Гэхдээ тухайн холбоо нь чадамжтай байх ёстой, хэт олон холбоо, ТББ бий болох нь асуудал шийдэх гарц биш юм.  

-Үндэсний чуулган “Үндэсний” гэх тодотголоо хадгалж, өргөн хүрээг хамарч чадсан харагдсан. Энэ тал дээр ахиц гарах байх гэж найдаж байна?

-Тийм ээ. Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс нийт 1200 орчим оролцогчид оролцсоноос гадна монгол улсад хүнсний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа салбарын ТББ, Холбоодыг цуглуулж, хооронд нь танилцуулсан нь энэ чуулганы нэг ач холбогдол байсан гэж хэлж болно.

 Тус тусдаа л байгаа болохоос бид нэг л зорилгын төлөө ажиллаж байгаа хүмүүс. 

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний чуулганаас хойш манай холбоо руу олон байгууллагууд холбогдож байна.

Зарим нь манай холбоотой нэгдэж, үйл ажиллагаа явуулах саналтай байгаагаа хэлж байна.

Монголын Хүнсчдий холбоо 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тогтвортой, туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага.

Иймээс бидэнтэй нэгдэж, хамтарч ажиллахыг бусад ТББ, Холбооддоо уриалмаар байна.

-Та түрүүн Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна гэлээ. Ажлын төлөвлөгөөгөөр ойрын хугацаанд ямар ажил зохион байгуулахаар болсон бэ?

-Одоохондоо бид зөвхөн хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Үүнийхээ үр дүнд гаргасан зөвлөмжийн дагуу ажлуудаа эрэмбэлээд, нэн түрүүнд хийх шаардлагатай ажлууд руу орно.

-Таны хувьд ямар ажил нэн түрүүнд тавигдах шаардлагатай байна вэ?

-Манай холбоо дээрх зөвлөмжинд дурьдагдсан ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулан ажиллах болно. 

Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглүүлэх шаардлагатай байгаа юм. Ялангуяа өдөрт 200 гр сүү хүүхдүүддээ өгдөг болъё. 

Үүндээ үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхдэд тогтмол өгье гэсэн санал гаргасан.

 ЭМЯ, ХААХҮЯ энэ саналыг дэмжсэн. Мөн  БСШУЯ-ны яаманд хандсан байгаа.

Харин одоо Засгийн газар солигдоод энэ ажил цалгардах шинжтэй байна.

Үүн дээр Ерөнхийлөгчийн зүгээс анхаарал хандуулаасай гэж хүсэж байгаа.

Хамгийн гол нь энэ нь өөрөө Монгол хүүхдийн эрүүл мэндэд тустай, зөв санаачилга юм.

Монголчуудын сүү, цагаан идээний хэрэглээ маш их багассан. Хотын хүүхдүүд сүүтэй цай уухаа болих хэмжээнд очсон байна.

Хүүхдүүдийн сүү, цагаан идээнээс авдаг шим тэжээлийг нөхөж, сургууль дээр нь ядаж 200 гр-аар өдөр болгон өгч хэвшүүлэх, дээрээс нь тэр хүүхдүүдийн сүүн бүтээгдэхүүн хандах хандлагыг өөрчилж, хэрэглэж сурах дадлага олгох  ёстой.

-Та Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг сар гаруй болж байна.  Та Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би хүнсний технологич, инженер болон эрх зүйч мэргэжилтэй. ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийг  2001 онд төгсөж тухайн үеийн Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Хүнстех” корпорацид мах, сүүн бүтээгдэхүүний секторт нь эрдэм шинжилгээний ажилтанаар 2006 он хүртэл ажилласан.

Тэр үед Монголын хүнсчдийн холбоо нь “Хүнстех” корпорацийн байранд байрладаг гүйцэтгэх захирал нь одоогийн хүнсчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч,

миний багш техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн гуай байсан.Мөн ШУТИС болон Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан “Ингэний сүү” төслийн менежер зэрэг ажлыг хийж байсан.

2007-2009 онд Хүнсний чанар, аюулгүй байдлын мэргэжлээр Англи улсын Lоndon South Bank их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2010 оноос бизнесийн салбарт ажиллаж байна.  

-Танд баярлалаа.

-Баярлалаа