У.Хүрэлсүх 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо
Монгол Улсын 30 дахь Ерөнхиий сайд У.Хүрэлсүх
2017.10.04

У.Хүрэлсүх 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг танилцуулсан.

Чуулганд оролцсон 47 гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураасан юм.

Санал хураалтад 47 гишүүн буюу 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг дараагийн Ерөнхий сайдаар томиллоо.


Ухнаагийн Хүрэлсүхийн намтар

1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 2016 оны долдугаар сард хоёр дахь удаагаа Шадар сайдаар томилогдсон. Cпортын Мастер, Бэлтгэл Хурандаа, НҮБ-ын "МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН ТҮШЭЭ"-гээр өргөмжлөгдсөн.

Боловсрол:
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа