Д.Цэвээнжав:

Цагдаа оролцохгүй


3 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
Д.Цэвээнжав: Цагдаа оролцохгүй
Албан журмын даатгалчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

Өнгөрсөн 7 сарын 1 ээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар осол гаргасан жолоочийг  100 мянган төгрөгөөр торгохзаалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд мөн жолоочийн бүртгэлийн оноог хасдаг. Оноогоо хасуулах, торгууль төлөхийг хүсээгүй жолооч нар даатгалын компаниар үйлчлүүлэлгүй, тохиролцоод өнгөрөх явдал ихэссэн байна. 

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй,холбогдогч талууд хоорондоо маргаангүй,бага хэмжээний хохиролтой тохиолдолд Даатгалын компанид цагдаагийн газрын тодорхойлолт шаардлагагүй гэсэн шийдвэр өчигдөр гаргажээ.

Энэ талаар Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодрууллаа.

-Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн саруудад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зам тээврийн ослыг бууруулах, зам тээврийн осолтой холбоотой даатгалын байгууллага, замын цагдаагийн байгууллагуудын үүргийн талаар нилээд хөндөгдөж ярьсан.

Тодруулбал, зарим даатгалын компаниуд осол гарсан тохиолдол бүрт жолоочоос заавал замын цагдаагийн тодорхойлолт шаарддаг нь маргаан үүсгээд байсан юм. Харин манай АЖД-ын холбооны зүгээс энэ шаардлагыг хууль бус гэж үзэж байсан. Энэ үүднээсээ бид Санхүүгийн зохицуулах хороонд тайлбар албан бичиг хүргүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байр сууриа удаа дараа илэрхийлсэн.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, ЦЕГ, Замын цагдаагийн алба болон Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, даатгалын зарим нэг компаниудын төлөөлөлтэй хоёр ч удаа уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан, Холбооны зүгээс бид албан ёсны саналаа хүргүүлсэн.

Улсын хэмжээнд жилд 30 гаруй мянган зам тээврийн осол гардаг.

Энэ ослын 70 орчим хувь нь 500 мянга хүртэлх төгрөгний хохиролтой хэргүүд байдаг. Үүнээс 36 хувийг нь 200 мянга хүртэлх төгрөгний хохиролтой зам тээврийн осол зөрчил эзэлж байгаа. Ийм хэмжээний хохирол дээр замын цагдааг заавал дуудаж, тодорхойлолт авах шаардлагагүй гэдэг байр сууринаас хандаж санал гаргасан.

 Энэ саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч сая албан ёсны шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, зам тээврийн осолд холбогдогчид хоорондоо маргаангүй, хөдөлгөөнд оролцогчид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглээгүй тохиолдолд Замын цагдаагийн тодорхойлолтгүйгээр даатгалын компаниас нөхөн төлбөр авах боломжтой болж байгаа юм. Даатгуулагч жолооч нарын эрх ашгийг тууштай хамгаалж ажилласандаа бид баяртай байна. Харин манай даатгуулагч буюу жолооч нар ухамсартай хандаж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримталж, зөрчил гаргахгүйн төлөө анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.Цаашдаа жолооч танаас бүх зүйл шалтгаалах болно.

-Энэ шийдвэр хэрхэн хэрэгжих бол?

-Зам тээврийн осол гарсан тохиолдолд даатгалын компаниуд шуурхай албаа заавал очуулна. Даатгалын компанийн шуурхай алба яаралтай богино хугацаанд  зам тээврийн ослын газар дээр очиж, түүнийг үнэн зөв тодорхойлох, хохиролын хэмжээг зөв тогтооход туслах чиг үүрэгтэй ажиллана. Энэ ажлыг маш сайн зохион байгуулалттай хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компаниудад үүрэг болгосон. Энэ үүргийг тууштай хэрэгжүүлэхийн тулд Албан журмын даатгагчдын холбоо ч мөн ажиллах болно.

 -Үүргээ биелүүлээгүй даатгалын компаниудад хариуцлага тооцох уу?

-Хэрвээ даатгалын компаниуд энэ шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол жолооч нар гомдлоо  Санхүүгийн зохицуулах хороонд  албан ёсоор гаргаж болно. Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж байгаа даатгалын улсын байцаагч нар тодорхой арга хэмжээг авч, хариуцлага тооцно.

СЗХ- д тухайн даатгалын компанийн жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах эрх үүрэг нь байгаа.

-Зөрчил гаргасан жолоочид хэн хуулийн дагуу хариуцлага ногдуулах вэ? Хариуцлага тооцох систем доголдохгүй юу?

- Нөхөн төлбөр олгосон даатгалын компани тухайн зам тээврийн осол гаргасан  жолоочийн мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлнэ. Харин цагдаагийн байгууллага тухайн жолоочид зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулах, эс ногдуулах эсэхээ шийднэ.

Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан жолоочийн толгойг илээд өнгөрөхгүй гэсэн үг. Мэдээлэл зохих газраа очино.

Нөгөө талаар, осол гаргасан жолоочийн мэдээлэл Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн санд мөн орж байгаа. Энэ мэдээлэл дараа жил жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний  хураамж тооцох тооцоололд нөлөө үзүүлнэ.  Жолооч нарын гаргасан зөрчил байнгын хяналтанд байна гэсэн үг. Ер нь жолооч бүхэн зөрчил гаргадаггүй,нийт хариуцлагын даатгалтай жолооч нарын 6 орчим хувь нь зам тээврийн осол зөрчил гаргаж байна. Жолооч нар өөрсдөө сайн хичээх хэрэгтэй,нийгэм, олон түмэн та бүхнээс хариуцлагатай байхыг хүсч байна шүү дээ.