МАН-ын эвлэрэх цэг М.Энхболд юм биш үү
УИХ-ын дарга, МАН-ын дарга
2017.11.06

МАН-ын эвлэрэх цэг М.Энхболд юм биш үү

Улс төр өнгөрсөн долоо хоногт үзэж, харах юм ихтэй байлаа. Сангийн сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригоос л болж УИХ сонжиж, сонирхох юм ихтэй болсон хэрэг.

Хуульчдын зүгээс Үндсэн хуулийн суурь зарчмаас давсан хориг гэж байхгүйг хэлсээр байсан ч улстөрчид хэрхэн муйхарлаж болдгийг бид З.Энхболдын “30 гэр бүл”-ийн тухай тайлбараас хангалттай сонссон. Гэвч үнэндээ энэ хориг 30 гэр бүлдээ бус 33, 32-оор хуваагдсан МАН-ын бүлэгт л хүнд цохилт болж буулаа.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын томилгооноос хойш харьцангуй зөөлөрч байсан МАН-ын дотоод уур амьсгалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг дахиад л хурцатгаж, гал асааж орхисон. Галыг нь өрдөж, үлээсэн хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бол зөөллөж унтраасан хүн нь харин УИХ-ын дарга М.Энхболд байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг УИХ-д орж ирсэн нь хоёр долоо хоногийн өмнөх үйл явдал. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гуравны хоёр эсэргүүцэхэд л хориг өөрөө хүчингүй болох учиртай. Гэвч УИХ-д үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай МАН-ынхан Ч.Хүрэлбаатар сайд дээр тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр л цөөнх болсноо дахин мэдэрсэн юм.

Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээж авахгүй гэж шийдчихсэн ч Сангийн сайдыг УИХ-д оруулж батлуулсан Төсвийн байнгын хороо нь хуралдаж чадахгүй байсаар асуудлыг сунжруулсан. Өөрөөр хэлбэл, 33, 32 гэсэн хуваагдал дахин эрчимжсэн нь Төсвийн байнгын хорооны ирцээр илэрсэн нь энэ байв.

Хөшигний ард

Хэд хэдэн удаа хурал зарласан ч Төсвийн байнгын хорооны ирц хүрэхгүй байсан нь нэг талаас АН-ын бойкот, нөгөө талаас МАН-ын хуваагдалтай холбоотой юм.

“Олонхи өөрсдөө ирцээ бүрдүүл” гэж АН-ынхан шахсан бол олонхиос Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нар 33-ынхныг ирцээр боож байв. Төрийн ордны “201 тоот” буюу Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өрөөнд МАН-ын дээрх таван гишүүн бүгчихсэн учраас бүтэн ирцтэй УИХ-аас зөвхөн Төсвийн байнгын хороо л ганцаараа хуралдаж чадахгүйд хүрээд байжээ. Энэ гишүүд бол УИХ дахь МАН-ын бүлэг доторхи 32-ынхон.

Огцорсон Ерөнхий сайд, огцорсон Сангийн сайд, огцорсон ЗГХЭГ-ын дарга нар. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй залуу гишүүд.

Өнгөн талаас нь М.Энхболдыг дэмжигч 32-ынхон Төсвийн байнгын хороог гацаасан юм шиг харагдах боловч үнэндээ М.Энхболд л энэ гацааг арилгасан юм байна.

Дөрөв, таван удаа хуралдах гээд чадаагүй Төсвийн байнгын хорооны хурлыг яаралтай эхлүүлж, төрийн ажлыг гацаанаас гаргахын тулд тэрээр 201 тоот өрөөнд өөрийн биеэр очиж Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарыг Байнгын хорооны танхим руу хөтөлж аваачаад ирцэнд оруулчихсан аж.

Яг л 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг ялалтад хөтөлж, 65 гишүүнийг УИХ-д оруулж ирсэн шигээ Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарыг Ж.Эрдэнэбатын өрөөнөөс хөтөлж аваачаад хуралд нь оруулж төрийн ажлыг гацаанаас гаргажээ.

Улс төр хийж болох ч төрийн ажлыг гацааж улстөрждөггүйг анхааруулсан М.Энхболдын үгийг залуу гишүүд нь зөвшөөрч Төсвийн байнгын хороо хуралдаж, Сангийн сайдын томилгоог УИХ хэлэлцэж нэг талд нь шийдээд байна.

Хөшигний ард иймэрхүү дүр зурагтай өрнөсөн МАН-ын хуваагдал хөшигний наад талдаа ч тийм таатай байсангүй. Өөрсдийнхөө үнэн нүүр царайгаа уурандаа “халамцсан” У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан дээр дэлгэж орхисноос үүнийг харж болж байв.

Сангийн сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед ямархуу хэрүүл өрнөснийг одоо сийрүүлье. 

Ж.Мөнхбат: -У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү. 

Ж.Мөнхбат: -Та битгий хүн загнаад байл даа. Хүн загнаад байх юм.

Ж.Мөнхбат: -Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. 

Ж.Мөнхбат: -Чи хүнийг хулгайчаар нь дууддаг хэн юм. Чи юу юм. Хаан юм уу, заан юм уу?

Ж.Мөнхбат: -Чи намын мөнгө хулгайлж хулгайлчихаад юу яриад байгаа юм бэ. Хамаг баримтыг чинь дэлгэнэ шүү. 

Ж.Мөнхбат: -Чи харин юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи Н.Энхбаяраас илүү хаан болсон байна. 

Ж.Мөнхбат: -Австралиас татаж авчирч Шадар сайд болгосон нь гай болж дээ. 

Ж.Мөнхбат: -Чи намын мөнгөөр казино тоглосон. Ерөнхий сайд болохоороо хаан заан болчихдог юм уу. Чи энд сууж байгаа хүмүүсийн ачаар наанаа сууж байгаа. Тэгчихээд хүн доромжлоод байхгүй шүү. 

Ж.Мөнхбат: -Чи харин хэзээ ийм байсан юм...

У.Хүрэлсүх: -Амаа татаарай. Хулгайч бацаанаа. 

У.Хүрэлсүх: -Чи өөрөө дуугай бол. Муу хулгайч бацаанаа.

У.Хүрэлсүх: -Солиороод байгаарай. Хулгайч бацаан минь дуугүй байгаарай. Хамаг юмыг чинь дэлгэнэ шүү. Нүүрсний хулгайч чинь.

У.Хүрэлсүх: -Чамд хаан. Чам дээр хатуу бодлого барина. Хулгайч бацаан минь. Нүүрсний чинь хэргийг дэлгэнэ. 

У.Хүрэлсүх: -Чи юу юм. Чи хэзээ ийм болчихсон юм. Чи төрийн мөнгө хулгайлж хулгайлчихаад юу гээд хуцаад байгаа юм бэ?

У.Хүрэлсүх: -Энэ муу нус юу юм. Солиороод байх юм

У.Хүрэлсүх: -Чамайг харин казиночин байхад чинь татаж аваа биз дээ. 


У.Хүрэлсүх: -Чи хэзээ ийм байсан юм. Битгий хуцаад байгаарай.

Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд хатуухан үг хэлж, Монгол төрийг хүндэтгэхийг шаардаагүйсэн бол нэгэн цагт мөр зэрэгцэж явсан хоёр эрхэм чуулганы танхимд зодолдож мэдэх дүр зурагтай байсан юм. Эндээс харахад МАН-д эв нэгдэл гэдэг юм ус агаар шиг хэрэгтэй болжээ.

Харин энэ эвийг хангаж чадах хүн нь одоохондоо УИХ-ын дарга М.Энхболд л байна. Түүнээс Ерөнхий сайдын суудал дээрээс намын гишүүнээ занаж байгаа хүн МАН-ын дарга болоод нэг гарт зангидаж, нэгэн зүгт чиглүүлж явна гэдэгт гишүүд нь ч эргэлзэж эхлээд байгаа аж.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" 2017.11.06