Дуучин Г.Ариунбаатар шагналын цомоо УИХ-ын дарга М.Энхболдод хадгалууллаа
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа.
Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:
-Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. Нийт 4 цомтой уралдаан л даа. Түүнийхээ нэгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хадгалууллаа.
Учир нь М.Энхболд дарга Ариунбаатар гэдэг жирийн оюутан хүү намайг 2011 оноос хойш байнга дэмжиж, өдий зэрэгт хүрэхэд минь ихээхэн тус дэм болсонд би маш их баярлаж явдаг. 2011 онд нутгийн ах, төрийн зүтгэлтэн энэ хүний дэмжлэгийг авч, захиа даалгаврыг өвөрлөн алсын аянд мордоод И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртээд ирж байсан нь миний мэргэжлийн дуулаачийн хувьд дэлхийд танигдах эхлэл болсон түүхтэй.
Нутаг усандаа нэг сайхан дуучинтай болъё, Төв аймгаас сайн дуучин хүүхэд төрөөсэй гэсэн бодол М.Энхболд даргад байсан байх. Нөгөө талаар Монголын дуурийн урлаг, дуурийн дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдээсэй гэж хүссэн болов уу гэж би боддог.
Шинэ зуунд Монгол дуурийн урлагийг төрийн хэмжээнд ойлгож, хүндэлж хүлээж авах эхлэл энэ хүнээс эхэлсэн юм шүү. Үр шим нь ч гарч, монгол дуулаачид маань дэлхийн дэвжээнд гарлаа.
Тиймээс Монгол төрийн багана түшиг нь болсон, сүлд хийморь оршсон ийм мундаг хүмүүст миний дэлхийд үнэлэгдсэний бэлгэ тэмдэг болсон цом хадгалагдах ёстой гэж бодсоны учир ийнхүү гардуулж байгаа юм” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд дуучин Г.Ариунбаатарыг хүлээн авч уулзаж, “ВВС Cardiff singer of the world” уралдааны цомыг гардан аваад баярласнаа илэрхийлж, цаашид мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж, Монгол эх орон, монгол түмнийхээ нэр алдрыг цуурайтуулж явахыг хүсэв. Мөн дуурийн урлагийн шинэ үеийнхний үлгэр дуурайл нь байж, араасаа олон шилдэг дуучдыг төрүүлэн гаргаарай хэмээн захив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.