Д.Цэвээнжав:

Даатгалын хураамжийг хохирлын хэмжээнээс хамааруулж тооцох нь зөв


9 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
Д.Цэвээнжав: Даатгалын хураамжийг хохирлын хэмжээнээс хамааруулж тооцох нь зөв
Албан журмын даатгалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль хэрэгжиж зургаан жил болохдоо даатгалын салбарын хөгжилд төдийгүй нийгэмд ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Гэхдээ мэдээж тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ цаг үеийн  шаардлагаар гарч ирж байна. Жолоочийн хариуцлагын даатгалын гол агуулга бол замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нийгэм, бусдын өмнө хариуцлага хүлээж даатгалд заавал хамрагдсан байхыг зорилт болгосон.

Мөн буруутай этгээдийн өмнөөс даатгалын компани, даатгалгүй жолооч замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан тохиолдолд Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сан хохирлыг барагдуулж, буруутай этгээдээс хохирлын төлбөрийг эргүүлж барагдуулах үйлчилгээг зохицуулсан хууль юм. Ингэж зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм.

Албан журмын даатгалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-ЖОЛООЧ НАРЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЖИЛД 400 ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ БАЙНА-

-Даатгалын компаниас осол гаргасан жолооч нарт олгож байгаа нөхөн төлбөр нь дунджаар хэдэн төгрөг байна вэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд олгосон нөхөн төлбөрийн статистикаас харахад дунджаар 500 мянган төгрөг хүртэлх дүнтэй нөхөн төлбөр нь нийт хохирлын 79 хувийг эзэлж байна. Хуулийн дагуу жолооч дунджаар жилд 43 мянга орчим төгрөг төлж 5-10 сая хүртэлх төгрөгийн хохирлыг нөхүүлдэг. А,В ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая, C, D ангиллын тээврийн хэрэгсэлд 10 сая хүртэл төгрөгийн хохирол нөхөн олгодог. Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол олгох нөхөн 

төлбөрийн үнийн дүнгийн 80 хувийг  олгохоор хуульчилсан юм. Жолооч нарын ийм багахан хэсэг нь хариуцлагагүй үйлдэл хийсний улмаас жилд 400 гаруй хүний амь нас хохирч байгаа нь харамсалтай. Дайн байлдаан болоогүй энх цагт ийм тооны иргэнээ хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс алдаж байна гэдэг Халхын голын дайны үед амь үрэгдсэн хүмүүсээс ч өндөр үзүүлэлт юм.

-Осол, зөрчил гаргаагүй жолооч нарын даатгалын хураамж төлөхөд урамшуулал олгож, осол их гаргаж байгаагийнх нь хариуцлагыг чангаруулах цаг болсон шиг?

-Энэ асуудал яригддаг. Одоогоор осол гаргаагүй жолооч нарын даатгалын суурь хураамж жил тутам 0.5 хувиар буурч байгаа. Нэг ёсондоо урамшуулал нь энэ. Энэ бол 50 хүртэл хувь буурдаг. Хувиар тооцвол энэ олон улсын дундажтай харьцуулахад боломжийн тоо.

Гэхдээ төлж байгаа хураамжийн мөнгөн дүн бага учир урамшуулал нь бага мэт харагдаж байгаа юм. Гэтэл олон улсад хариуцлагын даатгалын хураамж өндөр дүнтэй байдаг юм шүү дээ. Энэ хэрээр нөхөн төлбөрийн хэмжээ ч өндөр байдаг. Тэгэхээр энэ тоог шинэчлэхийн тулд бид нэлээд нарийн судалгаанд үндэслэх учиртай.

Ер нь орчин үеийн технологийн үр дүнд бий болсон тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь мэргэжилтний түвшиний шаардлага тавигдах цаг болжээ.Тэгэхээр хариуцлагаа өндөржүүлэхээс өөр аргагүй.Талд морь унахтай адил яаж хандаж болох вэ?

-ДААТГАЛЫН ХУРААМЖ ТООЦОХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-СЗХ-оос даатгалын хураамж тооцох итгэлцүүрийг нэлээд уян хатан зохицуулалттай болгох шаардлагатай юу? Энэ нь жолоочийн хариуцлагыг сайжруулах гэхээсээ илүү даатгалын байгууллагуудын ашгийг нэмэгдүүлэхэд үйлчилж байна гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Энэ талаар?

- Даатгалын суурь хураамжийг өсгөж, бууруулж тооцох итгэлцүүрийг анхаарч авч үзэх шаардлага байгаа. Үүнд маш бодитой аргачлал ашиглах хэрэгтэй. Тухайн жолоочийн  хариуцлага сахилгын байдал, ослын тоо, бусдад учруулж буй хор хохирлын хэмжээтэй шууд уялдаж байх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, итгэлцүүр И2-г зам тээврийн ослын тоо, учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч тооцох хуультай. Гэтэл зөвхөн  осол гаргасан тооноос хамаарах журам мөрдөж байна. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээг орхигдуулчихсан.

-Үүнээс үүдэж ямар зөрчил гарч байна вэ?

-Эгнээ байр эзлэхээс болж хоёр машин шүргэлцсэн тохиолдолд 100 хүртэлх мянган төгрөгийн хохирол гарч болно. Энэ бол ослын тохиолдол мөн. Гэтэл урсгал сөрж орж ирээд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь олон сая төгрөгийн хохирол учруулсан жолооч өмнөх тохиолдолтой адил байдлаар даатгалын хураамж тооцогдож байна. Энэ шударга байна гэж үү. Үүнийг бид буруу гэж үзэж байгаа учраас итгэлцүүрийн журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Даатгалын тохиолдлын тооноос гадна учруулсан хохирлын хэмжээг харгалзан үзэж итгэлцүүрт нөлөөлөх аргачлал боловсруулна.

Ер нь итгэлцүүрт жолоочийн хариуцлагатай шууд хамаарал бүхий нөлөөллийг илүү тусгаж өгөх нь зөв байх. Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагыг сайжруулахад итгэлцүүрийн журам чиглэнэ.

-Итгэлцүүрийн журмыг  өмнө нь хэдэн удаа өөрчилсөн бэ?Чухам яагаад өөрчлөгдсөн гэж та бодож байна.

- СЗХ 2015 онд даатгалын компаниудын санаачлагаар өөрчилсөн байдаг. Даатгалын компаниудад очих даатгалын хураамжийг 27.3 хувиар өсгөсөн байгаа юм. Тиймээс бид энэ нэмэлт өөрчлөлтийг дахин авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Угтаа жил тутам төлж буй хураамжийн хэмжээ жолоочийн хариуцлагатай шууд уялдаж байх нь зүйтэй. Хураамжийн хэмжээг өсгөхгүйгээр шийдвэрлэх боломж байсан, түүнийг ашиглаагүй явдалд харамсаж байгаа. Энэ алдааг засах ёстой.

-ИХЭНХ ЖОЛООЧ НӨХӨН ТӨЛБӨР ОГТ АВААГҮЙ БАЙХАД НЭГ ХЭСЭГ НЬ ЖИЛД ЕСӨН УДАА АВСАН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Жилд төвлөрүүлж буй хураамж, нөхөн төлбөрийн харьцаа ямар байгаа вэ?

-2016 онд нийт 30 орчим мянган жолооч зам тээврийн осол гаргаж, 14 тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөр авсан. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар олгосон нөхөн төлбөрийн хэмжээ 12 тэрбум төгрөг хүрч байна. Бид нөхөн төлбөр авч байгаа тохиолдол бүрийг нарийвчлан судалж байна.

Ихэнх жолооч нөхөн төлбөр огт аваагүй байхад нэг хэсэг нь жилд есөн удаа авсан тохиолдол ч бий.

Тухайлбал, Монгол даатгалд даатгуулсан 32 даатгуулагч жилд 4-9 удаа нөхөн төлбөр авсан байна. Жилд есөн удаа зам тээврийн осол гаргаж хохирол нөхүүлнэ гэдэг бол төлсөн хураамжаас дэндүү давсан үзүүлэлт, нийгмийн өмнө хүлээх ямар ч хариуцлага алга. Ийм хүний төлж байгаа хураамжийн хэмжээ жилд нэг  осол гаргасан даатгуулагчийнхтай адил байж болох уу. Үгүй шүү дээ, өндөр байх ёстой. Энэ ялгааг хураамж тооцох итгэлцүүрт нарийн тусгаж өгөх ёстой.Ийм жолоочтой гэрээ хийхээс татгалзах эрх даатгалын компаниудад бий шүү.

- Үүнийг чинь л хуулийн цоорхой нь гэнэ биз дээ?

-Хуулийн цоорхой гэхээс илүү практик мэдлэггүйгээс зөв журамлаагүй гэвэл зөв байх.

Даатгуулагч нэг удаагийн гэрээнд хэдэн удаа нөхөн төлбөр авах вэ гэдгийг нөхөн төлбөрийн журамд тусгаагүй. Тиймээс нэг жилийн хугацаатай байгуулж буй гэрээний хүрээнд даатгалын хэдэн удаагийн хохирол барагдуулах вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай юм. Ингэж тусгаагүйгээс санаатай бөгөөд санамсаргүй үйлдлүүд гараад байхыг үгүйсгэхгүй. Осол гаргах бүрд даатгалаас нөхөн төлбөр олгоод байвал зам тээврийн осол гаргахыг нь өөгшүүлж байгаа мэт харагдаж байна шүү дээ. Даатгалын нэг гэрээ дээд тал нь хоёр даатгалын тохиолдолд үйлчилгээ авч хохирол нөхүүлэх вэ гэдэг юм уу нарийн, тодорхой нэмэлт өөрчлөлтийг хуульдаа тусгах шаардлага байгаа юм.

ОХУ-д зам тээврийн ослын үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй тохиолдолд цагдаа заавал очих шаардлагагүйгээр даатгагчдын түвшинд шийдэж байхаар журамласан. Даатгалын шуурхай алба хохирлыг нь тогтоож, даатгагч хохирлыг барагдуулдаг. Харин даатгалгүй болон даатгалын хугацаа нь дууссан этгээд хууль зөрчиж замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасан байвал цагдаа заавал очдог. 

Хууль зөрчиж, зам тээврийн осол гаргасных нь төлөө тухайн жолоочид хариуцлага ногдуулдаг байна. Манай улсад  одоо ийм зохицуулалт бий болгохоос өөр  аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Гэтэл Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр осол гаргасан этгээд замын цагдаагаас тодорхойлолт авч байж даатгалын байгууллагаар үйлчлүүлнэ гэж шаардаж байгаа нь давхар дарамт болж, зам тээврийн ослын тохиолдлыг бүртгүүлэхгүй байх тохиолдол үүсч болзошгүй байна. Учир нь осол хийсэн жолоочийг цагдаа 100 мянган төгрөгөөр торгож, зөрчлийн оноог нь таван нэгжээр хасах зохицуулалттай болсон. Тиймээс хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, тухайн осолд холбогдогч талууд харилцан ойлголцсон тохиолдолд аль болох даатгалын байгууллагаар асуудлаа шийддэг байхаар тохирсон байгаа.Харин өмнө хэлсэн хариуцлагын даатгалд даатгуулаагүй,гэрээний хугацаа нь өнгөрсөн этгээд замын хөдөлгөөнд оролцож хууль зөрчсөн бол замын цагдаа заавал очиж торгохоос өөр аргагүй шүү дээ. Хууль дээдэлж мөрдөхгүй байгаа иргэнтэй хариуцлага тооцохоос өөр яах вэ.

Албан журмын даатгалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

-ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫГ АШИГ ОЛОХЫГ САНААРХАГЧИД БИШ, АШГИЙН БУС ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХАРИУЦУУЛБАЛ ЗОХИСТОЙ БАЙЖ БОЛОХ ЮМ-

-Албан журмын даатгал бол бизнесийн өнцгөөс харахад алдагдалтай гэдэг. Үйл ажиллагаанд нь ачаалал нэмэх атлаа хураамжаасаа давсан зардал гаргаж нөхөн төлбөр төлдөг гэж даатгалын компаниуд ярьдаг?

-Даатгалын компаниудад энэ даатгалын бүтээгдэхүүн  ачаалал үүсгэж байгаа талаар шалтгаан хэлэх учиргүй юм. СЗХ-оос даатгалын компаниудын хүсэлтийг үндэслэн жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх зөвшөөрөл олгосон байдаг. Даатгалын компаниуд нь үйлчилгээ үзүүлэх шалгууруудыг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ үйлчилгээг үзүүлээд орлого олох, ашигтай ажиллах  нь  даатгалын байгууллагын зорилго.

Үнэхээр алдагдал, дарамттай байгаа бол энэ үйлчилгээг үзүүлэх боломжгүй гээд тусгай зөвшөөрөлөө буцаах эрх нь нээлттэй шүү дээ.

Сайн үйлчилгээ үзүүлж байгаа хэд хэдэн даатгагчид байгаа бөгөөд сайн ажилладаг нь аваад явж болно. Боломж нөхцөл ч хангалттай бий. Тиймээс хууль, журмаар хүлээсэн бүх шаардлагыг хангаж  үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгох нь зүйд нийцнэ.Тэгээд ч энэ даатгалыг ашиг олохыг санаархагчид биш, ашгийн бус хуулийн этгээдэд хариуцуулбал зохистой байж болох юм.

-Уг үйлчилгээг борлуулж буй зуучлагч байгууллагуудын оролцоог чанаржуулах шаардлагатай юу. Хураамжийн 20 хүртэл хувийг авдаг учраас даатгагчдад уг үйлчилгээ нь ашиггүй байгаа юм уу?

-Жолоочийн хариуцлагын даатгалыг борлуулахад даатгалын компани өөрөө, даатгалын төлөөлөгч болон зуучлагч компаниудаар даатгалын гэрээ хийх хэлбэрээр явагдаж байна. Зуучлагчид хураамжийн 15-20 хувийг авна гэсэн нөхцөлтэйгээр гэрээ хийдэг. Өөрөөр хэлбэл, зуучлагч албан журмын даатгалын нэг гэрээ тутмаас дунджаар найман мянган төгрөг авдаг гэж үзье л дээ. Гэтэл зуучлагчид гэрээгээр хүлээсэн үүрэг болох даатгалын ач холбогдол, үйлчилгээний талаар тайлбарлан таниулах ажил нь хангалтгүй байна.

Даатгалын гэрээ хийхэд гол ажил болох итгэлцүүрийн тооцоог манай байгууллагаас боловсруулсан МИИС системээр онлайнаар тооцдог тул үндсэндээ зуучлагчдын ажил маш их хөнгөвчлөгдсөн. Тэгсэн атлаа жолоочид даатгалын үйлчилгээ шаардлагатай үед хаанаас яаж авах талаар тайлбарлахгүй, хуулиа сурталчилдаггүй, бараг даатгалаа ч ойлгохгүй зуучлагчид олон байна. Тиймээс бид шаардлага шалгуураа өндөрсгөх хэрэгтэй.

-ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХУВЬ ХҮНД БИШ ГЭРЭЭТ ЗАСВАРЫН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ БАЙДЛААР ЗОХИЦУУЛАХ НЬ ЗӨВ-

-СЗХ-ны тайланд албан журмын даатгалын хураамжийн орлого тогтмол өсөж байна. Харин нөхөн төлбөрийн хэмжээ өсөхгүй байна. Энэ зөв чиг хандлага уу?

- Энд ойлголтын зөрүү байх шиг байна. Хураамжийн нийт дүн өсөж байгаа нь үнэн. Хууль хэрэгжиж эхэлсэн 2012-2013 онуудад 17 тэрбум орчим төгрөгийн хураамж төвлөрдөг байсан бол 2016 онд 26 тэрбумд хүрсэн. Тээврийн хэрэгслийн тоо 350,0 мянга байснаа 560,0 мянга болж нэмэгдлээ. Энэ бол хамрагдвал зохих тээврийн хэрэгслийн 90 орчим хувь.

Олгосон нөхөн төлбөрийн  хэмжээ таван жилийн өмнө 9 тэрбум төгрөг байсан бол одоо 14 тэрбум болсон.

Энэ онд арай бага байх болов уу. Уг нь бол нөхөн төлбөрийн хэмжээ буурч л байвал сайн, тодруулж хэлбэл зам тээврийн ослын тоо буурч байна гэсэн үг шүү дээ.

Онцолж хэлэхэд зам тээврийн ослоос хохирогчид учирсан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг бүрэн нөхөж олгох үүрэг зөрчигдөж болохгүй. Зам тээврийн ослын тоо багасаж байвал жолооч нарын хариуцлага нь сайжирч байгаагийн илрэл юм. Энэ зөв чиг хандлагыг үргэлжлүүлэхэд даатгалын байгууллагын үйлчилгээ сайжирч, даатгуулагчдын эрх ашиг илүү хамгаалагдаж, тэр хэрээр хариуцлагыг нь сайжруулна.

Согтуугаар үйлдсэн ослын тоо маш өндөр хувьтай байна.

Он гарснаас хойш 431 хүн зам тээврийн ослоор нас барсан байна Тэгэхээр жолооч нарын хариуцлагыг сайжруулахын тулд тэдний үйл ажиллагаанд тавих хяналтыг нэмэгдүүлэхэд ЗЦГ, АТҮТ болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байна.

-Хохирол үнэлэх ажиллагаанд доголдол их байгаа талаар шүүмжлэл их гарах юм?

- Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл авах эрх нь нээгдсэн даатгагч, зуучлагч, хохирол үнэлгээний зэрэг олон байгууллага жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхэд оролцож байна. Зам тээврийн осолд өртөж хохирсон хүмүүс үнэлгээ бодитой биш, хэт доогуур байна гэсэн гомдол гаргадаг. Цаашид хохирлын үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгаж тогтоох, үнэн зөвийг нягтлах нь зүйтэй.

Бусад улсад хохирлын нөхөн төлбөрийг хувь хүнд биш гэрээт засварын газарт урьдчилгаа болон гүйцэтгэлийн үр дүнг харгалзаж 2 удаа шилжүүлэх байдлаар ажилладаг туршлагыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Энэ тохиолдолд засварын газруудад сонгон шалгаруулалт явагдаж орчин үеийн техник технологи нэвтрүүлсэн нь үйлчлэх эрхтэй болно.Автомашины засварын мэдээллийн баазтай болно.Сэлбэг хэрэгслийн чанарт хяналт тавих, үнийн хэт хөөрөгдөлт гаргахгүй байх нөхцөл бүрдэх юм.Ингэж даатгуулагч,жолооч нарын эрх ашиг хамгаалагдана.