Монгол улсыг сансар судлалын түүхэнд мөнхлөх эмэгтэй хэн байх вэ?
Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа 1981 онд “Союз-39” хөлгөөр ЗХУ-ын сансрын нисгэгч В.И.Жанибековын хамтаар сансарт хөөрч 8 өдрийн турш дэлхийг нийт 124 удаа тойрч эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Тэр цагаас хойш 36 жилийн дараа Монгол хүн, тэр тусмаа эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээх тухай яриаг УИХ-ын гишүүн Л.Болд чуулган дээр үг хэлэх үедээ хөндсөн юм. Тэрбээр “Монголын олон анхдагчууд хамтраад “Шинэ Монголын Санаачилга” гэсэн олон нийтийн байгууллага үүсгээд байна.
Социализмын үед дэлхийн сансар судлалын арван орны нэгд бичигдэж байсан томоохон амжилт бидэнд бий. Харин энэ амжилтаа алдахгүй, ахиулах ёстой гэдэг үүднээс ойрын үеийн томоохон зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилгод Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт нисгэх, сансар судлалд Монголыг илүү идэвхтэй оролцуулах төслийг хэрэгжүүлэх явдал багтаж байна. Түүнчлэн сансраас хийгддэг алсын зайн тандалтыг хөгжүүлэх чиглэлд хүн сонгохоор ажиллаж байна.
Мөн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх Монгол орны алслагдсан газруудад яаж үр ашигтай үр тариа бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ургуулах вэ гэдэг тал дээр судалгаа хийх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ асуудлаар бид ОХУ-ын зарим байгууллагуудтай хамтран ажиллаж байхад Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэх шаардлагатай нь ажиглагдсан.” гэж хэлээд энэ асуудлыг ойрын үеийн засгийн газрын хоорондын комисс дээр ярилцаж хэлэлцээрийг дахин шинэчилж батлах асуудалд Засгийн газрыг анхаарал хандуулахыг хүссэн юм.
Дэлхийн түүхэнд анх сансарт ниссэн эмэгтэй Валентина Терешковаг “Шинэ Монголын Санаачилга” байгууллагаас “Насан туршийн бахархалт хүн” шагналаар шагнаж, түүнийг Монголд айлчлах урилгыг хүргүүлээд байгаа билээ. Түүнийг Монголд ирэх үеэр энэхүү яриа ажил хэрэг болох шатандаа аль хэдийн орсон байх бизээ.
Сансар огторгуйд хөөрөх нисгэгчийг хэл, мэргэжил, эрүүл мэнд, бие бялдрын тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон авч тусгай сургалтаар бэлтгэдэг. “Шинэ Монголын Санаачилга” ТББ сансарт нисэх анхны монгол эмэгтэйг сонгон шалгаруулахын тулд агаараас тандалт судлал, физик, геологи уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Анхны сансрын нисгэгчээ хөөргөхөд тухайн үед улстөрийн үеэл суртал, төрийн оролцоо өндөр байсан бол өдгөө энэ салбарт хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын үүрэг оролцоо өндөр байж, түүнийг нь төр, засгийн газрын түвшинд дэмжих нь зүйтэй юм.
Мэдээлэллийн технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө цаг Монгол Улс олон улсын сансар судлалын боломжуудыг өргөнөөр ашиглан мэдээллийн сүлжээнд нэвтрэхээс гадна Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчээ сансарт илгээх нь улс орноо дэлхийд сурталчилсан томоохон ажил болох юм.