Б.Жавхланцогт:
Албан журмын даатгал хохирогчийг хамгаалдаг
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаар "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашигийн талаар хөндлөө.
Энэ удаад даатгалын хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг төлөөлүүлж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Б.Жавхланцогттой уулзаж ярилцлаа.
-Албан журмын хариуцлагын даатгалын онцлог,бусад төрлийн даатгалаас ямар ялгаатай байдаг вэ?
Хариуцлагын даатгал гэдэг нь өөрийн гэсэн онцлогтой. Өөрийнхөө алдаа, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас алдаа гаргаж, бусдад хохирол учруулбал, хохирлоо даатгалын компаниар төлүүлэхээр тохирсон гэрээ хэлцэл.
Өөрийгөө даатгуулж байгаа биш, харин ч өөрөөсөө бусдыг даатгуулж байна гэж ойлгож болно.Хариуцлагын даатгал нь бусдад учруулсан эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн хохирлын аль алинийг нь хариуцан төлдөг.
Дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэж байгаа албан журмын хариуцлагын даатгалын бүтээгдэхүүн бол манай улсад хуулийн дагуу хэрэгжиж байгаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгал юм.
-Ямар үндэслэлээр хариуцлагын даатгалуудыг төрөөс албан журмын болгодог вэ?
Хуулиар хариуцлагаа албан журмаар даатгуулахыг шаардуулж байгаа иргэн, байгууллагыг өөрийг нь хамгаалж байгаа бус, үнэн чанартаа бол тэдний хариуцлагагүй үйлдлийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч болох хохирогчдийг нь даатгасан байдаг.
Жишээ нь манай улсад замын осол, үйлдвэрлэлийн осол, санхүүгийн байгууллагуудын эрсдэл өндөр гэж тооцогддог. Тэгэхээр албан журмаар даатгуулж байгаа жолоочийг нь бус, бусад жолооч, явган зорчигчийг нь хамгаалж даатгаж, мөн банкуудыг бус тэдний харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчдийг хамгаалж банкны хадгаламжийн даатгал, зээлийн эрсдэлийн даатгалыг шаарддаг гэж хэлж болно.
Нийтлэг анзаарагддаг зүйл гэвэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад албан журмын даатгалын нэр, төрлүүд маш олон байдаг.
Цаанаа хохирогч нарыгаа л хамгаалаад байгаа гэсэн үг.
Нөгөө талаас бусдын өмнө хариуцлагаа үүрэн нийгэмд оролцож байдаг тэр этгээдүүд нь даатгалын хураамжаа төлж байна гэдэг нь урьдчилаад хариуцлагаа үүрч байгаа нэг хэлбэр юм.
-Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нар хариуцлагатай болж чадсан уу?
Манай улсад өмнө нь албан журмын даатгалыг өргөн хүрээгээр хийж байсангүй, хуульгүй ч гэсэн замын цагдаа нарын оролцоотойгоор жолоочийн хариуцлагын даатгалыг бага үнэлгээтэй, бага хураамжтайгаар заримдаг хэрэгжүүлж байсан.
Жолооч нарыг хариуцлагажуулах үндэслэл байсан уу? Угаасаа байсан.
Авто машины тоо, замын нөхцөл, жолооч нарын соёл зэргээс үүдсэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол улам нэмэгдсээр л байна.
Гэхдээ хууль гарснаар жолооч нарыг бүрэн утгаар нь хариуцлагатай байхыг шаардаж чадаж байгаа гэхэд хэцүү.
Тухайлбал согтуу жолооч нар, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдүүдийн өмнөөс нь даатгал бүрэн төлөөд байх нь хариуцлагажуулж байна уу, хариуцлага алдалтыг нь өөгшүүлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй.
Ийм хариуцлагагүй тохиолдлуудад даатгагч нь хохирогчийг нь бүрэн хохиролгүй болгоод, хариуцлага алдсан жолоочоос нь буцаан нэхэмжлэх, эсвэл даатгагч нь дийлэнх хувийг нь хариуцаад, хариуцлагагүйн зэргээс нь хамааруулан даатгуулагч өөрөө тодорхой хувийг нь хариуцдаг байж бас болно.
Ерөнхийдөө хэрэглэгч, хохирогчийг хамгаалж байгаа гэдэг утгаар Санхүүгийн зохицуулах хороо болон хууль тогтоогчдын зүгээс даатгал бүх хохирлыг арилгах ёстой гэсэн хандлагатай байж болно. Энэ нь мэдээж зөв, гэхдээ даатгалаас энэ дунд ямар хохирлыг төлж, ямар хохирлыг төлөхгүй байх вэ? гэдгийг дахин тодорхой болгох хэрэгтэй.
Хохирогчийн хохирлыг даатгалын компани барагдуулаад, дараа нь буруутай этгээдээс эргүүлээд төлүүлдэг энэ механизмаа илүү сайн ажиллуулахгүй бол хариуцлагажуулж байна уу? үгүй юу ? гэдэг нь асуудалтай байна.
-Даатгалын компаниудаас үйлчилгээ сайн авч чадахгүй байгаа жолооч нар даатгалын хэмжээгээ нэмэх сонирхолгүй байгаа. Даатгалын хураамжийн хэмжээг яагаад нэмэх шаардлагатай вэ?
Хариуцлагын даатгалд даатгуулагч эхлээд мөнгөө төлдөг. Тэр хураамжаар нь хохирогч нарын хохирлыг барагдуулах хангалттай хэмжээний сан бүрдэж байх ёстой.
Гэтэл энэ хэмжээ нь манайд маш бага байна. Олон улсад дунджаар жилд 600-700 доллар байдаг. Бүгд л мэдэж байгаа, гадаад улс орнуудад авто замын эрсдэл бага гардаг, соёлтой байдаг нь ухамсартай мундаг гэхээсээ илүү санхүүгийн хариуцлага нь асар их байдагтай холбоотой.
Харин манайд 20 хүрэхгүй доллар төлөгдөж, асар бага хэмжээний мөнгөөр сан бүрдүүлдэг. Энэ жаахан мөнгөөр даатгалын компаниуд даатгуулагчдийн хохирлыг бүрэн сэтгэл ханамжтайгаар барагдуулж чадахгүй байх нь аргагүй. Анхнаасаа тогтоосон хураамж нь нийгэмд үүсч байгаа эрсдэл, хохирлын статистиктайгаа бүрэн уялдаж гарч ирээгүй.
Ялангуяа би энд хохирогч нарын амь нас, эрүүл мэндийн хохирлыг үнэлж, шалтгааныг тогтоож чадахгүй байгаа, түүнийгээ хохирогч нар нь нэхэмжилж сураагүй, хууль эрх зүйн орчин нь дутмаг байгааг хэлж байна.
-Жолооч нар хариуцлага алдаж байгаа нь үнэн. Гэхдээ даатгалын компаниуд үйлчилгээгээ сайн үзүүлэх ёстой. Жолоочийн хариуцлагын даатгалыг арилжааны даатгалын компаниуд эрхлэх нь хэр зохистой вэ?
Өөр сайн туршлагууд одоогоор дуулдаагүй байна. Даатгал гэдэг нь үйлчилгээ учраас гомдол багатайгаар үйлчлэх чиг үүрэгтэй. Даатгалын компаниуд хийхэд илүү үр дүнтэй гэж харж байгаа.
100 гаран жилийн өмнө албан журмын даатгалын хуультай болсон бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад манай улсад 5 жил гэдэг дөнгөж эхлэж байгаа учир алдаа, дутагдал нилээд бий.
Эрх зүйн хувьд ч, боловсоон хүчний хувьд ч, техник технологийн хувьд мөн адил. Гэхдээ даатгалын компаниудын үйлчилгээ улам сайжирч, олон болж байгаа, үүнийгээ дагаад өрсөлдөөн, чанар яригдаж байна.
-Хохирлын үнэлгээн дээр жолооч нар сэтгэл дундуур байдаг талаар?
Хохирлыг үнэлж байгаа үнэлгээ манайд их алдаатай байсан. Гэхдээ сүүлийн нэг, хоёр жилд арай гайгүй болж байна. Хохирол үнэлгээний компаниудийн тоо 30 гаран болж өрсөлдөөн бий болсон.Эхний жилүүдэд үнэлгээтэй холбоотой асуудлууд хохирогч болон даатгуулагчдад хоёуланд нь тулгарч байсан.
Хохирол үнэлгээний компаниуд нийлээд Монголын Хохирлын Үнэлэгчдийн Холбоо гэж байгуулсан.Эхнээсээ нэгдсэн үнэлгээний систем, нэг мэдээллийн сантай болоод ажиллаж эхэлж байна.
Энэ бол даатгуулагчид ч, даатгагч нарт ч сайн зүйл.
-Арилжааны даатгалын компаниуд зөвхөн ашгаа тооцоод, нийгмийн ач холбогдлоо орхигдуулаад байгаа нь ажиглагддаг?
Миний хувьд энэ төрлийн даатгал дээр даатгалын компаниуд хэзээ ч их ашигтай, эсвэл их алдагдалтай ажиллахгүй гэдгийг мэдэж байгаа.Яагаад гэхээр энэ даатгал өөрөө ашгийн төлөө бус, давхар нийгмийн зорилготой даатгал гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбоо, цаашлаад даатгалын компаниуд ч хэлдэг.
Угаасаа л олон улсад энэ төрлийн даатгал дээр даатгагчдад орсон хураамж нь буцаад даатгуулагчдад нөхөн төлбөр хэлбэрээр, мөн үйл ажилллагааны зардалд нь гараад балансладаг даатгал.
Нөгөө талаас даатгалын компаниудад хэт их ашиг, алдалтай болсон үед хууль тогтоогч, хянагчдын зүгээс жолоочийн даатгалын суурь хураамжийн хэмжээ, итгэлцүүрүүдийг тэр бүр шинэчлэн тогтоох эрх зүйн боломжтой байгаа учраас тэр.
- Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр жолооч нар цагдаа,даатгал дуудах нь эрс багассан. Оноогоо хасуулж, 100 мянган төгрөгөөр торгуулахыг хүсэхгүй . Даатгалын компаниуд ашгаа бодож, энэ хуулийг гаргахад лобби оруулсан гэсэн хардлага сошиалд харагдаж байсан?
Энэ жил зөрчлийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжээд, торгуулийн оноо гарч ирсэн. Буруутай этгээдийг замын цагдаа 100 мянган төгрөгөөр торгоод, 5 оноог нь хасах гэдэг зүйл гарч ирсэнээр даатгалын компанид жолооч нар хандах нь багассан нь үнэн.
Энэ нь даатгалын компаниудад хүсээд байхаар зүйл биш гэдгийг баттай хэлнэ.
Яагаад гэвэл ингэх нь жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал гэсэн авто машинтай холбоотой энэ 2 даатгалын ач холбогдлыг нь сулруулж байна.
Өөрөөр хэлбэл алсдаа даатгуулах хэрэгцээ, шаардлага, хүслийг нь бууруулах аюултай. Ийм ажлыг даатгалын компаниуд хүсэх үү. Нийгэмд эрсдэл аль болох бага гардаг байх, гарч байгаа тэр эрсдэл хохирол нь даатгалын механизмаар дамжиж нөхөн төлөгддөг байх нь хамгийн эрүүл зөв тогтолцоо.
Гэхдээ замын цагдаагийн байгууллагаас буруу зүйл хэрэгжүүлчихсэн юм биш. Бас л нэг аргаар жолооч нарыг хариуцлагажуулах гэж оролдож байна. Бүх л улс орнуудад зөрчлийн оноог хэрэгжүүлдэг.
Даатгалын компаниудын хувьд заавал замын цагдаагийн оролцоогүйгээр авто замын осол, хэрэг дээр очоод, хохирлыг нь тодорхойлоод,хохирол барагдуулах хүсэл байгаа.
Гэхдээ даатгалын тохиолдол болж маргаан гарсан үед яг газар дээр нь очоод ажиллахад даатгалын компанийн ажилтнууд замын цагдаа нарын хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм, журмийн талаар мэдлэг, туршлага алга.
Зарим нэгэн жолооч нарт нь ч бас аль нэг даатгалын компанийн ажилтнаар өөрийн буруутай эсэхээ тогтоолгох, тэр шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх хүсэл, соёл хараахан тогтоогүй байгаа.
Энэ үед цаг нь арай болоогүй байгаа санагддаг. Үүнд хууль эрх зүйн хувьд өөрчлөлт оруулж эрхийг нь олгох, даатгалын салбарыханд боловсон хүчний хувьд бэлтгэх хугацааг өгөлгүйгээр шууд тулгасантай холбоотой байх.
-Жолоочийн хариуцлагын даатгал нь эрсдэл гарахаас өмнө өөрийгөө болон бусдыг хамгаалж байдгаараа давуу талтай. Энэ талаар иргэдэд таниулж,даатгалын боловсрол олгоход яаж анхаарах хэрэгтэй вэ?
Даатгалын компаниуд, холбоодууд, даатгалын хууль, хяналтын байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүдээс янз янзын сувгаар л даатгалын талаар сурталчилгаа, мэдээлэл өгдөг.
Гэхдээ хамгийн гол боловсрол мэдлэг олгодог арга нь яг энэ жолоочийн хариуцлагын албан журмын даатгал байгаа юм.
Энэ даатгалаар дамжуулан бусад албан журмын даатгал, сайн дурын даатгалыг идэвхижүүлж, даатгалын боловсролыг хэрэглээгээр нь дамжуулж олгодог.
Бусад улс орны туршлагаас харахад ч хэрэглээгээрээ нь дамжаад боловсрол олоод, тэр нь зуршил болж, цаашлаад соёл болж төлөвшсөн байдаг.