Жолоочийн хариуцлагын даатгалын үр дүнд, жолооч нарт сэтгэл дундуур байна
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог.
Энэ удаад "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байна.
Энэ хуулийн дагуу жолооч нар Жолоочийн хариуцлагын даатгалыг АЛБАН ЖУРМААР төлж байгаа.
Энэхүү даатгал нь жолооч өөрийнхөө алдаа, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас осол гаргаж, бусдад хохирол учруулбал, хохирлоо даатгалын компаниар төлүүлэхээр тохирсон гэрээ хэлцэл юм.
АЛБАН ЖУРМЫН даатгал учраас жолооч нар даатгалаа төлөөд явдаг ч эргээд даатгалын компаниас нөхөн төлбөрөө гаргуулахтай холбоотой асуудлууд үүсдэг.
Жолооч даатгалаас нөхөн төлбөрөө гаргуулахын тулд заавал цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах шаардлагатай байдаг.
Харин өнгөрсөн 7 сарын 1 ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар осол гаргасан жолооч 100.000 төгрөгөөр торгуулж бас 5 оноо хасуулахаар зохицуулсан байгаа.
Үүнийг бодитоор мэдэрч, даатгалын компаниуд гэрээгээ биелүүлэхгүй байгаа талаар иргэн н.Бат-Учралтай ярилцлаа.
/Тэрээр биднээс өөрийнх нь зургийг нь нийтлэхгүй байхыг хүссэн юм/
Жолоочын хариуцлагын даатгалтай холбоотой ямар асуудал Танд тулгарсан вэ? Энэ талаараа яриач.
Би 2012 оноос хууль хэрэгжиж эхэлснээс хойш, 5 жил албан журмын даатгалд тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Анх удаагаа 2017 оны 11 сарын 28-нд авто тээврийн осолд холбогдоод, даатгалдаа хандсан. “Монре” даатгал Замын цагдаагийн газраас авто тээврийн осолд холбогдсон нь үнэн гэсэн тодорхойлолт шаардсан юм.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаад тодорхойлт авахаар хандаад, тээврийн осол гаргасан үндэслэлээр Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулчхаад байна. Миний гаргасан ослын төлбөр 100 мянган төгрөг хүрэхгүй хохирол байсан. Олон жолооч нар над шиг хохирч байна.
Даатгалын компаниуд гэрээгээ биелүүлж чадахгүй байна. Жижиг осол гаргасан жолооч нар 100 мянган төгрөгөөр торгуулж, 5 оноогоо хасуулахаас зугтаагаад өөрсдөө төлбөрөө төлдөг болсон.
Та зөрчигдөж байгаа эрхийнхээ төлөө ямар газруудаар явав?
Даатгуулагчийн хувьд нилээ олон газраар явлаа. Тэгээд Санхүүгийн зохицуулах хороонд хандсан.
Монгол улсад нийт 15 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна
Санхүүгийн зохицуулах хорооноос ямар хариу авсан бэ?
Санхүүгийн зохицуулах хорооны даатгал хариуцсан хэлтсийн даргатай уулзсан. Болсон үйл явлаа ярьсан. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны 10 сард зам тээврийн осолд өртсөн холбогдогч талууд хоорондоо маргаангүй, гэм буруугаа хүлээсэн, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглээгүй тохиолдолд даатгалын компаниуд даатгуулагчаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан юм байна лээ.
Иймд жолооч нар Замын цагдаад хандах шаардлага байхгүй, даатгал хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэсэн. Гурван талт хэлэлцээр хийсэн ч, даатгалын компаниуд хэлэлцээртэй хүрэхгүй байгаа. Иймд өргөдөл, гомдол их ирж байгаа гэж албаны хүн нь тайлбарлаж байна.
Эндээс харахад “Монре” даатгал хохирлыг тань барагдуулах бүрэн үндэслэлтэй юм байна. Тэгээд та хохирлоо гаргуулж чадсан уу?
Өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байна. “ Юун сүртэй юм бэ? Ийм өчүүхэн хохирол дээр, өөрсдөө тохиролцоод явчхаач” гэж даатгалын байцаагч нь хариулаад сууж байна. Ингэж болохгүй биз дээ.
Би яах гэж даатгал төлсөн юм бэ? Гэнэтийн осол, аваарын үед эрсдэлээ тооцож, хохирлоо барагдуулах гэж даатгуулсан шүү дээ.
Олон улсад даатгалын компани үйлчилгээний байгууллага байдаг юм байна. Хэрвээ би осолд холбогдсон бол тухайн даатгалын компани үйлчлүүлэгчийнхээ холбогдох бүх материалыг өөрсдөө хөөцөлдөж, үйлчилгээг бүрэн үзүүлдэг юм байна. Харин манай даатгалын компаниуд төрийн байгууллагын хүнд суртал, төрийн байгууллагын байцаагчийн хэмжээнд бидэнтэй хандаж байна.
“Тийм бичиг аваад ир, тэг ингэ гэж захиран тушааж” харьцдаг. Үйлчилгээ биш дарамт үзүүлдэг байгууллага болчихжээ. Энэ хэдэн даатгалын компаниудад хохирол барагдуулах сэтгэл, зүрх алга.
Уг нь албан журмын даатгал хохирогчийг хамгаалдаг, чухал даатгал гэж албаныхан тайлбарладаг. Таны бодлоор энэ тогтолцоонд ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ?
Бодит жишээ надад учирсан асуудал байна. Даатгалын компаниуд шалтаг хэлж, нөхөн төлбөрөө олгохгүй байна.
Миний хувьд 6 жил даатгал төлөөд, анх удаагаа жижиг осол гаргасан. Хохирлоо барагдуулж чадаагүй.
Ингэж хохирч байгаа мянга, мянган жолооч нар бий.
Би энэ асуудлыг хөндөж ETV-р сурвалжлага бэлтгэж, сошиалд байршуулахад 50 мянга гаруй хандалт авсан.
Олон жолооч нар даатгалаас нөхөн төлбөрөө гаргуулж чадаагүй хохирч байна.
Хохирлыг барагдуулах ёстой даатгалын компаниуд үндсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Энэ нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд даатгалын компаниуд ашгийн төлөө ажиллаж байна.
Жолооч нар зөрчигдсөн эрхийнхээ төлөө явж чадаж байна уу? Маш их жолооч нар хохирдог ч, цаг завгүй учраас эрхийнхээ төлөө явдаггүй.
Бас шинэ гарч байгаа хууль, дүрэм, журмын талаар ямар ч мэдээлэл авч чаддаггүй учраас хохирч байна.
Даатгалын компаниудтай гэрээ хийхдээ, гэрээнийхээ зүйл, заалттай сайтар танилцаагүй гарын үсэг зурснаас болж ялагдаж байна.
Та энэ асуудлыг хөндөж олон хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч байгаа байх. Жолооч нарт сануулах зүйл юу байна вэ?
Замын цагдаагийн газрын 102 утсанд дуудлагаа бүртгүүлээд, дараа нь даатгалын компаниа дуудаарай.
Жолооч нартаа сануулахад Нийслэл хотод өдөр бүр, хаа сайгүй жижиг шүргэлцэх асуудлууд гарч байна. Ийм тохиолдолд Замын цагдаагийн газрын 102 утсанд дуудлагаа бүртгүүлээд, дараа нь даатгалын компаниа дуудаарай. Даатгалын компаниуд жижиг осол дээр Замын цагдаагийн тодорхойлолт нэхэх эрхгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Болохгүй бол Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын хэлтэст өргөдөл, гомдол гаргаад шийдүүлэх боломжтой. Өөртөө жоохон ч гэсэн цаг гаргаад тэмцэл хийгээрэй гэж хэлье.
Та эрх нь зөрчигдсөн жолооч нартай уулзаж, санал бодлын сонсож, нийгмийн сүлжээнд идэвхтэй байсан. Жолооч нар албан журмын даатгалыг үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд, ямар өөрчлөлт хүсэж байна вэ?
Жолооч нар албан журмын даатгалыг зогсооё, эсвэл дүрэм, журмаа баримталж бидний талд зогсох байгууллагуудад даатгалын эрхийг шилжүүлье гэж дуу хоолойгоо илэрхийлсээр байгаа.