Батлан хамгаалахын сайд баруун аймгуудад ажилллаж байна
2017.12.25

Батлан хамгаалахын сайд баруун аймгуудад ажилллаж байна

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.

Орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах салбар дахь хууль, эрхзүйн шинэчлэл болоод бүтээн байгуулалт, нийгмийн хамгаалал зэрэг олон сэдвээр офицер, ахлагч, ажилтан алба хаагчидтай яриа өрнүүлж, санал сэтгэгдлийг нь сонсож байна. Тэрээр Өвөрхангай аймагт ажилласны дараа Баянхонгор аймагт томилолтоо үргэлжлүүлэн батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Улаан загалмайн Ерөнхийлөгчийн хувиар орон нутаг дахь Улаан загалмайн салбаруудын удирдлага, хамт олонтой нь уулзаж, Монгол Улсын Онцгой комиссын орлогч даргын хувиар баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай ч газар дээр нь танилцаж байна.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, командлалуудын удирдлагууд ажиллаж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албаныхан нар шингэрэхийн үед Баянхонгор аймагт саатаж, хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан.

Хурандаа Б.Эрхэмбаяр энэ жил анги, хамт олноо Зэвсэгт хүчний хэмжээнд хэд, хэдэн бүтээн байгуулалтад оролцсон тухай, орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа тухай, алба хаагчдын ажиллах орчныг бүрдүүлэхийн төлөөх санаачлагуудаа ажил хэрэг болгосон тухай, хугацаат цэргийн алба хаагчид рүү чиглэсэн олон ажил гүйцэтгэсэн тухайгаа танилцуулсан юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний анги, байгууллага, салбаруудыг дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдаа манай цэргийнхнийг улам дэмжиж ажиллаарай гэж хүсч байв.

Түүнээс орон нутгийн сэтгүүлчид томилолтынх нь тухай тодруулахад "Өнөөдөр Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа. Үргэлжлүүлэн Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллана. Энэ удаагийн томилолтоор манай салбарт хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал юу байна, дэс дараатай шийдэх ямар ажил байгаа вэ зэргийг алба хаагчдаасаа тодруулж ярилцахыг чухалчилж байгаа. Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид, УИХ-ын дарга, гишүүдэд, Ерөнхий сайд болоод бусад Засгийн газрын гишүүдэд манай салбарт тулгарч байгаа асуудалд анхаарал тавьж ажиллахыг сануулсан. Юу гэхээр сүүлийн үед батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд хуваарилж байгаа төсөв үнэхээр их чамлалттай байгаагийн зэрэгцээ зэвсэг техникийн шинэчлэлд дорвитой үр дүн гарахгүй байна. Үүнд анхаарал хандуулж, ойлгуулах талаас нь хичээж байна. Магадгүй манай салбарын тухай ҮАБЗ-д илэн далангүй ярилцах цаг болсон гэж сайдын хувьд харж байна.

Үүнийгээ ч хэд, хэдэн удаа илэрхийлсэн. Зэвсэг техникийн шинэчлэл зөвхөн манай салбарын гадаад харилцааны шугамаар тусламжаар л голдуу ирж байна. Цаашдаа ийм байж таарахгүй. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийхдээ манай салбарын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Энэ нь анхаарал хандуулж эхэлсний дохио гэж харж байна" гэсэн юм. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж буй зарим алба хаагчийг батлан хамгаалахын салбарын шагналаар шагнаж урамшуулав. Батлан хамгаалахын сайдын баруун аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна.