Ц.Цогзолмаа: Хүүхэд сурах бичиггүй байхад юун таван боть ном
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгийн дутагдалтай хичээлийн жилээ өнгөрөөх болсон. Өнөөдөр ч зарим аймгийн 12 ангийн сурагчид сурах бичиггүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, төгсөх ангийн сурагчид хичээлийн хагас жилийг сурах бичиггүй өнгөрүүлээд байна. Гэтэл дээрх асуудлыг шийдвэрлэх, хүүхдийг сурах орчноор хангах ёстой салбарын яамны зарим дарга нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгөөрөө бусад дарга нарт бэлэглэх боть ном авах санал гаргажээ. Уг үйлдэлд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа эгдүүцэж буйгаа илэрхийлэн салбарын дарга нартаа хатуухан үг хэллээ. Тэрбээр “зарим аймгийн 12 ангийн сурах бичиг одоо хүртэл очоогүй. Гэтэл манай яамны дарга нар жилийн эцсийн үлдэгдэл мөнгө болох 155 сая төгрөгөөр таван боть ном авах санал оруулж ирлээ. Би өмнөөс нь шидсэн. Хүүхдүүд нь сурах бичиггүй байхад шинэ жилээр дарга нарт бэлэглэх юун таван боть ном бэ. Боловсролын салбар ийм дампуу болсон байна. Үнэн биз дээ дарга нар аа” гэв.