П.Эрдэнэбаатар:

Холбогдох байгууллагуудын уялдаа холбоо чухал


7 минут уншина
Ярилцсан А.Цолмон:
П.Эрдэнэбаатар: Холбогдох байгууллагуудын уялдаа холбоо чухал

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.

Энэ хүрээнд бид “Монре даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатартай ярилцлаа.

Даатгалын үйлчилгээ иргэдэд хүрэхийн тулд холбогдох байгууллагуудын уялдаа холбоо чухал

-Жолоочийн хариуцлагын даатгалын хууль хэрэгжсэнээс хойш хэрэгжилт ямар байгаа вэ? Энэ хугацаанд хүндрэлтэй ямар асуудал гарч байна вэ?

-Албан журмын даатгал бол хуулиар зохицуулагддаг даатгал учраас өөрийн компани гэхээсээ илүү зах зээл дээр болж байгаа асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбоо, даатгалын компаниуд болон Замын цагдаагийн газар гэсэн хэд хэдэн талууд оролцдог. 

Хуулийг чандлан мөрдүүлж хэрэгжүүлэхийн тулд эдгээр газруудын уялдаа холбоо маш чухал.

Яг одоогийн байдлаар даатгалын компаниуд  даатгалын нөхцөлийг олон нийтэд таниулан ажиллаж байна

Энэ ч утгаараа 2017 онд манай даатгалын тархалт буюу penetration rating нь 90 хувиас дээш гарсан сайн үзүүлэлттэй байгаа. Бид албан журмын даатгалыг орлого гэхээсээ илүү замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хариуцлага алдсан тохиолдолд тэр эрсдэлийг давах хамгаалалт гэж харж байдаг. Мөн хуулийн үзэл баримтлал буюу Жолооч нарыг хариуцлагажуулах асуудал энэ хуулиар бүрэн гүйцэд зохицуулагдахгүй хариуцлага алдаж байгааг хурдан шуурхай мөнгөн хэлбэрээр эрсдэлийг арилгах тал нь илүү хөгжиж байна.

-Даатгал бол нэг талаасаа үйлчилгээ. Танай компани харилцагч, даатгуулагчиддаа хэрхэн үйлчилдэг вэ?

-Албан журмын даатгалын тухай ярьж байгаа бол үүнийг хуулиар нь зохицуулсан байдаг. Нэг ёсондоо хохирлыг 30 хоног дотроо гаргаж өгөх ёстой. Бүрдүүлэх материал зэргийг бүгдийг хуульчилсан.

Манай компаний хувьд “Монгол уучлалт” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш хамгийн багадаа гурав хоног, хамгийн ихдээ 10 хоног дотор нөхөн төлбөр олгодог болсон. Нэг ёсондоо хуулийн хугацаанаас бид хамаагүй наана нөхөн төлбөрөө гаргаж байгаа гэсэн үг.

Дээрээс нь “Байна уу Монре” гэдэг хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр нь даатгуулагчдад гэрээ нь дуусч байгааг мэдэгдэж, даатгалыг нь хийж, нэмэлт төлбөргүй хүргэж өгдөг хөтөлбөр. Эдгээр хөтөлбөрүүдийг жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээн дээр тусгайлан гаргаж байна.

Үр дүнд нь манай компани дээр ирдэг байсан санал гомдлын тоо бараг тэг болсон гэж хэлж болно.

-Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сард зам тээврийн осолд өртсөн холбогдогч талууд хоорондоо маргаангүй, гэм буруугаа хүлээсэн, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглээгүй тохиолдолд даатгалын компаниуд даатгуулагчдаас цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөр олгох тухай чиглэл гаргасан. Үүнийг танай компани хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

-Энэ асуудал дээр Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, Хохирол үнэлэгчдийн холбоо, АЖДХ, Даатгалын холбоо зэрэг бүх талууд уулзсан. Уулзалт дээр хүний амь насанд хохирол учруулаагүй, жижиг хэмжээний хохирол дээр бол цагдаагийн тодорхойлолт нэхэхгүйгээр үйлчлэх боломжтой тухай ярьсан.

Гэхдээ ямар нэгэн байдлаар даатгалын залилангийн асуудал үүсэх магадлалтай учраас бидний зүгээс камерын эрх хүссэн хүсэлт гаргасан.

Өөрөөр хэлбэл ослын зөв, бурууг тодорхойлж чадах эрхзүйн үндэслэлтэй байж болох уу гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг шийдсэн цагт ямар нэгэн цагдаагийн оролцоогүйгээр гэм бурууг нь өөрсдөө дүгнэж гаргаад, хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Монголын Даатгагчдын холбоогоор дамжуулж хүсэлтээ өгсөн. Хариу ирээгүй байгаа.

Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан чиглэлийн дагуу ажиллахад хуулийн хэд хэдэн зөрчил үүсэх үндэслэл болж байна.

“Монре даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар

 

-Хууль эрхзүйн орчинд ямар ямар зөрчил үүсээд байна вэ? Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Дээрх өгсөн чиглэлд “буруутай этгээдийг тодорхойлох” гэж байгаа. Буруутай этгээдийг тодорхойлдог эрх зүйн үндэслэлтэй ганцхан байгууллага нь замын цагдаа.

Замын цагдаа оролцохгүй бол бурууг тогтоох эрх зүйн үндэслэл бидэнд байхгүй учир хохирсон, хохироосон хоёр хүний хоорондын маргааныг таслах боломжгүй.

Мөн одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалттай зөрчилддөг өөрөөр хэлбэл зам тээврийн осолд холбогдсон даатгуулагч нь дараах хууль болон даатгалын гэрээнд заасан үүргүүдийг хүлээдэг бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох үүргийг хүлээхгүй байхаар зохицуулсан байдаг. Тухайлбал:

Жолоочийн даатгалын тухай хууль
13-р зүйл. Жолоочийн хүлээх үүрэг хэсэг
13.1.2. Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах
13.5. Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна гэж заасан байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр 
8.4. Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно

8.4.4. шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
8.5. Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно
8.5.1. даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Иргэн, Хуулийн этгээдийн эрх, үүрэг
13.2.5. замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх

Замын хөдөлгөөний дүрэм 2-р бүлэг Жолоочийн үүрэг
2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэв/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх
2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно гэж тус тус заасан байна.

Даатгалын гэрээ болон холбогдох хууль дүрмийн дагуу даатгагч даатгуулагч нар харилцан үүрэг хүлээж эрх эдэлдэг тул дээрх хууль дүрмийн дагуу ослын газарт авах үүргээ биелүүлхийг даатгуулагчаас шаардах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

-Замын цагдаагийн хувьд Даатгалын компаниуд ослын буруу, зөвийг тодорхойлох чадамжтай байх ёстой гэсэн асуудлыг тавьж байсан.

-Тийм гарц байж болно. Нэг ёсондоо Замын цагдаагийн зарим эрх үүргүүд Даатгалын компанид ирнэ гэсэн үг л дээ.

-Даатгалын залилан байх боломжтой гэж та ярилаа. Энэ асуудлаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Олон улсын зах зээлд жижиглэнгийн буюу хувь хүн рүү хандсан даатгал дээр ойролцоогоор 20-30 хувийн “moral hazard” гэсэн ойлголт байдаг. Энэ нь ямар нэгэн нөхөн төлбөр, эрдсэл үүсэх нөхцөлийг санаатайгаар бий болгох гэсэн үг.

Өөрөөр хэлбэл санхүүгийн залилан хийж байна гэж хэлж болно.

Хэрвээ хууль хүчний байгууллага энэ даатгалаас гараад явчихвал залилан үүссэн байх боломжтой эрсдэлийг хэн үүрэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний хувьд цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй гэж үзээд байгаа асуудалд дээр зүгээр л хоёр хүний хоорондын зөрчил гэж шийдэх ёсгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл даатгалын компани болон даатгуулагч нарт гарах үр дагаварыг нь тооцох ёстой юм. Тиймээс энэ асуудал дээр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа талууд бүгд хоорондоо маш сайн уялдаа, холбоотой ажиллах ёстой.

Түүнэс гадна осол гаргасан жолоочийг торгоод байгаа Зөрчлийн тухай хууль,  оноог нь хасаад байгаа онооны зохицуулалт зэрэг нь даатгалаас мөнгө олгуулахгүй байх үүднээс үүсгэж байгаа арга хэмжээ биш гэдгийг иргэд даатгуулагчид сайн ялгаж ойлгох хэрэгтэй.

-Зам дээр осол гаргасан хоёр жолооч хоёулаа өөр даатгалын компани байвал тухайн Даатгалын компаний мэргэжилтнүүд хоорондоо мэтгэлцэж, хэний зөв буруу болохыг тогтоох чадвартай байх ёстой гэдэг байр суурь Замын цадаагаас өгч байсан. Даатгалын компаний зүгээс мэргэжилтнүүдээ хэрхэн яаж чадавхжуулж байгаа вэ?

-Бидэнд тийм дүгнэлт хийх эрх зүйн хувьд бололцоо байхгүй. Үүнийг тодорхой болгож чадах боломж нь Замын хөдөлгөөний камер. Тэндээс яг ямар хөдөлгөөн хийгээд, ямар дүрмийг зөрчсөн болох нь тодорхойлж болох учраас камерыг шүүх эрх олговол үүнийг шийдэх бүрэн боломжтой. Хойд хөршид Албан журмын даатгал маш сайн хөгжсөн байдаг. Хуульд нь бүх машин урагшаа харсан, хойшоо харсан камертай байх ёстой. Камерын бичлэгээр хэний буруу, зөвийг шалгаад тодорхойлчихдог.

-Жолооч нарын хувьд даатгалын компаниа дууддаг боловч удаан ирдгээс болж түгжрэл үүсдэг гэх бухимдал ирдэг. Улаанбаатар хотын хувьд өдөрт дунджаар 300 гаруй осол гардаг гэсэн судалгаа байдаг. Даатгалын компаний хувьд шуурхай албаны хүрэлцээ хэр байна вэ?

-Бид "Авто СОС” гэдэг компаниас үйлчилгээ авдаг. Тус компани нь хэд хэдэн даатгалын компаниудтай гэрээтэй ажилладаг.  Үүсээд байгаа эрсдэл дээр хэрхэн хүрч очих вэ гэхээсээ илүү юунаас болоод эрсдэл үүсээд байгааг ярих нь зүйтэй болов уу гэж харж байна. Манай компаний хувьд “Ногоон гэрэл -Цагаан шугам”, “Хүүхэлдэйн сургалт” зэрэг сургалтыг хийдэг. Бид бүх хүмүүст эрсдэлийн ойлголтыг өгч чадахгүйгээс хойш ядаж бага насны хүүхдүүддээ замын хөдөлгөөний наад захын дүрмийг ойлгуулах, замын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж байгаа.  

Даатгалын зах зээл нь манай улсын хувьд шинэ зах зээл. Бидэнд мэдэхгүй, ойлгохгүй боловч заавал давж туулах шаардлагатай асуудлууд байнга гарч байгаа. Бид энэ талаар маш өргөн мэдлэгтэй хүмүүсийг цуглуулж, ярилцаж байж нэгдмэл шийдлээр гаргана уу гэхээс биш яг нэг компаний албан бичиг, нэг хүний хэлсэн үг эсвэл сэтгэл ханамжгүй байгаа хариуцлага алдсан даатгуулагчийн хэлж ярьж байгаагаар Даатгалын зах зээлийн чиглэлийг тодорхойлж явах нь зохимжгүй.

Нэг ёсондоо зам дээр уураа барьж дийлээгүйгээс болж машин мөргөчихөөд даатгалаар төлүүлчихнэ гэдэг ойлголтой болчих болов уу гэсэн айдас байна. Дахиад хэлэхэд ер нь зам тээврийн ослыг гаргаж, давтан эрсдэл учруулж байгаа хүмүүс нь нийт жолооч нарын зургаан хувь нь л байдаг. 

Тиймээс үлдсэн 94 хувьд энэ даатгал яаж нөлөөлж байгаа нь асуулт болж үлдэж байна. Монре даатгал ХХК-аас хамгийн урт хугацаанд албан журмын даатгалын үйлчилгээ авч байгаа даатгуулагч гэхэд 5 жилээр авсан байна. Тэр хүн 5 жилийн хугацаанд 3-4 удаа даатгалын тохиолдол үүсгээд нөхөн төлбөрөө авсан. 5 жил даатгуулаад явж байна гэдэг нь “Монре даатгал” ХХК-ын үйлчилгээ тэр даатгуулагчид хүрсэн болоод явж байгаа гэж ойлгож байгаа.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж буй бид нэг талыг орхисон байна. Тэр нь даатгуулагчид. Хууль нь өөрөө бүгдэд нь үйлчлэх хууль учраас даатгуулж байгаа хүмүүс ч гэсэн энэ хуулийг сайтар ойлгож байх ёстой. Тэгэхгүйгээр ямар нэгэн даатгалын компани түлхэж, хүчээр даатгал хийлгэсэн юм шиг даатгалыг ойлгохоор яг тэр сэтгэлээрээ юмандаа хандаад, буруу зөрүү ойлголтыг үүсгэдэг.

Хуулийг олон нийтэд зөв ойлгуулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд маш сайн сурталчлах учиртай. Тэд өөрсдөө сурвалжилж, хэвлэж, нийтэлж байгаа мэдээ мэдээллийнхээ талаар зөв ойлголт авалгүйгээр нэг талыг барьсан мэдээллийг олон нийтэд тарааснаас болж даатгалын бүх компаниудын нэр хүнд унадаг, зах зээлийн талаар буруу мэдээлэл авдаг явдлууд гарч байгаа.