Л.Болд: Нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх хэрэгтэй
2018.01.11

Л.Болд: Нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-өөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо.

-Д.ЭРДЭНЭБАТ: НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД БҮРХЭГ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА-

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж нэг харах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаар ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ардчилсан намын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа. Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээд  олон анхаарах асуудал байна. Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга , ЗДТГ, Захирагчийн ажлын алба бага Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна" гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд 

" Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ чигээрээ батлагдчихвал шинэчлэл болж чадахгүй. Тиймээс энэ хуулийг амь оруулах үүднээс нийслэлийн иргэдийн эрх буюу ардчилалтай болох. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх. Нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэр талаасаа бол хамгийн онцгой бүрэн эрхтэй хот байх ёстой гээд засч сайжруулах олон асуудал байна. Хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, сайжруулахгүй бол өнгөлөн далдалсан хууль батлан гаргах хэрэггүй" хэмээлээ.

Хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гаж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадна гэж харж байгаа. Мөн дагуул хотуудын тухайд ард нийтийн санал асуулгаар Налайх, Багануур дүүргийг "Хот" болгосон. Тэгвэл энэ мэт дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалтыг алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв" гэдгийг дуулгав.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН АСУУДЛЫГ МАШ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Хэлэлцүүлэгт оролцогчдоос олон үнэтэй саналууд гарсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч асан Т.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын хог хаягдал  гэдэг бол маш том асуудал байдаг. Бид бараг сая тонн хогийг гаргаад хотынхоо гурван хэсэгт булшилж байгаа. Үүний хамгийн том асуудал нь хортой хог хаягдлын асуудал. Энэ хүрээнд аюултай хог хаягдлын үйлдвэрийг Засгийн газар шийдэж өгөх хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газрын санал болгосон газар дээр үйлдвэр барих гэхээр ард түмэн эсэргүүцдэг байдаг. Тиймээс энэ а суудлыг энэ хуульд тусгаж өгөх нь зөв"гэлээ. 

Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга биш зарчмын шинжтэй өөрчлөлт хийх нь зөв гэж бодож байна. Тодруулбал, нийслэлийн засаглалын асуудлыг маш ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүүргүүдээс эсвэл хороодоос бүрдэх эсэх, дүүргүүдийг хот гэж нэрийдэх юм уу. Тэдгээр хотууд нь ямар эрх мэдэлтэй байх, Засаг даргаа хэрхэн сонгодог байх, иргэдийн хурлын эрх мэдэл нь ямар байх зэргийг маш ойлгомжтой тодорхой болго хэрэгтэй байна. Түүнчлэн нийслэлийн өмчийн харилцааны асуудлын,газрын харилцаа, хот төлөвлөлт, хот байгуулалтын асуудал,төсөв санхүүгийн асуудал, байгаль, эрүүл аюулгүй орчин, нийтийн тээврийн асуудал зэргийг хуульчилж өгөх хэрэгтэй. Улмаар онцгой статусыг нь хангаад, Засаг дарга, иргэдийн хуралд нь эрх мэдлийг нь өгчихвөл нийслэл иргэдээ эрүүл аюулгүй амьдруулж чаддаг болно" хэмээлээ. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд хуралдаан даргалагч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн хүмүүст баярлалаа. Иргэдийн зүгээс гарч байгаа саналуудыг хуулийн төслийг илүү сайжруулан боловсруулах, нягтлах, олон түмнээр хэлэлцүүлэх буюу нийслэлийн есөн дүүрэгт хуулийн хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй гэдэг санал гарч байна. Үүнийг Ардчилсан намын бүлэг анхааралдаа авлаа. Хуулийн төсөлд зохицуулах ёстой олон харилцаа зохицуулагдаагүй, журмаар зохицуулагдах боломжтой болон өөр хуулиар зохицуулагдаж байгаа олон харилцаа тусгагдсан байна зэрэг санал гарлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан үнэтэй саналуудыг бид ажлын хэсэгт хүргүүлнэ. Түүнчлэн нийслэлийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болоод нийслэлийн төлөөлөгчдийг оролцуулсан нэгдсэн ажлын хэсгийг байгуулах санал гарлаа. Энэ саналыг бүлгийн даргад уламжилж, хуулийн төслийг нухацтай судалж, хэлэлцэх болно" гэв. 

Сэтгүүлч Г.ИТГЭЛ