2018.01.30

Д.Цогтбаатар: Даяаршил удаашрахтай зэрэгцээд дэлхийн эдийн засагт хүндрэл гарч ирсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох үедээ BloombergTV Mongolia телевизэд ярилцлага өгчээ.

-Даяарчлалыг өмгөөлсөн шинжтэй нээлтийг үгийг Азийн тэргүүлэгч хоёр гүрний эрхмүүд дарааллаж хийлээ. Энэ жилийн Давосын өнгийг та ямар байдлаар тодорхойлох вэ?

-Даяаршлын эсрэг жагсаал, цуглаан хийж явах нь нэг хэсэг дэлхийн хэмжээний улстөрийн "мода" байлаа. Би 1999 оны Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын уулзалтанд анх орох гээд явж байхад гудамжаар дүүрэн жагсаал болж байсан. Түүнээс хойш маш олон даяаршлын эсрэг жагсаал болдог байсан. Давост ч гэсэн зам хаасан жагсаал цуглаанууд болдог байсан.

Даяаршил тэр хурдаараа явахаа болиод тэр хүмүүсийн зорилго биелсэн. Ингээд удаашраад ирэхээр дэлхийн эдийн засагт өөрт нь хүндрэл, хямрал гарч ирсэн. Одоо харин даяаршлыг огт хорьж болохгүй, нэг л дэлхий дээр амьдарч байгаа учраас нэг нэгэнтэйгээ хоршиж, дэмжиж ажллана уу гэхээс дангаараа хаалттай бодлоготой байгаад хол явахгүй юм аа гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэгүүд ойлгож байх шиг байна. Тиймээс энэ удаагийн хурал дээр зам хааж зогссон жагсаал цуглаан байхгүй байна.