Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.
Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Тус байнгын хороо хуулийн төслийг 2018 оны 1 сарын 31-нд хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураажээ.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн “17.5.Банкыг нэгтгэх, нийлүүлэх” гэсний дараа “банкны өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг “14.4.Энэ хуулийн 14.4-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт, шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжив. Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлээс “9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “тухайн банкинд төлбөл зохих” гэсний дараа “90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн гэж” гэснийг хасах санаалаа татаж авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын төслийн 25 зүйл буюу корпорацийн хяналт гэсэн хэсгийг бүхэлд нь хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсээгүй байна.