Х.Нямбаатар: Надад дургүй гээд Хотын дарга Сонгинохайрханы 330 мянган иргэнийг хохироож болохгүй
Өнөөдөр /2018.02.08/ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.
Х.Нямбаатар: УИХ-ын намрын чуулган өндөрлөх гэж байна. Би энэ намрын чуулганы явцад УИХ-ын даргад Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсох талаар хэлж байсан. М.Энхболд даргад уг нь мэдээлэл нь ирсэн байгаа гэсэн. Энэ мэдээллийг хэзээ сонсох вэ? Чуулган маргааш хаагдахаас өмнө сонсох хэрэгтэй.
Мөн бид цагаан сарын дараа бүгд утааг марчтихдаг. Хотын дарга ажлаа аваад хоёр жил боллоо. Хот, БОАЖЯ хоёр ажлаа уялдуулж утааг хэрхэн давж гарах, дахин төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа талаар мэдээллээр өнөөг хүртэл УИХ-ын гишүүд хангагдсангүй.
Хотын дарга хоёр жилийн хугацаанд албан тушаалуудыг л нааш цааш нь хөдөлгөснөөс биш УИХ дээр бүтээлчээр дахин төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх ажлуудын талаар төлөвлөгөөгөө огт хэлсэнгүй.
Энэ талын мэдээллийг сонсмоор байна.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас 2018 оныг сахилга, хариуцлагын жил болгон зарлалаа гэдэг мэдээллийг хэвлэлийн хуудаснаас олж үзлээ. Сахилга хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийгдэх гэж байгаа юм бэ? Тухайлбал 2018 оны бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний талаар мэдээллийг бид сонсох хэргтэй байна. Засгийн газар шийдвэрээ гаргачихаад байхад Хотын дарга хэрэгжүүлэхгүй хоёр сарын нүүр үзлээ.
Засгийн газар 12 сард хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг орон нутгуудад эрх шилжүүлнэ гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Хотын дарга сургууль, цэцэрлэгийн эрх шилжүүлэх ажил хийсэнгүй.
2018 онд Сонгинохайрхан дүүрэгт барьж, байгуулах сургууль, цэцэрлэгийн ажлууд баригдаагүйн бурууг хотын дарга хүлээх ёстой гэж бодож байна.
Бид Үндсэн хуулиараа нэгдмэл улс. Нэгдмэл улсад төрийн бодлого нэгдмэл тогтолцоотой явах ёстой. Засгийн газар, түүний бүтцийн байгууллагууд Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Хувь хүнд, тухайлбал Х.Нямбаатарт дургүйдээ С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 330 мянган иргэдийг хохироож болохгүй. Энэ асуудлаар Засгийн газар холбогдох хүмүүстээ арга хэмжээ ав. ЗГХЭГ-аас гаргасан шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна.