2018.03.21
Аврагчид шагналаа Ерөнхий сайдаас гардаж авлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах, тэдний санал хүсэлтийг сонсч, тулгамдаж байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор энэ сарын 19-24 ний өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Энэ үеэр Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнаж урамшууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр зарлигаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Баяр-Эрдэнэ, ахлах ахлагч Д.Батбаяр нар “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-гоор, ахлах ахлагч Д.Тодбаяр, ахлах ахлагч Б.Мөнхбат, Улсын нөөцийн дарга, ахмад О.Батдорж нарыг “ЦЭРГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнагдсаныг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.