Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг баталлаа
2018.03.21

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн хурал Хангарьд ордны хурлын танхимд болж,  тус зөвлөлөөс 2018 онд нийслэлийн хэмжээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн гишүүд, холбогдох агентлаг, газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн дарга С.Амарсайхан үг хэллээ.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл эрх үүргийнхээ дагуу зохион байгуулж ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.Өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, гүйцэтгэлийг та бүхэнд хүргэсэн байгаа. Өнөөдөр бид тус зөвлөлийн 2018 онд хийх ажлын хөтөлбөрийг хэлэлцэж батлах ёстой. 2018 оны хөтөлбөрт төсөвт байгууллагуудаас холбогдох чиглэлүүдээр хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нь авч, чиглэл чиглэлээр нь тусгаж, төлөвлөгөө боловсруулж та бүхний гар дээр хүргэсэн. Энэ жилийн хувьд батлагдсан төсөв хөрөнгөндөө багтааж өнгөрсөн жилд амжилттай хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх болон шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөнд тусгасан" гэлээ.

ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба 2017 онд тус зөвлөлөөс зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Түүний илтгэлд “2017 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 32259 гэмт хэргийн 68.0 хувь нь Нийслэлд үйлдэгджээ. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийг нутаг дэвсгэрээр  нь ангилбал Баянзүрх дүүрэгт  нийт гэмт хэргийн их буюу 27.0%, Сүхбаатар дүүрэгт 17.3%,  Сонгинохайрхан дүүрэгт 16.8%, Баянгол дүүрэгт 14.5%, Чингэлтэй дүүрэгт 12.3%, Хан-Уул дүүрэгт 8.6%, Налайх дүүрэгт 1.7% , Багануур дүүрэгт 1.1%, Багахангай дүүрэгт 0.1% нь тус тус бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 61.4 хувь нь хөнгөн, 14.7 хувь нь   хүндэвтэр 23.5 хувь нь хүнд, 0.7 хувь нь  онц хүнд гэмт хэрэг эзэлж байгаа” гэдгийг  дурьдаад, өнгөрсөн онд Нийслэлийн ГХУСАЗЗ нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хуульд заасан чиглэлийн хүрээнд дараах үндсэн ажлуудыг зохион байгуулж ажилласныг мэдээллээ. Үүнд:

  1. Гэмт хэргийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгаа, дүн шинжилгээ хийх замаар түүний гарч байгаа шалтгаан нөхцлийг тогтоох
  2. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах нийгэм, эдийн засаг, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
  3. Хорих ял эдлээд суллагдсан иргэдийг давтан гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, захиргааны хяналт тогтоох
  4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгжийг татан оролцуулах

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг  мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах – гэсэн 5 чиглэлээр ажилласан байна. Чиглэл тус бүртэй холбоотой хийсэн ажлын тайлан мэдээллүүдийг дараа ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцууллаа.

Эдгээр ажлаас онцлон заримаас нь дурдвал, “Ухаалаг цагдаа I” төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд гудамж талбайг камержуулах ажлыг зохион байгуулсан, өсвөр үеийнхэний дунд хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сэрэмжлүүлгийг нийслэлийн 22 дунд сургуулийн өсвөр үеийнхнийг хамруулан гарын авлага тараасан, замын хөдөлгөөний ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны ажил явуулсан, 1500 хэв журмын урамшилт эргүүл,  224 олон нийтийн цагдаа, оюутан цагдаагаар ажиллуулсан,  “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс ерөнхий болон тусгай арга хэмжээг 958 удаа зохион байгуулж, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, хороодын Засаг дарга, иргэдийн  гурвалсан гэрээг 664 удаа байгуулж, 684 хөршийн хяналтын бүлгийг шинээр бүртгэж, иргэдийн санаачлагыг дэмжиж ажилласан зэрэг олон ажлуудыг дурьдлаа.

Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулсны дараа Зөвлөлийн гишүүд 2017 оны ажлын тайлантай холбоотой асуулт гараагүй тул үргэлжлүүлэн 2018 оны ГХУСАЗЗ-ийн төлөвлөгөөний талаар Зөвлөлийн гишүүд,  Б.Батбямба  даргаас  асууж, саналаа хэлж хуралдаан үргэлжиллээ.  

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, ЗЦА, Нийслэлийн прокурорын газар,  АТГ гэх зэрэг байгууллагуудын дарга удирдлага, төлөөлөгчид ГХУСАЗЗ-ийн хөтөлбөрийн хүрээнд зарим дурьдагдсан ажлыг нэгтгэх, зарим зайлшгүй дэмжих ёстой ажлуудын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх боломжийн талаар НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямбаас асууж, хариулт авлаа.

            2018 оны хувьд  Нийслэлийн ГХУСАЗЗ-өөс:
  1. Бодлого, зохион байгуулалт
  2. Сургалт судалгаа
  3. Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
  4. Архидан согтуурах, мансуурах бодисоос урьдчилан сэргийлэх
  5. Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах
  6. Тоног төхөөрөмж, техник технологийг шинэлэх гэсэн үндсэн 6 чиглэлээр олон 40 орчим ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулах, "Хэв журмын урамшилт эргүүл" болон морь, нохой, дугуйт эргүүлийг гудамж талбайд ажиллуулах, "Оюутан цагдаа" арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудыг болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Scool police" болон "Өсвөрийн сэргийлэх бүлгэм"-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн дунд "Камержуулалт-2" уралдаан зарлаж, зохион байгуулах  гэх зэрэг ажлуудыг ГХУСАЗЗ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

Хурлаар зөвлөлийн гишүүд төлөвлөгөөнд тусгагдсан эдгээр ажлуудын хүрээнд саналаа илэрхийлж, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцээд төгсгөлд нь Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн 2018 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг  зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталж хэрэгжүүлэхээр боллоо