“Авто зам -2018 “ олон улсын үзэсгэлэн бага хурал боллоо
“Авто зам -2018 “ олон улсын үзэсгэлэн бага хурлын үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ХБНГУ-ын Заксон-Анхалт муж улсын авто замын газрын дарга, Зам барилгын болон замын хөдөлгөөний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Уве Лангхаммер, мэргэжилтэн Ноён Клаус Еэкэл нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа нар байлцлаа.
Уулзалтын үеэр Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Авто зам -2017“ олон улсын үзэсгэлэн бага хурлын үер яригдаж МАЗХ-той гэрээ байгуулан гүйцэтгэсэн “Авто замын сүлжээний бүртгэл мэдээллийн сангийн журам”-ыг боловсруулан хүлээлгэн өгсөн явдал болон энэхүү үзэсгэлэн бага хуралд илтгэл тавин оролцож мэргэжил туршлагаа хуваалцаж байгаад ноён Уве Лангхаммер, Клаус Еэкэл нарт талархал илэрхийлэхийн хамт энэ журмыг Герман хэлнээс орчуулах ажлыг Авто замчдын холбооноос хийж байгаа, цаашид журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан ярилцсан.
Монголын авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон Анхелт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй байгуулсан гэрээ амжилттай хэрэгжиж Заксон-Анхалт муж улсын үйлдвэрлэл дундын сургуульд Авто зам гүнийн байгууламжийн мэргэжлээр суралцаж байгаа Монгол залуус хэрхэн суралцаж байгаа талаар ярилцлаа.
Мөн экспо болж байгаа энэ цаг үед Германы “Mitteldeutsche Zeitung” сонинд суралцагч Доржрагчаагийн Норовсүрэн /Тэргүүн саруул зам” ХХК/-ийн Халле хотод хэрхэн амьдарч, суралцаж байгаа талаараа ярилцлага өгсөн нь гарсан байна. Ярилцлагад Монгол залуус хичээнгүйлэн ажиллаж, суралцаж байгаад компаниуд сэтгэл хангалуун байгаа талаар Папенбург компаний төлөөлөгч Ангела Папенбург дурдсан байгааг сонирхууллаа.
Энэ өдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар дээр зочлон үйл ажиллагаатай нь танилцан хамтран ажиллах талаар санал солилцсон.
Заксон-Анхалт муж улсын авто замын газрын дарга, Зам барилгын болон замын хөдөлгөөний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Уве Лангхаммер, мэргэжилтэн Ноён Клаус Еэкэл нар мөн өдрийн үдээс хойш Монголын үндэсний их сургууль дээр зочлон авто замын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад AWSA Захсен-Анхалт мужийн "Ажил явагдаж буйг анхааруулах систем”, “Авто замын үйлчилгээний байгууллагын зохион байгуулалт” сэдвүүдээр илтгэл тавин, оюутнуудын сонирхсон асуултуудад хариулж, оюутнуудыг идэвхтэй оролцон сонирхолтой асуултууд тавьж байсныг зочид маань онцолж байсан юм.