С.Очирбат:

Зам бол өөрөө шинжлэх ухаан


6 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
С.Очирбат:  Зам бол өөрөө шинжлэх ухаан
"Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК захирал, МУ-ын зөвлөх инженер,доктор С.Очирбат

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам,  Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Авто замын тухай анхны хуулийг санаачлан, батлуулж байсан "Ай Си Ти Сайн Консалтинг" ХХК захирал, МУ-ын зөвлөх инженер,доктор С.Очирбаттай ярилцлаа.  

Та 1998 онд Авто замын хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан хүн. Арав гаруй жил хэрэгжсэн энэ хууль, чамлахааргүй хугацаанд хэрэгжсэн байна?

Хууль гаргана гэдэг их цаг хугацаа шаардсан ажил байдаг юм байна. Анх 1990 оны 3 сард хуулийн анхны нооргийг Замын газрын дарга байхдаа гаргаж байлаа. Тэгээд Монголын авто замчдын анхдугаар Их хуралд хуулийн төслийг танилцуулж байсан. Үүнээс хойш найман жилийн дараа 1998 оны 1 сарын 2-нд Авто Замын тухай анхны хуулийг Замын газрын дарга байхдаа УИХ-аар оруулж, батлуулсан түүхтэй. Хуулиа дагаад олон журам, зааврууд гарсан.

1990-ээд онд хууль ямар байдгийг ч мэддэггүй, тэр үед салбарын хууль гараагүй ганцхан Холбооны хуультай байсан. Хараад будаа идчих хууль ч байхгүй, гадаадын юм уншъя, судлая гэхээр хэлний бэрхшээлтэй тулгардаг тийм л цаг үе байлаа.

ИЙМ ХҮНД НӨХЦӨЛД БАТЛАГДСАН АНХНЫ ХУУЛЬ 10 ГАРУЙ ЖИЛ МӨРДӨГДСӨН ГЭХЭЭР ОВОО БОЛОМЖИЙН АМЬДАРЧ.

Манай улсын  нийгэм, эдийн засагт 1998 оноос хойш маш их өөрчлөлт гарсан. Замын салбарт мөн ялгаагүй олон өөрчлөлт орлоо. Хамгийн нэгдүгээрт, олон улсад мөрдөгддөг гэрээ хэлэлцээрийг  бид мөрддөг боллоо. Азийн авто замын сүлжээнд нэгдсэн орсон. Энэ бүх үйл явцад олон улсын стандартад нийцэх шаардлага Авто замын хуульд гарч ирсэн. Тэгээд 2005 оноос хойш хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гээд ярьж эхэлсэн дээ.

Та сая батлагдсан хуулийг шинэчлэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт нь орж ажилласан. Энэ хуулийн гол заалтууд хэлээч ?

Нэгдүгээрт: Замыг чанартай барих, зураг төслийг чанартай гаргах, арчлалт хамгаалалтыг сайжруулах тодорхой заалт орсон. Замыг 3 жилийн баталгаатай болгосон. Энэ нь нэг талдаа гүйцэтгэгч талд хатуу боловч, нөгөө талдаа нийгэм, эдийн засаг, хөрөнгө мөнгөнд хариуцлагатай хандаж байгаа, улс орноо бодсон чухал заалт юм.

Хоёрдугаарт: Энэ хуулиар Авто замын зөвлөлийг  хуульчилсан.Зам нийтийн хэрэглээ учраас барилаа тэгээд хаячихдаг. Энэ асуудлыг шийдэхэд Замын зөвлөл гэж байх ёстой байна гэдгийг олон улс бодож олж. Энэ зөвлөл улс төрөөс хамаарахгүй, зам хэрэглэгчид буюу иргэдээс бүрдсэн Замын зөвлөл гэж байдаг. Үүрэг нь зөв чиглэлээр зам барьж байна уу?, чанартай барьж байна уу?, засвар, арчлалтыг зөв хийж байна уу? гэдэгт  хяналт тавьж, олон нийтийн дуу хоолой болж байх үүрэгтэй.

-Энэ хуулиар өөр ямар асуудлыг зохицуулсан вэ?

Замын салбарт судалгаа шинжилгээ хаягдаад 20 гаруй жил болж байна. Зам гүүрийн зураг төслийг хийдэг эрдэм шинжилгээний байгууллага байсан. Харин ардчилал гадаад үүнийг хувьчлаад байхгүй болсон. Энэ шинэчилсэн хуулинд замын засвар арчлалт, судалгаа шинжилгээний ажлыг их тодорхой оруулж ирсэн.

Судалгаа, шинжилгээ хариуцсан байгууллага байна гээд үүрэг, хариуцлагын маш тодорхой зааж өгсөн. Зам бол өөрөө шинжлэх ухаан. Байнга хөгжиж байх хэрэгтэй. Тээврийн хэрэгсэл өөрчлөгдөж ,хөгжиж байна. Гучин жилийн өмнө ямар машин байлаа, өнөөдөр тэр үетэй харьцуулшгүй болсон. 

Арван жилийн дараа цахилгаан машин, жолоочгүй машин гарна гэж яригдаж байна. Үүнийг дагаад зам хөгжих ёстой. Замыг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ сайн байх хэрэгтэй. Үүнийг албан ёсоор  оруулж өгсөн. 

Мөн замын зурвас газар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага татвар төлж тэр мөнгө нь замын санд орохоор тусгасан . Яагаад гэхээр замын хэвийн ашиглалтад нөлөөлдөг. Ядаж нэг модон жорлон барихад цасан шуургаар цас овоорчихдог байхгүй юу? Тэгэхээр энэ байгууллагуудаас замынхан татвар аваад арчилгаа, засвараа хийх ёстой. Энэ мэтчилэн оновчтой олон заалтуудыг хуулинд оруулсан. Хууль маш тодорхой нилээд чанга, оролцогч талын үүрэг, хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн чанартай хууль болсон гэж бодож байна.

Хуулийг дагаад дүрэм, журам гарах ёстой. Өнөөдрийг хүртэл энэ журмууд гараагүй байгаад салбарын зарим хүмүүс шүүмжлэлтэй  хандаж байна?

Батлагдсанаасаа хойш хагас жил болчихлоо.

ЖУРАМ, ДҮРЭМ ГАРАХ ЁСТОЙ.

Харамсалтай нь аль нэг нь ч гарч ирэхгүй байна. Ажлын хэсэг байгуулагдаад хааяа нэг хуралдаад  явж байна. Албан ёсоор гаргах ёстой. Одоо хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Яамнаас улсын чанартай замын жагсаалтыг баталдаг, харин орон нутгийн чанартай замыг аймгийн Засаг дарга баталж өгдөг.

Саяхан манай нэг жолооч Дархан уруу явдаг улсын чанартай зам дээр орон нутаг татвар аваад хууль зөрчиж байна гэж ярьж байна. Хуулинд улсын чанартай зам дээр орон нутаг татвар авахгүй гээд заачихсан байгаа. Энэ мэт зөрчил байна. Хуулийг яаралтай хэрэгжүүлэх дүрэм, журам гаргах тал дээр манай яам, холбогдох хүмүүс ажиллах хэрэгтэй байна.

Чанаргүй замын талаар байнга ярьдаг. Замын чанарт юу нөлөөлж байна ?

Өмнө нь инженерүүд зураг хийдэг байсан.Тэд ийм хөдөлгөөний эрчим, замаар зорчих машины тоог гаргаж, замын даах чанарыг тооцож зураг гаргаад өгдөг байлаа. Үнэхээр тэр үед мөнгө нь хүрэхгүй байсан, чанаргүй зам баригдсан. Одоо улс, орны байдал өөрчлөгдөж байна. Төлөвлөлтийн шинэ стандарт гарч ирсэн. Өнгөрсөн жил авто замын төлөвлөлтийн стандарт гэдэг зузаан ном хэвлэгдлээ. Энэ бол олон улсын жишигт нийцсэн авто замын төлөвлөлтийн стандарт. Хуучны стандарт жаахан хангалтгүй байсан. Тодорхой биш, хааш нь ч асуудлыг эргүүлж болохоор стандарт байсан. Одоо зураг гаргаж байгаа хүн алдаа гаргадаггүй юм бол дараа нь яг тэр стандартынхаа дагуу зам барихаар боллоо. Гэхдээ замын чанарт нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин  зүйл бий.

-Тухайлбар ямар хүчин зүйл байна?

Хяналтын асуудал. Олон улсад өдөр бүр хянадаг хөндлөнгийн хяналт байдаг. Хуулинд үүнийг тодорхой зааж өгсөн. Манайд ялангуяа орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа зам дээр ямар ч хяналт алга.

Хянаж байгаа мэргэжилтэн нь сард юм уу, улиралд  нэг удаа очно.Харин гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа замууд дээр өдөр бүр хөндлөнгийн хяналт ажиллаж байна. Шороо асгалаа ч гэсэн хаанаас ямар шороо авчраад асгах вэ? гэдгийг лабораторт шинжлээд, энэ таарна энэ таарахгүй гэдгийг шийднэ. Ингэж байж зам чанартай баригдана. 

Мөн гадаад хүчин зүйлс замын чанарт нөлөөлж байна.Тэдэн сарын тэдэнд ийм дарга, сайд, эрх мэдэлтэн ирнэ тууз хайчлана, тиймээс замаа яаралтай дуусга гэдэг. Хүйтний улирал эхэлчихсэн 10,11-р сард цас орж байхад асфальт тавьж байх жишээтэй. 10 градусаас доош хүйтэнд замын асфальтыг зогсоох ёстой.

БАС ЗАМЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА АСУУДАЛ БОЛ ХЭТЭРХИЙ ХЯМД ҮНЭ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТАВЬЧХААД, ҮҮНД БАГТААЖ ЗАМ БАРЬ ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛААД БАЙНА.

Саяхан гүүрний тендер гарсан байна лээ. Тал үнийн тавьчихсан. Энэ өртгөөр  ямар гүүр баригдах вэ? Сонгины амралтын гүүр барина гээд 4 тэрбум төсөвлөгдсөн байна. Манай гүүрний мэргэжилтэн төсөв гаргаад 9 тэрбум төгрөгөөр тэр гүүрийг барина гэсэн төсөв гаргах жишээтэй. Энэ мэт гадны нөлөөлөл чанаргүй зам барихад нөлөөлж байгаа.

Хуулинд гүйцэтгэгч болон Зөвлөх үйлчилгээний компани барьсан замаа 3 жил хариуцахаар заасан. Гэтэл гадны нөлөөллөөс тэр дундаа даац хэтрүүлсэн машин, барьсан замын эвдэлбэл хэн хариуцлага хүлээх вэ?

Захиалагч, гүйцэтгэгч хоёр гэрээ байгуулахдаа анхаарах хэрэгтэй. Би чанартай зам барьлаа. Хэвийн ашиглалтын хангахад танай байгууллага анхаарах ёстой гээд гэрээндээ сайн тусгана. Гэхдээ л асуудал гарч байна.

Жишээ нь, Манай Сайншанд - Замын-Үүд хүртэлх замыг барьсан.Ашиглалтад оруулсны дараахан яваад очсон, өчнөөн хүнд даацын машин яваад эвдээд хаячихсан. Зургийн аваад яаманд явуулсан. Энэ замыг эвдээд байна та нар хяналт тавьж өгнө үү? Энэ замыг эвдэрвэл манай компани хариуцлага хүлээхгүй гээд. Бас Дундговийн 300 км замд  хяналт тавьж бариулсан. 100 тонн нүүрс ачдаг машинууд нүүрс аччихсан Улаанбаатар уруу ирж байна. Бас л эвдэрсэн. Яаманд албан бичиг илгээсэн. Ямар ч арга хэмжээ авахгүй байж байгаад, удирдлагууд нь солигдчихсон.

Хариуцлагын асуудал салбар, салбар дээр яригдаж байна. Авто замын салбарт хариуцлагын тогтолцоо ямар байна вэ?

Манай салбарт мянга гаруй замын инженер байна. Энэ хүмүүст мэргэжлийн ур чадвараас гадна, хариуцлага ёс зүй байх ёстой. Энэ  тал дээр заримдаа хаягдаж байгаа. Миний хувьд залуу инженерүүддээ хариуцлага, ёс зүйн талаар үргэлж ярьж, зааж явдаг. Энэ бол хаяж болохгүй анхаарах асуудал.