Ц.Отгонтунгалаг:

2017 онд 178 хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн


7 минут уншина
Ц.Отгонтунгалаг: 2017 онд 178 хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн
Ц.Отгонтунгалаг МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, Хуулийн бодлогын газрын дарга

www.vip76.mn сайт 2018 оны 03 сарын 26-ны УИХ-д өргөн барьсан. /Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа/ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд Олон улс, Хүний эрхийн байгууллага болон судлаачдаас Монгол Улс дахь хөдөлмөрийн харилцаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын талаар цуврал ярилцлага бэлтгэж байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ч дээрх чухал эх сурвалжуудын нэг бөгөөд энэ хуулийн хүрээнд үйлдвэрчний эвлэлийн тухай хуулинд ч өөрчлөлт орох юм.

Бид энэ талаар МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, Хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалагтай ярилцлаа.

Одоо үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулиар Монгол улсын хөдөлмөрийн харилцаа бүрэн зохицуулагдаж чадаж байна уу?

2013-2015 онд ААН-үүд дунджаар 20 орчим хувь нь хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтайгаа огт байгуулаагүй байсан

Хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож байсан тал бий. МХЕГ-ын 2013-2015 оны тайлангаар нийт шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын дунджаар 20 орчим хувь нь хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтайгаа огт байгуулаагүй байсан зөрчил гарсан.

Энэ нь эргээд ажилтнууд хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байхад хүргэдэг. Иймээс хуулийн төсөлд хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагыг нэмэгдүүлж хариуцлагажуулсан байгаа. Үүний зэрэгцээ ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн үеэс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх талаар хуульд тусгасан.

Харин “ажилтан” гэдэгт хэнийг ойлгох талаар уламжлалт маягаар ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож буй нөгөө талд ажиллах хүчээ хөлслүүлж байгаа хүнийг хэлнэ хэмээн тодорхойлсон нь албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас гадуур, эсвэл уг харилцаа нь тодорхой бус юмуу, зохицуулалтгүй ажиллаж буй ажилчдыг буюу албан бус эдийн засагт ажиллаж байгаа ажиллагчдыг хамруулаагүй байгаа.

Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл, заалт эдгээр албан бус эдийн засагт ажиллагчдад хамаарч, хэрхэн үйлчлэх вэ гэдгийг тодорхойлж заасан тусгай зүйл юмуу бүлэг гаргахыг зөвлөж байна. Хамгийн наад зах нь эдгээр ажилчид суурь эрхүүдийг эдлэх ёстой. Хуулийн төсөлд эхний алхам байдлаар гэрийн үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан байгаа  ажиллах хүчний 12 орчим хувийг эзэлж буй албан бус эдийн засагт ажиллагчдыг хамруулж чадаагүй байгаа.

2017 онд Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хичнээн гомдол танай байгууллагад ирсэн бэ?

2017 онд 178 хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн

МҮЭ-ийн Холбооны хууль зүйн зөвлөгөө өгөх төв, Хуульч өмгөөлөгчдийн багаас иргэд, хөдөлмөрчдөд эвлэлдэн нэгдэх эрх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, ҮЭ-ийн гишүүдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

2017 оны байдлаар зөвлөгөө авсан нийт 3729 иргэний 57 хувь нь ҮЭ-ийн гишүүд байсан байна. Салбарын ҮЭ-ийн холбооны өмгөөллийн туслалцаа хүссэн 72 хүсэлтийн дагуу нийт 178 хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн байна. 

Хөдөлмөрийн харилцаанд ямар төрлийн зөрчил их гарч байна вэ? 

Зөвлөгөө, туслалцаа авч байгаа байдлаас дүгнэж үзэхэд ажлаас үндэслэлгүй халсан, цалин хөлснөөс үндэслэлгүй суутгал хийсэн, дутуу олгосон, жирэмсний амралт авах үед ээлжийн амралтыг дутуу олгосон, сул зогсолтын хугацаанд олговор олгоогүй, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан, өндөр насны тэтгэврийг буруу тогтоосон гэсэн асуудлаар дийлэнх нь хандсан байна.

УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэхтэй холбоотой заалт оруулсан тухай салбарын сайд танилцуулж байсан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

Хөдөлмөрийн шударга бус харилцааны талаар шинээр заалт орсон

ҮЭ-үүдийн эрхийн тухай хууль 1991 онд анх батлагдан гарч байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн хүрээний суурь зарчмыг баталгаажуулах асуудал тусч байгаа талаасаа эвлэлдэн нэгдэх эрхийн талаар туссан байгаа. Мөн хөдөлмөрийн шударга бус харилцааны талаар шинээр заалт орсон.

Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, түүний төлөөлөгчид ажилтны эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, ажилтны төлөөллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, уг зорилгоор санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх, ажилтныг ажил олгогчийн хяналт дор эвлэлдэн нэгдэхийг тулгах, үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элссэн, үйл ажиллагаанд нь оролцсон эсэхтэй холбогдуулан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулах, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад шаардагдах мэдээллийг өгөхөөс татгалзах зэрэг үйлдлийг шударга бус үйлдэлгэж үзэх хориглохоор заагаад байгаа.

Албадан хөдөлмөр эрхлүүлэх шинж хувийн хэвшлүүдэд их байна. Үүнийг залруулах ямар боломж байна вэ?

Монгол Улс албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглож, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцид нэгдсэн

Манай улсын хувьд албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглож, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцид нэгдэн орсон. Гэтэл холбогдох байгууллагуудын судалгаануудад ажилтны хувийн бичиг баримт эсхүл цалин хөлсийг барьцаалах, улмаар өр төлбөрийг цалин хөлснөөс нь суутган авах зэрэг хэлбэрүүд нийтлэг гарч байгаа талаар дурдсан байна.

Түүнчлэн манай улсад ирж ажиллаж байгаа цагаач ажилчдыг ажиллуулахдаа хувийн бичиг баримтыг хураан авах, цалин хөлсийг өөрсдөд нь олгохгүй байх зэрэг зөрчлүүд гарч байгаа.

Албадан хөдөлмөр бол өөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хүний эрхийн ноцтой зөрчил

Албадан хөдөлмөр бол өөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хүний эрхийн ноцтой зөрчил иймээс ч Европын холбооны худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем буюу “GSP+”-д хамрагдах улс орнуудад албадан хөдөлмөрийг устгах, хориглох талаар ОУХБ-ын Конвенцийг бүрэн хэрэгжүүлэн ажиллахыг шаарддаг. Манай улсын хувьд энэ системд 2005 оны долдугаар сараас нэгдэн 38 улсад татварын хөнгөлөлт эдэлдэг.   

Хөдөлмөрийн тухай хуулийн шнэчилсэн найруулгын төслийн хувьд “албадан хөдөлмөр” гэж хүнийг хүсэл зоригоос нь гадуур торгууль, шийтгэл ногдуулахаар сүрдүүлэх, хүч хэрэглэх замаар хууль тогтоомж зөрчиж гүйцэтгүүлсэн аливаа ажил, үйлчилгээг хэлнэ гэж тодорхойлолтыг шинэчилж байгаа.

Албадан хөдөлмөрлүүлэх буюу бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн үйлдлийг Эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байдаг.

Цаашид хууль тогтоомжоо ийнхүү сайжруулахын зэрэгцээ хөдөлмөрийн хяналтын тогтолцоог сайжруулах албадан хөдөлмөрийн илрэлийг бүрэн дүүрэн олж тогтоон таслан зогсоох шаардлага бүхий л түвшинд тавигдаж байна.    

УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭХ-ны зүгээс хэрхэн оролцсон бэ? 

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих хүртэл 4 удаа ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг анх 2009 онд тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 154 тоот тушаалаар байгуулагдсанаас хойш сая хуулийн төслийг УИХ-д өргөн барих хүртэл 4 удаа ажлын хэсэг шинэчлэн байгуулагдаж байсан. Эдгээр ажлын хэсгүүдэд тухай бүр МҮЭ-ийн холбооны төлөөлөл орж ажиллаж байсан.  

2006 онд ажлын хэсэг гарснаас хойш хуулийн төслийн ажлын хэсэг төдийлөн ахиц гаргаж чадахгүй байсан энэ нь зарчмын асуудлуудаа нийгмийн зөвшлийн талууд тохиролцоогүй байсантай холбоотой байсан. Иймээс “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. 

Энэхүү санамж бичигт одоогийн мөрдөж буй хуулийг хэд хэдэн хууль болгож задлахгүйгээр шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах замаар боловсронгуй болгох, хуулиар нэгэнт тогтоосон эрхийн баталгаат түвшинг дордуулахгүй байх, хуулийн агуулга, нэр томъёог Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, салбарын хуулиудын уялдааг хангах зарчмыг баримтлахаар тохиролцсон. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шатанд МҮЭ-ийн холбооны зүгээс олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж гишүүд, ажилтнуудыг хамруулсан уулзалт хэлэлүүлцгийг бүх салбар, орон нутагт хийлээ, мөн ОУХБ, ОУХБ-ын хөдөлмөрчдийн товчооноос зөвлөх мэргэжилтэн урьж ажиллуулсан. 

Одоогийн байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед МҮЭ-ийн саналыг дэмжих УИХ-ын гишүүдийн Лобби бүлэг байгуулах санаачлага гарган ажиллаж байна. МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газрын түвшинд тохиролцож чадаагүй өмнө хүрсэн түвшинг дордуулсан асуудлуудыг дэмжлэг хүсч УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байгаа.    

Өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн харилцаанд 3 талын оролцоо тэгш байж чадаж байна уу?

Үндэсний хэмжээнд бодлого, шийдвэр гаргахад төлөөллүүдийн хамтын ажиллагаа харьцангуй төлөвшсөн байдаг. Харин салбар, орон нутгийн хувьд харилцан адилгүй байгаа.

Хөдөлмөрлөх эрхийн зөрчил, үүсэх маргаан буурахгүй байна. Энэ нь юутай холбоотой вэ?

Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж зөрчигдөх, гомдол маргаан гарахаас урьдчилан сэргийлэхэд хөдөлмөрийн хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын ажлын байранд үзлэг шалгалт хийж зөвлөгөө, мэдээлэл өгөх ажиллагаа чухал ач холбогдолтой. Харин нэгэнт гарсан гомдол маргааны хувьд маргаан шийдвэрлэх байгууллагын маргааныг богино, хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх бүтэц байгаа эсэх, гаргасан шийдвэрийг холбогдох этгээдийн зүгээс бүрэн биелүүлдэг буюу шүүхийн шийдвэрийн хэрэгжилт чухал. 

Хөдөлмөрийн маргааныг байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс улсад  шүүх шийдвэрлэнэ

Маргаан шийдвэрлэх байгууллагын хувьд манай улсад байгууллага дахь Хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх гэсэн хоёр байгууллага маргааныг хянан шийдвэрлэж байна. гэтэл дийлэнх байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, шүүхээр маргааныг шийдвэрлэхэд хугацаа их шаардагддаг, мөн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг хүндрэлтэй асуудал гарч байна.

Хөдөлмөрийн харилцаанд ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэх бүтцээ олон улсын хэм хэмжээ, зарчимд нийцсэн буюу ажилчид гомдол гаргахад хялбар, тэдэнд ойр, үнэ төлбөргүй, шуурхай, гол нь талууд буюу ажилтан, ажил олгогч, төрийн захиргааны байгууллагын оролцоотой маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байдлаар өөрчлөх хэрэгцээ шаардлага манай улсын хувьд байгаа гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хийдэг. Ингэхдээ зөрчлийн талаар гомдол ирсэн тохиолдолд шалгалт хийх эрх үүсдэг. Хяналтын энэ тогтолцоог хэрхэн сайжруулах боломж байна вэ?

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд 5 аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх, мөн хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжтайгаар тус удирдамжийн хүрээнд шалгахаар заасан зэрэг нь ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын тухай гол конвенцийн зарчим агуулгатай зөрчилдөж байгаа. Түүнчлэн энэ нь хөдөлмөрийн хяналтын хүрээнд тулгамдаж байгаа гол асуудал болоод байна.

Хөдөлмөрийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын эрх үүргийг өргөжүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан

Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ноос байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт ОУХБ-ын Хөдөлмөрийн хяналтын тухай 81, ХАА дахь хөдөлмөрийн хяналтын тухай 129 дугаар конвенциудад нэгдэн орох асуудлыг шийдвэрлэхээр тусгаад байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн хяналтын байгууллага, улсын байцаагчдын эрх үүргийг өргөжүүлэх асуудлыг тусгаад байна.

Ярилцсанд баярлалаа.

Амжилт хүсье.