“Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
2018.05.02

“Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.05.02) Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Тамгын газрын ажилтнууд, улс төр судлаач, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад парламентат ёсны нэн шинэ үеийн түүх БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай 1990 оны хуулиас эхлэлтэй гэж үздэг. Энэ цаг үеэс хойш бид 28 жилийг ардаа орхижээ.

1990 онд явагдсан ардчилсан шинэ сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ардын Их Хурлаас байгуулагдсан Улсын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр “Бага хурлын тухай”хуулийг батлан гаргасан нь байнгын ажиллагаатай парламент, түүний үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчны үндсийг тавьж байжээ. Энэ цагаас хойш хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, гишүүний эрх зүйн байдал, ёс зүйн харилцааг зохицуулсан 130 гаруй хууль, тогтоол, дүрэм, журам гаргасан байна.

   Өнөөгийн дагаж мөрдөж байгаа УИХ-ын тухай хуулийг 2006 онд баталсан. Энэ хуульд 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2007 онд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль батлагдсан. 2007 оноос өмнө УИХ-ын даргын шийдвэр, захирамжаар дэгийн асуудлыг зохицуулдаг байсан бол 2007 оноос хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулдаг болсон юм. Уг хуульд өнөөдрийг хүртэл 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайн цаг үеүдэд оруулж байсан өөрчлөлтүүд нь цаг үеийнхээ онцлог, нөхцөл байдлыг тусгаж, хүндрэл бэрхшээлээс гарах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, саадгүй явуулах зорилготойгоор хууль тогтоох байгууллагын гишүүд, энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын санал бодолд тулгуурлаж байсан бөгөөд УИХ-ын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэж байсан юм.

 Өнөөгийн УИХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Би энд хоёр, гуравхан тоог дурдъя.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ эхний гурван чуулганаараа 493 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцэн баталжээ. Энэ бол 2016 оны намрын чуулганы эцсээр гарсан статистик мэдээ. Үүнийг өмнөх парламенттай харьцуулж хэлэх нь зөв гэж бодож байна. 2012 онд байгуулагдсан УИХ эхний гурван чуулганы нийлбэр дүнгээр 269 хууль шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж байжээ. 2008 онд байгуулагдсан парламент эхний гурван чуулганы дүнгээр 201 хууль, хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн байна.

Өнөөгийн парламент нийгмийн амьдралын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ихээхэн чармайж ажиллаж байгаа гэдгийг энэ тоо баримт харуулж байгаа юм.

 Гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг өнөөдөр бид онцолж ярих учраас  энэ талаар бас хэдэн тоо хэлье. Өнгөрсөн гурван чуулганы нийлбэр дүнгээр энэ удаагийн УИХ-ын гишүүд 1012 цагийн чуулганы хуралдаанд оролцолгүй тасалсан гэсэн статистик мэдээ байгаа.Тэгвэл 2012-2016 оны парламент гурван чуулганыхаа нийлбэр дүнгээр 9882 цагийн таслалттай байжээ.

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлт, шийдвэрүүдийг авч үзсэн байдлыг харах юм бол 2016 онд байгуулагдсан парламент Үндсэн хууль зөрчсөн тухай 7 шийдвэр гарсан байна. 2012-2016 онд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр 26 удаа гарч байж. Харин 2008-2012 онд ийм шийдвэр 14  удаа гарсан байгаа юм.  

Хэдийгээр хууль тогтоох байгууллага асуудлаа шийдвэрлээд явж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал өнөөдөр нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тийм учраас УИХ энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа юм. Би энэ хаврын чуулганы нээлтийн үгэндээ энэ чуулган УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээрх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шийдвэр гаргасан чуулган байна гэж хэлсэн. Энэ дагуу өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Парламентын гишүүд ард түмнийг төлөөлөх үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн, яаж оролцож байна вэ гэдгээс харагдаж байгаа. Нөгөө талаар парламент бүхэлдээ хариуцлага, сахилгатай байж чадаж байгаа, эсэхтэй холбогдох учраас УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудалд ихээхэн анхаарал хандуулах ёстой гэж бид үзэж байгаа юм.

Дэлхийн улс орнуудад парламентын үйл ажиллагаагаа  ёстой, дэгтэй, зарчимтай, уламжлалтай байлгах талаар ихээхэн анхаарч ажилладаг туршлагууд бий. Олон улсын болон бүс нутгийн парламентын холбоодын хуралд манай Их хурлын гишүүд очиж, бусад орнуудын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны талаар судалж, сонсдог бөгөөд аль ч парламент гишүүдийнхээ хариуцлага, ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг нь ажиглагддаг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж байгаа Д.Лүндээжанцан даргатай Ажлын хэсэг парламент болон парламентын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өнөөдрийн байдлаар 48 орны Үндсэн хуульд тодорхой хэмжээний судалгаа хийж, санал дүгнэлт гаргаж, Ажлын хэсэг дээрээ, УИХ-ын холбогдох байгууллагуудын түвшинд ярилцаж байгаа. Удирдлагын түвшинд ч онцгой анхаарал хандуулж байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг л гэхэд зөвхөн дэгийн холбогдолтой асуудлаар 10 гаруй орны парламентын хууль, эрхийн актуудыг судалж үзсэн байна.

Судалгаанаас харахад гишүүдийн хариуцлага, ёс зүй, дэгтэй холбоотой зохицуулалтуудыгдөрвөн үндсэн бүлэгт хувааж үзэж болохоор байгаа юм.

Нэгдүгээрт, Гишүүдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Энд цалинг нь хасах, санал хураалтад оролцоогүй, тасалсан бол мөнгөн торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ орно.

Хоёрдугаарт, Гишүүний бүрэн эрхийг түр хугацаагаар буюу хэсэгчлэн түдгэлзүүлэх, эгүүлэн татах мэтээр сахилгын шийтгэл ногдуулдаг туршлага байна.

Гуравдугаарт, Гишүүдийн ирцийн байдлыг олон нийтэд мэдээлдэг, албадан ирүүлдэг, хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг, албан ёсоор уучлал гуйлгадаг арга барил байна.

Дөрөвдүгээрт, Гишүүний давуу эрхийг нь хязгаарлах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх,парламентын бүрэлдэхүүнээс хасах шийтгэл ногдуулдаг байна.

 УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хууль санаачилж, УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нарын Ажлын хэсгээс боловсруулж гаргах төслийг Д.Хаянхярваа гишүүний өргөн барьсан төсөлтэй хамтатгаж, энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгохболно.Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд парламентад олон жил суусан туршлагатай, Д.Лүндээжанцан даргын хэлснээр голцуу Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарагдаж байсан, төрийн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн парламентчид та бүхэн болон эрдэмтэн судлаачдын санал юу юунаас чухал. Тийм учраас санал бодлыг тань сонсъё хэмээн өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд хэлэлцүүлгийн арга хэмжээг нээж, амжилт хүслээ.

Хэлэлцүүлэгт эхлээд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулга хийсэн юм

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг нарийвчлан тодруулах, утга агуулгыг шинэчлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахаар  УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдаад хуулийн төсөлд тусгахаар төлөвлөж байгаа зарим гол асуудлын талаар танилцуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах, Байнгын хороодын хуралдааныг давхцуулахгүйгээр зохион байгуулдаг болох, хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөд гарын хурууны хээгээр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн зөвхөн өөрөө санал өгдөг байх зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн Монгол Улсын Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх ирцийн босгыг өндөрсгөж, шалгуурыг тодорхой оновчтой болгохоор тусгажээ.

  Түүнчлэн УИХ-ын гишүүн бусдад хүндэтгэлтэй хандаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг илтэд санаатайгаар гүтгэж, доромжлохыг хориглох, хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн гишүүний асуултад бүрэн хариулах боломжийг бий болгож, тайлбар хийж асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй байхаар зохицуулах, тэрчлэн хуулийн хийдэгдлийг арилгах үүднээс Үндсэн хуулийн цэцээс хууль тогтоомжийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон бол УИХ дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тухайн хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулдаг байхаар хуулийн төслийн үзэл баримтлалд тусгахаар төлөвлөснөө танилцуулав.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Парламентын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлагын талаархи гадаадын улс орнуудын туршлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.Тэрбээр, энэ асуудлын хүрээнд дэлхийн бусад орны туршлага, жишгийг харьцуулан судалсан томоохон судалгаа хийгдсэн тул товчилж танилцуулж байгаа, яваандаа энэхүү судалгааны материалыг товхимол болгон хэвлүүлж нийтэд хүргэх бодолтой байгаагаа хэлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны одоогийн зохицуулалтын талаар тоймлон танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Урьд нь УИХ-ын тогтоолоор чуулганы хуралдааны дэгийг баталж байсан бол 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дэгийг хуульчилж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль баталсан байна. Энэ үеэс хойш 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016, 2017 онуудад уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч уг хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй асуудал олон байгаа, тухайлбал, УИХ-ын гишүүн хуралдаан тасалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульд заагаагүй, чөлөө хүсэхдээ хүндэтгэн үзэх шалтгааныг баримтжуулж ирүүлэх, хэдий хугацаанд чөлөө хүсч байгааг нарийвчлан зохицуулаагүй, гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулалт байгаа ч бодит байдалд хэрэгждэггүйг цаашид анхаарч тодорхой болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр, үргэлжлүүлэн энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс ОХУ, ХБНГУ, Франц, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг орнуудын парламентын хуралдааны ирцийг бүртгэх, хуралдааныг хүчинтэйд тооцох, хуралдааны санал хураах, ирц бүрдүүлэхтэй холбоотойгоор авдаг арга хэмжээ, хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлох журмууд, хуралдаан тасалсан гишүүнд хүлээлгэдэг хариуцлагын тогтолцоо зэргийг харьцуулан судалсан талаар танилцуулсан юм.

Тухайлбал, ирцийн хувьд гэхэд ОХУ-ын Төрийн Дум ирцийг картаар бүртгэдэг бол ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамбейд гишүүн ирцийн бүртгэлийн хуудаст нэрээ бичиж гарын үсэг зурснаар ирцийг тооцдог, харин Япон, БНСУ-ын парламентад ирцийг Сахилгын хороо, БНХАУ-ын АТИХ-д Ёс зүйн хороо нь, АНУ, Австралийн парламентад ирц бүртгэгч ирцийг тусгайлан бүртгэдэг аж. Санал хураалтын тухайд ХБНГУ-ын Бундестаг, Францын Үндэсний Ассамблейд гишүүд гар өргөх, босч зогсох зэрэг биеийн үйлдлээрээ санал өгдөг бол Австралийн парламентад гишүүд тийм, үгүй гэж дуу хоолойгоороо санал өгөх, эсхүл тийм, үгүй гэсэн хэсгээрээ хуваагдах, мөн бичгээр саналаа өгөх зэрэг хэлбэрийг ашигладаг байна.

Харин ОХУ, Франц, ХБНГУ, Япон, Австрали, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсын парламент хуралдаанд санал хураахдаа хурууны хээг ашигладаггүй бол Албани, Болгар, Итали, Шри Ланк зэрэг улс өөр гишүүний картаар санал өгдөг асуудлыг халах зорилгоор хуралдааны санал хураалтад хурууны хээ ашиглах тогтолцоог нэвтрүүлжээ.

Судалгаанд хамруулсан дээрх орнуудад парламентын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан тасалсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хууль тогтоомжоор нарийвчлан тогтоож өгсөн байдаг аж. Тухайлбал, Японы парламентад хуралдаан даргалагч нь гишүүнд 7 хоногийн хугацаатай чөлөө олгох эрхтэй, түүнээс дээш хугацаатай бол Танхимаар хэлэлцдэг, ОХУ, БНСУ-ын парламентад гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгддэг, мөн хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд заасан байдаг аж.

  Харьцуулсан судалгаанаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуалдааны дэгийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай зарим асуудал байгааг илтгэгч танилцуулгынхаа эцэст дурдав. Тухайлахад, гишүүдийн ирц болон хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэсэн тухай шийдвэрийг олон нийтэд тогтмол мэдээлдэг байх, бусад гишүүний өмнөөс санал өгөх явдлыг халах зорилгоор үйлдлээр санал өгөх, хурууны хээ ашиглах аргаас аль оновчтойг нь сонгох, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу тасалсан бол зөрчлийн шинж байдлыг харгалзан хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бий болгох, мөн Ёс зүйн дэд хорооны чиг үүргийг тодорхой болгох асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг хэллээ.

Гишүүдийн хийсэн танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, Б.Гарамгайбаатар, С.Ламбаа, Д.Дондог, Ж.Гомбожав, Р.Хатанбаатар, А.Бакей, Ц.Оюунбаатар, Р.Гончигдорж, Ц.Товуусүрэн, Д.Мөнхөө, судлаач П.Амаржаргал нарын зэрэг хүмүүс илтгэгчдээс асуулт асууж тодруулан УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаар саналаа хэлж байр сууриа илэрхийлэв.

 Хэлэлцүүлэгт оролцогчдын тавьсан асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ нар хариулж, нэмэлт тайлбар, мэдээлэл өгөв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нар үг хэлж, цаг үеийн шаардлага, бодит нөхцөл байдлыг харгалзан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг улам боловсронгуй болгох шшардлагын үүднээс ажлын хэсэг гарч нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох судалгаа хийж санал авч ажиллаж байгаа.  

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг чамбайруулахад санаа авахуйц олон чухал санал гарсан тул тэдгээр саналыг тусган бусад гишүүд, УИХ-д суудалтай намуудын байр суурийг авч нэгтгэсний үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж өргөн барих чиглэлээр ажиллах болно гэдгээ хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.