Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
2018.05.11

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.05.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр таницлуулгадаа, Төсвийн хүрээний мэдэгдэлд татвар төлөгчдөд хөгжин дэвших орон зайг өгөх, бүртгэлийн тогтолцоог сайжруулах замаар татварын суурийг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод байдлыг хангах, төсвийг үр ашигтай хуваарилахад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх, нийгмийн халамжийн шилжүүлгийг оновчтой хуваарилах, төсвийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх,  Засгийн газрын нийт өр болон өрийн үйлчилгээний зардлыг багасгаж, хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулах, гадаадын зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн төсөл, арга хэмжээнд зарцуулах, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тооцлоо.

Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн нийт орлого 2018 онтой харьцуулахад 2019 онд 1.9 их наяд орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх, сүүлийн жилүүдэд 4 оронгоор хэмжигдэж байсан зээлийн үйлчилгээний төлбөр 300 орчим тэрбум төгрөгөөр буурч 860 гаран тэрбум төгрөг болох, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 10 орчим хувиар буурч, ДНБ-ий 55 гаруй хувьд хүрэх, Засгийн газрын дотоод нийт өр дунд хугацаанд тогтмол буурах,  хөрөнгө оруулалтын зардал болон цэвэр зээл 760 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар дотоодын бонд гаргахгүй байх зэрэг эерэг нөхцөл байдлууд бүрдэнэ гэж төсөөллөө гэдгийг онцлов. Нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2019 онд -6.1, 2020 онд -4.3, 2021 онд -2.5 байхаар тус тус тооцжээ.

Хуулийн төслийг ТБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Төсвийн байнгын хороо 2018 оны 5 сарын 9-ний өдөр хуулийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, О.Содбилэг, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэлжээ. Гишүүдийн зүгээс Засгийн газар эдийн засгаа уул уурхайгаас үл хамааралтай болгохын төлөө  ажиллаж байгаа эсэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулахад хэрхэн ажиллаж байгаа талаар илүүтэй тодруулсан байна.