2010.06.29

Биднийг уснаас авраагүй бол эхнэр минь ганцаараа үлдэх байсан

УИХ-ын гишүүн Ч.Улааны Ерөө голоос аварсан гэр бүлийнхэнтэй уулзсан юм. Тэднийх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастай голын хажуу-ханд айлын хашаа хөлслөн амьдардаг аж. Гэрийн эзнийг Г.Баатархүү гэдэг. "Нарантуул", 100 айлын автобусны буудлын хооронд зорчигч тээвэрлэдэг. Түүний эхнэр Д.Мөнхжаргал элэг нь өвчтэй тул хэртээ байдаг гэнэ. Тухайн өдөр юу болсон шалаар гэрийн эзэн Г.Баатархүүтэй ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэн зугаалгаар явж байгаад Ерөө голд живж, амь насаа алдах шахсан гэж сонслоо?

-Манай гэр бүл, хамаатан саднууд Сэлэнгэ аймагт байдаг. "Ээж мод"-нд мөргөчихөөд энэ сарын 1-нд Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Ерөө голын эрэг дээр бүгд амсхийж цай уухаар суу-сан. Хажууханд цагаан машинтай хоёр хүн зүлгэн дээр сууж байхаар нь цай уу гээд дуудсан. Tэгсэн УИХ-ын гишүүн Ч.Улаан гэр бүлийнхээ хүнтэй хамт явж байсан. Бид ч сандралдаад цай энэ тэр болж байсан чинь манай хамгийн бага хүү Билгүүн гутлаа усанд алдчихаад түүнийхээ араас гол руу гүйж ороод живж эхэлсэн, Тэр үед бороо их орсон болохоор гол үертэй байсан юм. Би ч сандраад хүүгийнхээ араас шууд ороод яаж ч чадахгүй живсэн. Аманд бөөн ус орж ирээд л ухаан балартаж эхэлсэн. Тэгсэн Золоо, Аззаяа гээд хоёр охин минь бидний араас уйлалдаад орчихсон байсан. Тэр үед юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй байсан чинь нэг хүн тэвэрч аваад голын эргийн тэнд аваачсан. Тэр үед хүү бид хоёрыг аварсан юм билээ. Дараа нь бараг 200 гаруй метр урсаад байсан хоёр охиныг минь гаргаж ирсэн. Тэр үед бүгд шоконд ороод юу болж өнгөрснийг мэдээгүй. Дунд охин маань уснаас гарч ирэх-дээ ухаан алдчихсан байсан.

-Ч.Улаан гишүүн тэгвэл гэр бүлийн дөрвөн хүнийг зэрэг аварчээ?

-Тэр хавьд ойрхон хүн байхгүй болохоор усанд сэлж сураагүй хүмүүс ч яаж ч чадахгүй юм билээ. Нэгнийхээ араас ороод л шууд живж, амь насаа алдах юм шиг байна лээ. Хэрэв тэр үед Ч.Улаан гишүүн байгаагүй бол даж, эхнэр маань өдийд ганцаараа үлдэх байсан байх, Хэдэн хүүхдийн маань заяа л түшсэн байх гэж бодож байна даа. Гэхдээ Ч.Улаан гишүүнд маш их баярлаж байгаа. Өнөөдөр дарга сайд ч бай, энгийн иргэн ч бай хүний чанар тийм муу болчихоогүй юм байна гэдгийг ойлголоо. Тэр хүн биднээс болж амиа алдаж болох байсан.

-Танай гэр бүлийнхний амь насыг аварчихаад гишүүн юу гэж хэлсэн бэ?

-Бүгд шоконд орчихоод Ч.Улаан гишүүнд тэр үед олигтойхон ч баярлалаа гэдгээ ч сайн хэлж чадаагүй. Тэгсэн "Угаасаа би ч байсан өөр ч хүн байсан ингэх л байсан. Би чинь усгүй нутгийн хүн шүү дээ. Харин хоёр жил усан бассейнд хичээллэсний үр ашиг өнөөдөр гарч байна" гэсэн. Миний хүүд гарынхаа бэлгийг өгөөд эрдэм номтой сайн хүн болоорой гэж ерөөгөөд, гэрэл зургаа хамт авахуулаад л салсан. Танай сониноор дамжуулж УИХ-гишүүн Ч.Улаанд баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Мөн ямар нэгэн дарга, цэрэгтээ гол нь биш хүнийх нь хувьд дөрвөн хүний амь насыг аварсныг нь төр засаг үнэлж "Шударга журам" медалиар шагнавал манай гэр бүлийнхэн төдийгүй бусад хүмүүс ч гэсэн баярлах болно.

-Та урьд нь ямар ажил хийж байсан бэ. Хэдэн жил шугаманд явж байна даа?

-Өмнө нь ачааны машины жолооч байсан. Шугаманд яваад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Хэдийгээр өөрийн гэсэн хашаа байшин байхгүй ч гэсэн амьдрал болж л байна. Эхнэр бид хоёр чинь ганц хүүтэй юм шүү дээ. Түүндээ амь шигээ л хайртай. "Амгалан цогцолбор" сургуульд сурч байгаа. Том охин маань Монголын үндэсний дээд сургуульд сурдаг. Харин дунд охин минь надад тусалж, кондуктор хийдэг.

ГЭР БҮЛЭЭРЭЭ БАЙХ ЯМАР САЙХАН ЮМ БЭ ГЭЖ БОДОГДСОН

Түүний эхнэр Ц.Мөнхжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Гэр бүлийнхэн чинь бүгд усанд живж байхад танд юу бодогдож байсан бэ ?

-Юу ч бодох сөхөөгүй л голын эрэг дагаад л гүйгээд байдаг юм билээ. Эхлээд хүн дуудах гэсэн хоолой гарахгүй баахан сандарсан. Тэд маань усанд живээд нас барчихсан бол өвчтэй би ганцаараа үлдээд хэцүүдэх байж гэж бодохоор л өөрийн эрхгүй нулимс унагах юм.

-Таны бие өвдөөд хэдэн жил болж байна вэ?

-Гурван жилийн өмнөөс л өвдсөн. Эмч нар хэлэхдээ элэг чинь өвчилсөн байх гэдэг юм. Гэхдээ одоо болтол онош нь тодрохгүй байгаа. Гэдэс жирэмсэн хүн шиг болчихоод л байх юм. Манай дөрвийг уснаас гаргаад ирэхэд гэр бүлээрээ байх ямар сайхан юм бэ гэж бодогдсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.