Энхийн гүйгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатар Энхтайвны бамбарыг гардан, Энхтайвны гүйлтийн тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэднчилгээг уламжлаад, гүйгчдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Энхийн төлөө гүйлтийн багийн ахлагч Михайл Васильченко Энхийн бамбартан медаль, Ази номхон далайн бүсийн гүйлтийн танилцуулгыг түүнд гаруулав.
Дэлхийн улс орнуудад энхтайван, эв нэгдлийг түгээх зорилготой “Энхтайвны гүйлт” 1987 онд эхэлж, Монгол Улс 1997 онд анх удаа оролцож, өдгөө дэлхийн 150 гаруй орны тамирчид, сайн дурынхан энхийн бамбарыг түүчээлэх болжээ.
“Эвийн өргөө, Энхийн гүйлт-2018” энэ жил “Энхийн төлөө” уриан дор зохион байгуулагдаж байна. Энхийн бамбар аялуулах энэхүү энхтайвны гүйлт Непал, Япон, Солонгос, Хятад улсаар аялан өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын зүүн хязгаарын хилээр орж ирсэн. Манай орны 13 аймгийн 40-өөд сум суурингаар дайрч 3000 орчим километр замыг туулан баруун хязгаарын хилээр гарах юм.
Гүйлтэнд Монгол Улсын 14 иргэн болон Австралийн тамирчин Рейтин Боултон , ОХУ-ын тамирчин Михайл Васильчинко нар оролцож байна. Гүйлтийг үргэлжлэх явцад сайн дурын гүйгчид, мэргэжлийн тамирчид хэн ч нэгдэж болох төдийгүй зарим орон нутгийн ард иргэд оролцохоо мэдэгдээд байгаа аж. Манай орны нутаг дэвсгэрт байх хугацаанд ОБЕГ, БТСГ-аас аюулгүй байдлыг хангаж, зохион байгуулалтанд анхаарч ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.