Орон зайн мэдээлэл, технологийн тасаг байгуулагдлаа
2018.06.13

Орон зайн мэдээлэл, технологийн тасаг байгуулагдлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын туршлага, шинэ техник, технологийг нэвтрүүлэх  замаар Онцгой байдлын байгууллагад орон зайн мэдээнд суурилсан гамшгийн урт хугацааны мэдээллийг системтэйгээр  бүрдүүлэх, гамшгийн үеийн удирдлага, олон нийтийг үнэн бодит мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг” байгууллаа.

Тус тасаг нь орон зайн мэдээлэлд суурилсан гамшгийн сэдэвчилсэн зураг, орон зайн мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж гамшгийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах зорилготой юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгуулагад мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллага болон орон нутагт гамшгийн орон зайн мэдээллийн систем, техник, программ хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаанд хяналт тавин ажиллана.

Цаашид Ази, Номхон далайн бүс нутаг, улс орны хэмжээнд газрын гадаргуу дээрх өөрчлөлт, байгалийн гамшгийн мониторонг хийх зорилгоор сансрын технологид суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулах, хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан мэдээлэл солилцох зорилт тавин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.