Ерөнхий сайдын баг тэргүүлж, УИХ-ын гишүүд удааллаа
Спортын төв ордон өчигдөр олны хөлд дарагдаж өнжив."Нийгмийн эрүүл нийтийн биеийн тамирыг дэмжих жил"-ийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төр, засгийн хариуцлагатай алба хашдаг "нөхөд" ширэн бөмбөгөөр наадан, хүч тамираа үзсэн учраас тэр. Телевизийн дэлгэцнээ дандаа л микрофон бүхий бичгийн ширээний ард "тухалсан" харагддаг тэд спортын зааланд хөлсөө урсган бөмбөг хөөцөлдөж, заримдаа хүүхэд шиг аяглах нь инээдэмтэй байлаа. Гэвч энэхүү тоглолт үзэгчдийг гайхашруулж орхисон. Холын зайнаас шидсэн бөмбөг бүхэн нь амжилт дагуулах Ерөнхий сайд шаггүй сагсчин гэдгээ харуулав. Засгийн газрын тэргүүний ахалсан багтай хүч үзсэн өрсөлдөгчдийг ч басаж болохооргүй юм .
Энэхүү арга хэмжээг сурвалжлах үүрэг хүлээсэн сэтгүүлчид ч тоглолт болгон дээр уухайн түрлэг өргөж, үүрэгт ажлаа умартахад хүрч байсан. Өнгө өнгийн хувцсаар ижилссэн баг тамирчид талбайд жагсахад, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэмцээнийг нээж үг хэлсэн. Түүнийг тамирчдад амжилт хүссэний дараа, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Д.Жаргалсайхан "Тамирчны алдар"-ыг эгшиглүүлж, эгдүүтэй хөөрхөн охид спорт бүжгийн үзүүлэх тоглолт сонирхууллаа.
Тэмцээний салхийг Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан Засгийн газрын баг, яамдын төрийн нарын бичиг нарын багтай хийсэн тоглолт хагалсан. Тоглолт эхэллээ. Үзэгчид ч өөр өөрсдийн багаа дэмжиж, уухай түрнэ. Төрийн нарийн бичгийн дарга нарын багийг хөгжөөн дэмжигчид чамгүй олон иржээ. Тэд бүгд улбар шар өнгийн малгайгаар ижилссэн байх бөгөөд багаа оноо авах бүрт заалыг нураах нь холгүй хашгирна.
Ерөнхий сайд бэлтгэлээ чамгүй хангажээ
Засгийн газрын гишүүдийн багийн хамгийн хурдтай Ерөнхий сайдын гол өрсөлдөгч нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар байв. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга залсан бөмбөгөө ихэвчлэн Ерөнхий сайдад дамжуулах бөгөөд арай чацтайгаараа цагаригт тэр шиднэ. Шидсэн бөмбөг нь орчихоор талбай тойрон гуйх бөгөөд энэ хооронд багийнхан нь баяр хүргэж амжина. Тоглолтын тоо хол зөрүүгүй, ан мана "үзэлцэвч" цаг дуусах хүртэл аль баг хожих нь тааварлашгүй байлаа.
Төрийн нарийнууд хүчтэй довтолгооныг эсэргүүцсэн авч Засгийн газрын гишүүдийн баг 16:12-оор тэднийг буулган авсан. Хөлс нь бурзайж, амьсгал дээшилсэн багийнхандаа хөгжөөн дэмжигчид нь ус барин гуйх нь мэргэжлийн тоглолт мэт сүртэй. Ерөнхий сайд С.Батболд "Байнгын суугаа ажилтай бидэн шиг хүмүүст ингэж сагс тоглох нь зөв юм байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хүн бүхэн анхаарах хэрэгтэй. эрүүл монгол хүн надаас, таниас эхэлнэ. Цаашдаа энэ арга хэмжээг дэмжих болно" хэмээсэн. Сагсан бөмбөгийн тэмцээн түр завсарлаж, багуудын Гурван онооны шидэлт"-ийн тэмцээн эхэлсэн.
Энэ тэмцээнд Ерөнхий сайд одгүй, зургаан удаа шидсэн боловч ганц нь ч ороогүй. Үүнийгээ мань эр "Бүр цуцсан байна" гэж цайруулах нь дуулдав. Энэ төрөлд Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар хоёр бөмбөг оруулж, талбайн эзэн гэдгээ харуулсан бол Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баттөр хоёр нэг нэг бөмбөгөөр удаалсан.
ЗТБХБ-н сайд Х.Баттулга 150 кг өргөж, аварга болов
Мөн оролцогчдын дунд хэвтээ шахалтын тэмцээн болсон. Тэмцээнд баруун хязгаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хүч үзэж буй харагдав. Өргөн бүрэлдэхүүнтэй уг тэмцээний ялагч нь УИХ-ын гишүүн, Кёкүшюзан Д.Батбаяр болох байх гэсэн үзэгч олон байв. Эхлээд бүгд 50 кг-ын туухай өргөсөн. Л.Гүндалай гишүүн "50 чинь таван кг шиг санагдаж" байна гэсээр нэг биш нэлээн олон удаа өргөв. Хагас зуун кг-ыг Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга Бямбадоржоос бусад нь өлхөн өргөсөн. Харин70-90 кг-ын гантилыг өргөхөд олонх нь хүч хүрсэнгүй. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Батбаяр, Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хүрэлсүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга,ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар тунаж үлдсэн. Тэд өргөх жингээ захиалсан бөгөөд Л.Гүндалай гишүүн захиалсан 105 кг- aa бараагүй.Олонд найдлага төрүүлсэн Кёкүшюзан ч 120 кг-аас илүүг өргөж хүчирсэнгүй.
Харин Ц.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр ан мана явсны эцэст Х.Баттулга 150 кг өргөж, гишүүдийнхээ рекордыг эвдэв. Тэрбээр "Хоёр гартаа 40 литрийн битонтой ус өргөөд явна гэдэг амаргүй. Ер нь 100 кг болоод ирэхээр эрс мэдэгдэж байна. Заавал том амжилт үзүүлэх нь гол биш.Эрүүл байх нь чухал" гэв. Д.Батбаяр гишүүн 'Хүүхэд байхдаа 180 кг-ыг өргөдөг байлаа. Барилдаж байхдаа авсан гэмтлээ сэдрээхгүйн тулд сэрэмжилж, өөрийгөө хүчилсэнгүй. Манай Баттулга байнга бэлтгэл сургуулилалт хийдгийн хувьд сайхан амжилт гаргалаа" хэмээсэн.Ерөнхий сайд Х.Баттулга гишүүнийг "аварга"-аа хэмээн дуудаж, эхний гуравт үлдсэн"тамирчид"-тай зургаа татуулж, үзэгчдийн алга ташилтаар мялаалгасан юм. Хэвтээ шахалтын тэмцээний дараа мэргэжлийн бодибилдингийн үзүүлэх тоглолт олны нүдийг хужирлав. Нэг нэгнээ дэмжиж, халуун дотноор урам хайрласан сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолтод,Засгийн газрын болон УИХ-ын гишүүд тунаж, нийлбэр дүнгээр Ерөнхий сайдын ахалсан Засгийн газрын баг тэргүүлэв. Нэг өдрийг ч бол спортоор амьсгалж өнгөрүүлсэндээ тэд баяртай байлаа.
Ч.Болортуяа
ӨДРИЙН ШУУДАН сонин