2018.07.05
"Тавантолгой" хөдөллөө
Д.Сумъяабазар: Тавантолгой” Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна
Хаврын чуулганы хаалтын өдөр нийгэм, эдийн засагт чухал нөлөөтэй олон хуулийг эцэслэн баталсан.
Юун түрүүнд ирэх намар эргэж цуглахдаа УИХ ямар хууль хэлэлцэхээ баталж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын сонгуулийн тухай, улс төрийн намын тухай гээд энэ удаагийн парламент байгуулагдсан цагаас хойш яригдаж буй суурь хуулиуд дараагийн чуулганы дараалалд мөн л багтжээ.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг шалгах ажил удааширсан, хэрэгт холбогдсон хүмүүс суллагдаж байгаа тухай хэлж энэ асуудлыг шалгаж байгаа УИХ-ын ажлын хэсгийнхнээс мэдээлэл авахыг хүссэн.
Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав “ УМБГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Хэрэг шийдвэрлэхэд шаардлагатай мэдү үлэг, холбогдох нотлох баримтуудаа авсан гэж мэдэгдсэн. Одоо ГХЯ, Элчин сайдын яамдаар дамжуулаад лондонгийн арбитрын шүүх дээр гэрээний 40 хуудастай эх хувиа барьж очоод 109 сая ам.доллараас хасуулах боломж харагдаж байгаа. Харин Жаст компанийн анх авсан 51 сая ам.долларыг төлөхөөс өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм билээ” гэв.
УИХ-ын ээлжит чуулган бүрийн төгсгөлд чухал асуудлуудыг хэлэлцдэг “уламжлал”-ын дагуу “Тавантолгой”-н ордыг хөдөлгөх шийдвэрийг шуурхайлав.
Засгийн газраас санаачилсан “Тавантолгой”-н нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж, шаардлагатай хөрөнгө оруулалт татах төслийг УИХ-ын гишүүдийн олонх баталсан. ингэснээр тавантолгой уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүд ашиглалтад орж жилд дунджаар 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрөх боломжтой болж байна.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх боломж бас нээгдлээ.
“Тавантолгой”- гоос экспортын орлогоор 2.8 тэрбум, улсын төсөвт 1.1 тэрбум ам доллар орно
Мөн уг төслийг баталснаар “Эрдэнэс тавантолгой” компанийн 30 хувийг хонконг болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр борлуулах ажил Засгийн газрын мэдэлд шилжлээ. Ажлын хэсгийнхний судалснаар “Эрдэнэс тавантолгойн” IPO-г шанхайн хөрөнгийн бирж дээр гаргавал хувьцааны одоо байгаа үнэлгээ 5-6 дахин илүү байх аж. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарахаас гадна дагалдах жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл тус бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох юм. Засгийн газар 5000-8000 шууд ажлын байр бий болгоно хэмээн тооцоолж байгаа. Үүнийг дагаад өмнийн говьд хүн амын суурьшилт ихээр явагдаж, хот байгуулалтын ажил явагдана. Энэ мэт өөдрөг тоон үзүүлэлттэйгээр “Тавантолгой”н нүүрсний уурхайн ажил шинэ шатнаас хөдөлж байна. 2010 онд УИХ 39 дүгээр тогтоол гаргаж, “Тавантолгой”н 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх, тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан.
Гэвч хэд хэдэн Засгийн газар дамжиж, зургаан удаа унасан энэ төсөл У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын өнгөн дээр ийн ажил хэрэг болж байна.
Энэ ажлыг ахалж гүйцэтгэсэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгнө. Төр 50 хувиас дээш хувиа эзэмшиж, шийдвэрээ гаргаад явна. “Тавантолгой” төсөл Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Ийнхүү парламент чухал асуудлаа хэлэлцсэн тул УИХ-ын хаврын чуулганаа хаав. УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “өнгөрсөн хугацаанд байнгын болон дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал хэлэлцсэн, УИХ-ын нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцсэн” гэв. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байсан нь энэ чуулганы дэвшилтэй явдал болсныг мөн онцолсон. УИХ-ын хаврын чуулганаар бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан байна.