Бүтцийн өөрчлөлт зөвхөн орон тоо цомхотгох зорилго агуулаагүй
2012.08.17

Бүтцийн өөрчлөлт зөвхөн орон тоо цомхотгох зорилго агуулаагүй

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга Ч.УЛААН байр сууриа илэрхийлсэн юм. "Шударга ёс" эвслийн хувьд Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөлтэй зарим талаар санал нийлэхгүй байгаа бөгөөд ажлын хэсэг байгуулсныг нь тэрээр ахалж байгаа ажээ.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөр танай бүлэг ажлын хэсэг байгуулсан нь ямар учиртай вэ?

 

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуулийн төсөл өргөн барьсан. Бүлгүүд хэлэлцэж эхлээд байна. Түүний дараа Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж батална. "Шударга ёс" эвслээс энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан. Бүх гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж санал боловсруулаад Ерөнхий сайдтай нэг бүрчлэн ярьж байна. Онолын хувьд Засгийн газрын чиг үүрэг таван чиглэлтэй байдаг. Эдгээр нь эдийн засгийн  бүтцийн асуудал, нийгмийн асуудал, улс орны дотоод хэрэг, гадаад харилцаа, бүтэц бүрэлдэхүүн гэсэн багцад хуваагддаг шүү дээ. Чиг үүргийг хуваарилахдаа барьдаг зарчмууд гэж бий.

Эрхлэх асуудлын хүрээ нь нэгдүгээрт цогц, иж бүрэн байх ёстой. Хоёрт, давхардал гаргахгүй, хүч тарамдуулахгүй, олон тийш чангаахгүй байх ёстой. Гуравт, хэн юу хариуцах вэ, ямар хариуцлагатай байх, юуны төлөө хариуцлага хүлээх вэ гэдэг тодорхой байх ёстой. Дөрөвт, үр ашиг чухал.

Үүнд манай бүлэг анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байна. Ирэх дөрвөн жилд Монгол Улсад хэрэгжүүлэхээр зорьж буй шинэ том зорилтыг биелүүлж чадах оновчтой тэр бүтцийг бий болгохыг зорьж байна.

-Өмнөх УИХ-ын үед дэд сайд нарын тоог цөөлж, төрийн албан хаагчдын тоог багасгах боломжтой гэж үзэж байсан. Энэ зарчим юу болов?

 

-Үе үеийн нөхцөл байдлаас шалтгаалж асуудлын тавилт янз бүр байдаг. Юуны өмнө төсөв, хөрөнгө, мөнгөний хомсдолтой үед хэрэглээгээ хязгаарлах талыг илүүтэй анхаарч санал боловсруулж байсан. Өнөөдөр ч шинэ бүтцийг бий болгож хэрэгжүүлэхэд эхлээд орон тоо, зардал нэмэгдэхгүй байх нь чухал. Мөн төрийн байгууллагууд ажлыг өндөр ур чадвартайгаар, үр ашигтай эрхлэх оновчтой бүтцийг бий болгох асуудлыг хооронд нь зөв уялдуулах бүтцийг бий болгох хэрэгтэй. Тиймээс аль болохоор орон тоог нэмэхгүй байх нь эхний зорилт. Хэмнэлт гаргах нь хоёр дахь зорилт. Гуравт, зайлшгүй ажил хариуцах бүтцийг бий болгохгүй бол зорилт эзэнгүйдэж үлддэг. Ийм байдал гаргахгүй байх учиртай.

-Ер нь засгийн бүтцээр УИХ дахь бүлгүүд санал нийлж байгаа юу?

 

-Нам, эвслүүд Засгийн газраа хамтран байгуулж ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд хамтран ажиллахдаа ямар зарчим барих вэ, ямар дэс дараатай асуудалд хандах вэ гэдгээ гэрээнд тусгаж баталгаажуулсан. Энэ дагуу ажил явж байна. Ажил явна гэдэг өөрөө хариуцлага. Аль болох үр ашигтай байх ёстой. Нөхцөл байдалдаа зохицсон, Монголын өвөрмөц байдалд тохирсон бодлогоо гаргаж авах ёстой юм. Түүнээс өмнөхөө тэр чигт нь механикаар хуулаад яваад байвал бүтээлч ажил болохгүй. Тиймээс ажлаа яаж сайжруулах вэ гэж асуудлыг тал талаас нь үзэж байна. Үүн дээр багахан цаг зарж байгаагаас удаашраад, асуудлаа тохирч чадаагүйгээс болоод ажил саатаад байгаа зүйл байхгүй.

-Яамдын эрх мэдлийг хэтэрхий их нэмсэн байна гэсэн шүүмжлэл гарч байна лээ?

-Энд концепцын том асуудал хөндөгдөж байгаа юм. Өмнө нь яам зөвхөн бодлогын яам байна гэсэн концепц байсан. Тэнд дутагдал байсан. Өөрөөр хэлбэл, яам өөрөө бодлогын хэрэгжилтийг хянаж чаддаггүй, ямар үүрэг, хариуцлагыг хүлээх вэ гэдэг тодорхой бус байсан.

-Төслөөр бол сайд нарын эрх мэдэл ихэсч байгаа бололтой?

 

-Ер нь сайд гэдэг өөрөө хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй албан тушаал. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг бол өөрт ногдсон төсвийн багцын хүрээнд төсвөө захиран зарцуулах бүрэн эрхээ эдэл-дэг хуультай. Тухайн салбарын хүрээндээ төсвөө захирч, орлогоо бүрдүүлэн гарсан үр ашгийг хариуцдаг. Одоо шинэ нөхцөл байдал бий болж байгаа. Улсын төсвийн тухай хууль шинэчлэгдэж батлагдсан. 2013 оны нэгдүгээр сарын 1 нээс бүрэн хэмжээгээр хэрэгжих хуулийн бэлтгэл эхлээд байна. Энэ хуулиар бол төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төвлөрлийг сааруулах, төр, засгийн бодлого боловсруулах, төсвийн хөрөнгийн бодлогыг тодорхойлох үүрэг иргэдэд шилжинэ. Иргэдийн оролцоонд тулгуурласан цоо шинэ бодлогоороо онцлог болж байна.

-Сайд нарын нэр урьдчилсан байдлаар яригдаж эхэлсэн үү?

 

-Сайд нарыг ярьж эхлээгүй байна. Одоо Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж байна. Бүтцийн асуудлын дараа хуулийн дагуу Ерөнхий сайд хамтран ажиллаж байгаа субъектуудтайгаа хамтраад Засгийн газрынхаа бүрэлдэхүүний тухай саналаа оруулж ирэхэд сайдын асуудал тодорхой болно.

 

-Агентлагийн тоог цөөлснөөр олон мянган төрийн албан хаагч ажилгүй болох нь гэсэн яриа гараад эхэллээ. Үүнийгзохицуулах гарц бий юу?

 

-Бүтцийн өөрчлөлт зөвхөн орон тоог цөөрүүлэх, хүмүүсийг халж солих зорилго агуулдаггүй. Хамгийн гол нь оновчтой бүтцийг бий болгох, чадварлаг үр ашигтай ажиллах төрийн албан хаагчийг бий болгох зорилготой байдаг. Тийм учраас оновчтой бүтцийг бий болгох чиглэл рүү ажил маань хийгдэж байна. Үүрэг функц нь байж байгаа бол түүнийг хариуцах ажилтай албан хаагч байж л таарна. Хаана, хэн ямар ажлыг хариуцах вэ гэдгийг л нарийвчлан боловсруулж байна. "Өчнөөн хүнийг гудам-жинд гаргах нь" гэдэг нь дэндүү өнгөцхөн асуудал юм. Бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болсны дараа төрийн албан хаагчид ажлаа хийнэ. Агөнтлаг, яамдад ажиллаж байгаа 4500 хүний асуудлыг оновчтой зөв боловсруулах асуудал яригдаж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.