Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн асуудлаар санал солилцлоо
2018.08.23

Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн асуудлаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент” төсөл болон “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх сургуульд дадлагажуулах, судалгаа хийх чиг үүрэгтэй тусгай эмнэлэг бий болгох ажлыг Япон Улсын хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ асуудлаар салбарын сайд тус улсын төлөөлөгчидтэй уулзан санал солилцсон юм.  Уулзалтын эхэнд салбарын сайд хоёр орны олон жилийн найрамдалт харилцааны түүхэнд тус улс чамлахааргүй туслалцаа үзүүлж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийн, сургууль цэцэрлэг, дотуур байр барих ажил тусалж ирсэнд талархал илэрхийлээд Монголын ард түмэнд дэмжлэг үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа онцлон дурдлаа.

Тэрээр

“Япон Улс анагаах ухааны салбарт хамтран ажиллаж, ирээдүйн боловсон хүчнийг чадавхижуулж, мэдлэгтэй эмч бэлтгэх ажилд хамтарч байгаад өндөр ач холбогдол өгч байгаа. Сургалтын эмнэлэг нь оюунтнуудыг чадваржуулахаас гадна Монгол Улсын иргэдэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Энэхүү эмнэлэг бий болсноор Япон Улсын эмч нарын туршлага, арга зүйг эх орондоо нэвтрүүлэх хүлээлт үүссэн. Саяхан хэрэгжиж буй төслийн ажилтай биечлэн танилцах үед өндөр хөгжилтэй улсын эмнэлгийн дүр зураг харагдсан. Сургалт явуулах эмнэлгийн статус ямар байх, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудалд та бүхний санал ч чухал байна” гээд энэхүү төслийг яаравчуулах тал дээр онцгойлон анхаарахаа хэллээ.

“Монгол Японы сургалтын эмнэлгийн менежмент” төслийн удирдагч, Анагаас ухааны професор Ирахара,

цаг зав гарган хүлээн авч, төслийн үйл ажиллагааг дэмжиж, онцгойлон анхаарч байгаа салбар хариуцсан сайд болон захиралд талархлаа илэрхийлээд “Мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх бааз суурь нь шинжилгээ, судалгаа хийх сургалтын эмнэлэг. Энэ ч утгаараа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуульд эмнэлэг барьж өгөх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Монгол эмч нар Японд мэргэжил дээшлүүлж, эрдмийн зэрэг хамгаалдаг. Гэвч эх орондоо эргэж ирээд эзэмшсэн туршлагаа хэрэгжүүлж чаддаггүй нь бааз суурьгүйтэй холбоотой гэж бодогддог. Энэхүү эмнэлэг баригдсанаар гол бааз нь болох учир салбарын хөгжил ч алхмаар урагшилна. Эмнэлгийн барилга баригдаж, хүлээлгэн өгснөөр төсөл дуусах биш харин ч эхэлнэ гэсэн үг. Цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эмчийн баг гээд олон асуудлыг шийдэх ёстой. Мөн 3-5 жил төр засгаас дэмжлэг авах шаардлага үүснэ. Тоног төхөөрөмжийн хувьд “Жайка” олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. Бидний зүгээс энэхүү эмнэлэг нь нийслэл, дүүргийн эмнэлэг гэхээс илүүтэй улсын, сургалт, судалгааны бааз суурь эмнэлэг байгаасай гэж хүсч байгаа” гэв.

Анагаах ухааны салбарыг нэг шат ахиулж, хөгжлийн шинэ шат руу хөтлөх төсөлд онцгой анхаарч, өндөр ач холбдол өгч байгаагаа салбарын сайд хэлээд тулгарч буй асуудлуудыг дэс дараатай зөв зохион байгуулалттайгаар шийдэх хэрэгтэйг чухалчиллаа.