2018.09.04

Н.Цэрэнбат: "Дэлхийн нүүдэлчдийн 5 дугаар их наадам"-ыг Монголд зохион байгуулах санал тавьсан

Киргиз./МОНЦАМЭ/."Дэлхийн нүүдэлчдийн 3 дугаар их наадам" Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу алдарт Иссыккөл нуурын эрэгт энэ сарын 3-8-ны өдөр болж байна. 

Тус улсын Засгийн газраас анх санаачлан 2014 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр эхэлсэн наадам 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд 20 гаруй орны 3000 орчим төлөөлөгч оролцож байна. Манай улсаас “Монгол Костюмс” компанийнхан үндэсний хувцасны загварын шоугаа толилуулж байгаа бол тус арга хэмжээнд Хэвлэл мэдээллийн салбарынхны төлөөлөл ч оролцож байгаа юм.
Угсаатны спорт буюу бүсний барилдаан, морин уралдаан, казах болон киргиз бөх, тулам булаалдах, Эр эниг буюу морин дээрх барилдаан зэрэг 26 төрлөөр наадамд оролцогчид өрсөлдөх аж. 
Наадмын үеэр Монгол улсын төлөөлөгчдийг ахалж яваа БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын сэтгэгдлийг сонсов.
Тэрбээр “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар их наадам”-д Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Цаашид нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдээх, залуу хойч үедээ өвлүүлэхийн тулд манай улс идэвхтэй оролцох ёстой наадмын нэг. 2022 онд Монгол Улс "Дэлхийн нүүдэлчдийн 5 дахь наадам"-ыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор Киргизийн талд тавьсан. Энэхүү наадмыг Монгол улс зохион байгуулж, дэмжсэнээр Төв Азийн нүүдэлчдийг үндсэн нүүдэлчдийн өлгий нутагт нь урих,  аялал жуулчлалыг энэ хүрээнд хөгжүүлэх боломжийг судалж байна" гэв.
 
Д.Нямтулга