Р.Очирбал: Цаазаар авах ялыг сэргээх санаачилга МАНАЙ УЛСЫН талаарх ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ өөрчилсөн
Дэлхийн 159 улсыг хамарсан хүний эрхийн төлөв байдал 2018 тайланг “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас танилцууллаа. Уг тайлангаас манай улстай холбоотой судалгааны талаар “Монголын Эмнести интернэшнл”-ийн Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбалаас тодруулсан юм.
-Дэлхийн улсуудын хүний эрхийн асуудлыг тусгасан уг тайланд манай улсын анхаарах асуудал юу байна вэ?
-Энэхүү тайланд манай улстай холбоотой зургаан асуудлыг онцлон дурдсан. Цаазаар авах ял, хүний эрхийн хамгаалагч, эрүү шүүлт, зүй бус харилцаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, орон байртай байх эрх, албадан нүүлгэлт гэсэн асуудлууд багтаж байна. Үүнээс эрүүдэн шүүх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн улмаас эрх нь зөрчигдөж мөн орон байртай байх эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн асуудал энэ удаагийн тайланд дахин дурдагдсан.
-Манай улс цаазаар авах ялыг сэргээх талаар ярьж буй нь энэ тайланд хэрхэн дурдагдав?
-Нэг талаар амжилт, нөгөө талаар ухралт болсон нэг мэдээлэл нь энэ асуудал юм. Өмнөх Ерөнхийлөгчийн үед манай улс цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиараа бүрэн халсан. Энэ нь олон улсад манай улсын нэр хүндийг өндөрт өргөсөн явдал байв. Харин хууль шинэчлээд удаагүй буюу гурван сарын дараа Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга бусдыг хүчиндэж, амь насыг нь хохироосон хэрэгт цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх асуудлыг үндэсний хэмжээнд тавьсан. Түүгээр барахгүй Хууль зүй, дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг гарган ажиллаж байгаа нь олон улсад хүрсэн хүний эрхийн эерэг төвшингөөсөө ухарсан алхам болсон.
Уг нь бол манай улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын хоёрдугаар нэмэлт баримт бичигт нэгдэн орсон байдаг. Тэгэхээр цаазаар авах ялыг эргэн сэргээх нь зөвхөн манай улсын хуулиар шийдэх асуудал биш. Энэ нь олон улсын гэрээ конвенцийн нэмэлт баримтаар шийдэх асуудал юм. Өмнөх тайлангуудад дурдсан төдийлөн амжилттай явахгүй байгаа бас нэг асуудал нь хот төлөвлөлттэй холбоотой төсөл хөтөлбөр нь иргэдийн орон байраар хангагдах эрхийг зөрчиж байгаа явдал. Энэ талын эрхзүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилт нүдээ олохгүй байгааг “Эмнести интернэшнл” онцолсон.
-Орон байраар хангагдах эрх нь зөрчигдсөн иргэд танай байгууллагад их ханддаг. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхэд тусладаг уу?
-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017 онд манай байгууллагад шаардлага хангасан орон байртай болох эрх нь төсөл хөтөлбөрийн улмаас зөрчигдсөн иргэд ихээр хандах болсон. Тэдэнтэй уулзаж байх явцад манай улсад энэ талын хууль эрхзүйн зохицуулалт дутуу дулимаг байдаг нь харагддаг. Тухайлбал, энэ төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэн болон нийгэм улс төрийн улмаас зогсонги байдалд орсон тохиолдолд иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд нутгийн захиргааны, төрийн захиргааны байгууллага ямар нэгэн шат дараалсан арга хэмжээ авах гэдэг хууль эрхзүйн зохицуулалт маш хангалтгүй байна.
Дээрээс нь одоо байгаа хууль, эрхзүйн зохицуулалт нь хэрэгждэггүй юм билээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн долоон буудалд амьдардаг нэр бүхий иргэдийн газрыг төр нөхөн олговор олгох замаар буцаан авсан байгаа юм. Гэвч нь Үндсэн хуулийн гол зарчимаар яваагүй иргэдэд зөвхөн мэдээлэл хүргэсэн байдлаар зөвшилцсөн байна лээ. Дээрээс нь иргэдтэй бодитой гэрээ хийгээгүй байж амьдран суугаа газраасаа нүү гэдэг шаардлагыг шууд болон шууд бус байдлаар хүргэсэн олон зөрчил байгаа юм. Цаашид Засгийн газрын бодлогын хүрээнд хот суурин газрыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг олноор хэрэгжүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр эрхзүйн зохицуулалтаа эргэж нэг хараач гэж хэлмээр байна. Хүний эрхийг зөрчиж болзошгүй болон хамгаалах боломжтой харилцааныхаа хуулийн эрхийн хамгаалалтаа улам чангатгаач гэж байгаа. Төсөл хөтөлбөрийн улмаас иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд төр болон нутгийн захиргааны байгууллага ямар хариуцлага хүлээх юм гэдгийг маш тодорхой, сайн зааж өгөх хэрэгтэй. Дөрөв, таван жилийн турш төсөл хөтөлбөрийн улмаас орон байртай байх эрх нь зөрчигдсөн иргэд байна. Төрөөс дөрвөн жил байр түрээсэлж “нүүдлийн шувуу” шиг амьдарч байгаа өрхийг түр орон байраар хангах үүргээ биелүүлээч гэж шаардмаар байна.
-Уул уурхайтай холбоотой малчид, орон нутгийн иргэдийн эрхийн асуудал энэ удаад хурцаар хөндөгдөж байна?
-Малчдын эрхийн асуудлыг олон улсын байгууллага анхааралдаа авч тайландаа дурдсан нь шинэлэг байна. “Эмнести интенэшнл” байгууллага Эдийн засгийн, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын факт хэрэгжиж байгаа гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгдөг. Малчдын хувьд 2017 онд олон улсын судлаач ирсэн. Дорноговь аймгийн малчидтай уулзаж судалгаагаа хийсэн. Энэ судалгааны явцад иргэдийн эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын фактаар хамгаалагдсан үндсэн суурь эрх болох цэвэр усаар хангагдах эрх нь зөрчигдөж байгаа нь мэдэгдсэн. Малаа услах, ахуйн хэрэгцээндээ уух боломжгүй устай болсноо тэд учирласан. Дээрээс нь эрүүл, аюулгүй амьдрах эрх нь зөрчигдсөн.
Учир нь, 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай уурхайн бүтээгдэхүүний олборлолттой холбоотой тэсэлгээний чимээ, машин механизмийн дуунаас болж иргэд стресст автсан. Мөн том оврын тээврийн хэрэгсэл хучилтгүй замаар явсны улмаас тоос босч, бэлчээрийн цөлжилтөд нөлөөлж байгаагаас гадна малчны эрүүл мэндэд заналхийлж байгаа юм. Малаас гарах ашиг шим нь багассан нь бэрхшээлтэй байгааг ч малчид онцолж байлаа. Малчид “Уул уурхайн олборлолтоос шалтгаалж төр, захиргаанаас биднийг нүү гэж албаддаггүй. Гэхдээ уул уурхайн компаниудын үйл ажиллагаа мал маллаж амьдрах аргагүй болгодог. Тиймээс бид нүүдэллэн амьдрах уламжлалт зан заншлаасаа холдоход хүрч байна” гэж халаглаж байсан.