Л.Болд: У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ард түмнээ гэх сэтгэлгүй, хүйтэн хөндий хонгио шиг байгаа болохоор огцруулна гэсэн юм
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний долоо хоногт явуулах УИХ-ын тогтоол гарсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг хүчингүй болгосон. Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчлөө гэж байна. Үндсэн хууль батлалцаж явсан гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа зөрчиж шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байна. Цэц өнөөдөр улс төрийн захиалгын шийдвэр гаргадаг байдлаасаа салах байх гэж найдаж байсан юмсан. Харамсалтай нь миний хүсэл талаар боллоо. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ 76 гишүүнтэй байна, УИХ-ын гишүүдийг шууд сонгоно. Ард түмэн УИХ-д төлөөлөлтэй байна гэсэн зарчмыг Үндсэн хуулийн Цэц хамгаалах ёстой л доо. Салбарын хууль нь асуудалтай байгаа бол тусад нь шийдээд явах бүрэн боломжтой заалтууд байгаа юм. Үүнийг нь шалтаг болгоод ардчилсан Монгол Улсын парламентад байж болохгүй тийм л зам руу орчихлоо. Одоо бүр сонгуулиа хийж чадахгүй байдал руу орж байгаа нь бүхнээс хортой. Намрын чуулган эхлэхээр үүний үр дагаврыг сайтар ярилцах шаардлагатай боллоо. Хойшид иргэдийн сонгох, сонгогдох, парламентад төлөөлөлтэй байх эрхийг зөрчсөн, сонгуулиа явуулж чадахгүй ангал руу түлхлээ.
Өмнө нь би хэлж байсан даа. 2016 онд бид сүүлчийн сонгуулиа хийчихсэн юм биш үү. 2020 онд сонгууль болно. Гэхдээ ард түмний эрх ашиг, Үндсэн хууль салбар хуулиуд гэж байхгүй маш аймшигтай мафижсан хуйвалдааны төр бий болох суурийг тавьж байна гэдгийг хэлсэн. Үүний маш том нотолгоо нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр буюу Хэнтий аймгийн иргэдийн сонгох эрхэд халдсан байдлаар илүү тод харагдаж байна.
-МАН нөхөн сонгууль явуулахаас хамгийн их айж байгаа гэх юм. Ардчилсан нам нөхөн сонгуульд ороход бэлэн байв уу. МАХН-ынхан ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай илэрхийлсэн л дээ...
-Сонгууль нь зарлагдаж, хэн нь нэр дэвших нь тодорхойгүй байхад хэнийг ялна гэх юм. Цаг нь болоогүй. Гэхдээ үүний цаана Монголд ардчилал үгүй болчихож гэдэг нь харагдаж байна. Монголын улс төр ардчиллаасаа таталзаж, 60 тэрбумын тогтолцоо руугаа шилжээд Үндсэн хуульт төр өөрөө үгүй болж байгааг харуулж байгаа юм. Нөхөн сонгуульд хэн ялна гэдгийг сонгууль болсон өдөр л тодорхой болно.
Цаашид ард түмэн энэ тогтолцоог хүлцэнгүй хүлээж аваад явах юм бол ардчилсан төр мөхөх аюултай. Үүнд хөтөлж байгаа нотолгоо нь өөрөө Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс харагдаж байгаа л даа.
-МАХН-ынхан Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад оноос өмнө нөхөн сонгуулиа явуул гэдэг шаардлага тавьж байна. Тийм боломж бий юу?
-Ямар ч байсан Хэнтий аймгийн иргэдийн эрхийг хамгаалж, тэднийг төрд төлөөлөлтэй байлгах нь нэн тэргүүний асуудал. МАН-ынхан зориудаар үүнийг нь хуулийн тоглоом болгоод явах алхмыг эхлүүлж байгаа нь Монголын парламентын түүхэнд маш тод хараар бичигдэх үйл явдал болж байна. Бид Үндсэн хуулиа бариад нөхөн сонгуулийг яаралтай явуулах ёстой. Өөр ямар нэгэн байдлаар ухрах, эргэлзэх зүйл байхгүй. 2016 онд УИХ-ын сонгууль болж парламент бүрдэх нөхцөл бий болсон. Үүнтэйгээ уялдуулаад нэр дэвшигчийг бүртгэх маргааныг шийдвэрлээд хуулийн хүрээнд явах бүрэн боломжтой. Сонгуулийг хугацаа алдалгүй зохион байгуулахаас өөр аргагүй. Ингэж төрийн мухардал, улс төрийн тогтворгүй байдлаас сэргийлэх нь хамгийн чухал. Ганц зам нь энэ.
-Та ээлжит бус чуулган хуралдах ёстой гэж байсан. Гэвч хуралдсангүй. Ээлжит бус чуулган зарлаад Нийтийн сонсгол явуулна гээд байгаа нь ээлжит бус чуулган зарлах үндэслэлд байхгүй байгаа нь үнэн үү?
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үндэслэлийг хэн нэгэн хүн тодорхойлохгүй. Сүүлдээ бүр байнгын хороо руу чихэж байна. Парламентад байж болохгүй жишиг рүү явуулах гээд байгаа л даа. Энэ нь өөрөө Монголын парламент парламент биш болсныг зарлаж байгаа хэлбэр. Үндсэн хуулинд төрийн эрхийг хэрэгжүүлж байгаа дээд байгууллага парламент. Тодорхой тооны гишүүд ээлжит бус чуулган хуралдуулна гээд хэлэлцэх асуудал, шалтгаан нь хэн нэгний таалалд нийцнэ, нийцэхгүй гэж байж болохгүй. УИХ өөрөө хуралдаж байж л энэ асуудлаа шийдэх ёстой. Ээлжит бус чуулган хуралдуулаагүйгээрээ Үндсэн хуулийг маш ноцтойгоор зөрчлөө. Одоо Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Цэц нь өөрөө Үндсэн хуулиа, парламентын тогтолцоогоо хамгаалсан шийдвэр гаргах учиртай. Үүнд найдаж байна.
Бид заавал аравдугаар сарын ээлжит намрын чуулганыг хүлээх шаардлагагүй. Үндсэн хуульд нийцсэн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага бий. Үүний дагуу ойрын үед хуралдах ёстой. Нэг харамсалтай зүйл хэлье. Байнгын хорооны хуралдааныг өглөө нь шууд зарлаж байгаа. Ядаж хэд хоногийн өмнө хэлээд гишүүд ирцээ бүрдүүлэх боломжийг олгох шаардлагатай. Тэгэхгүйгээр өглөө нь гишүүд рүү утасдаж, мессэж явуулаад ирц бүрдэхгүй байна гээд ингээд тарчихдаг байж болохгүй. Ийм хачин тогтолцоо Монголоос өөр оронд байдаг юм уу. Үнэхээр Байнгын хороо, чуулганы хуралдааныг долоо хоногийн өмнө зарлаад байхад гишүүд ирэхгүй бол харин Үндсэн хуулийн зөрчил биш болно. Ээлжит бус чуулган хуралдуулахаар гарын үсэг зурсан гишүүд ирээд бусад нь ирэхгүй байж болохгүй. Гишүүд ээлжит бус чуулган хуралдуулъя гэсэн бол УИХ-ын зүгээр л зарлах ёстой. УИХ-ын дарга УИХ-ыг бүрэн орлож шийдвэр гаргах хүн биш. Ямар ч байсан ээлжит бус чуулганыг яаралтай зарлах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаа зарлан хуралдуул гээд албан бичгээ УИХ-ын даргад өгсөн.
УИХ-ын гишүүд ч мөн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагаа тавьсан. Одоо ээлжит бус чуулган зарлалаа гээд оройтсон юм алга. Ажлаа хийе л дээ.
-МАН-ын бүлгийн доторх хоёр хуваагдал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуул, хуралдуулахгүй гэдэг рүүгээ орчихсон юм биш үү. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулбал М.Энхболд УИХ-ын даргаасаа огцорчих гээд, нөгөө талд нь У.Хүрэлсүхийн Засгийн газар уначих магадлал өндөр болоод байна л даа?
-Хүн бүр өөр өөрийн өнцгөөс асуудлыг ярьж байна. Үүний тулд Монголд парламент бий болсон байхгүй юу. Ээлжит бус чуулганаа зарлаад олон талаас нь энэ бүгдээ авч хэлэлцээд шийдэх л асуудал.
Түүнээс биш урьдчилаад УИХ-ын даргыг өөрчлөх гээд байна, Засгийн газрыг огцруулах гэж байна гэсэн таамгаар төрийн тогтвортой байдал ярьж, Үндсэн хууль зөрчөөд байж болохгүй. Ээлжит бус чуулган зарласнаар улс орныг туйлдуулж, сүйрүүлж байгаа энэ тогтолцоо цаашид байх юм уу, үгүй юм уу гэдгийг л ярих гээд байна шүү дээ. 60 тэрбум нь үнэн юм уу. Үнэн бол цаашид Монголын төрд ийм хар мөртэй зүйл орж ирэхгүй байх баталгааг яаж гаргах уу, ямар хууль өөрчлөх вэ гэдэг бодит зүйл ярих цаг болсон. Эдний дунд сандал ширээгээ булаацалдсан хүмүүс байгаа л байлгүй. Ингэчихвэл яах бол, тэгчихвэл тэгэх болов уу гэдэг увайгүй бодлоосоо салахгүй бол Монголын ирээдүй бараан л харагдаж байна шүү.
-АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцор гээд мэдэгдчихсэн. Засгийн газар огцрох ёстой юу?
-Бид төрийн тогтвортой байдлыг бий болгоё гээд байгаа юм. Гэхдээ хууль зөрчөөд, юу ч хийхгүй байгаад байвал тэр Засгийн газрыг байлгаад байх уу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр бид Засгийн газар байн байн солигдсоноос болж улс орон хөгжихгүй байна гээд Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд байгаа. Үндсэн хууль руу хүрз барин дайрч байгаа гол шалтгаан ердөө л энэ. Ямар ч логикгүй асуудал. Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээгээд огцорх хэрэгтэй. Түүнээс биш Засгийн газар ойр ойрхон солигдож байна зарим буруу шийдвэрийг нь өршөөе гэж болохгүй биз дээ. Манай Үндсэн хуулийн тогтолцоо ард түмнийхээ итгэлийг хүлээж чадахгүй, олонхоо бүрдүүлж чадахгүй, алдаа дутагдал гаргасан Засгийн газар огцордог тогтолцоо байхгүй юу. Харамсалтай нь үүнийг сандал ширээ булаацалдах гэх мэтээр буруу зүйлд ашиглаж байгаа.
-Юундаа байна?
-Энэ хуулиндаа биш, хүндээ байгаа юм. Улс төрийн намын хуулиас эхлээд олон хуулиудын гажгаас болж ийм үр могой бий болчихсон. Төрийн албанд хүмүүсийг сонгохдоо 60 тэрбумыг босгохоос эхлээд асуудал байна. Үүнийг өнөөдөр улс төрийн жам ёстой хутган ойлгоод байж болохгүй. Ардчилсан намын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хийж байгаа бодлогогүй алхам, ард түмнээ гэх сэтгэлгүй хүйтэн хөндий хонгио шиг байгаа болохоор огцруулна гэсэн юм. Угаасаа сөрөг хүчний үүрэг аль ч засгийг шахаж шаардаж ажлыг нь хийлгэх. Үүнээс хэн ч ухрахгүй, ухарч байгаагүй.
Үнэхээр Засгийн газраа огцруулахгүй гэж байгаа бол ард түмнийхээ итгэлийг олж авах бодит ажлуудыг хийх хэрэгтэй. Эцсийн бүлэгтээ Засгийн газрыг цөөнх биш олонх л унагадаг. Дотроо асуудлаа яриад шийдэх эрх нь нээлттэй байгаа шүү дээ.
-Өнгөрөгч долдугаар сард Лондонгийн арбитрийн шүүх Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудлаар хуралдахад Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн гэж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн. 100 сая ам.долларыг бид төлөх болсон нь гарцаагүй юу?
-Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулбал энэ мэтчилэн асуудлуудаас эхлээд мэдээлэл авах зүйлс их байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шалтгаануудыг хаврын чуулган зарлахын өмнө нэрлэсэн. Бид яагаад Засгийн газрыг огцруулна гээд байгаа юм гэхээр тэд анх “Бид Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудлыг шийднэ” гэсэн. Энэ шийдэгдсэн үү гэдгийг асуумаар байна. Төсөв хөрөнгө оруулалттай холбоотой ярих зүйлс бий. Өмнө нь гурван сайд 807 тэрбум төгрөгийн концесс авлаа. Ийм хууль бус зүйл байж болохгүй гээд огцруулаа биз дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацааг үдлээ. Одоо дүнгээ тавиулаад яв л даа. Эрдэнэтийн асуудлаас эхлээд хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн амлалтууд нь яасан бэ гээд ярих зүйлс байна. Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл авъя гэхээр өгдөггүй.
-Та хүний эрх ярьдаг гишүүдийн нэг. Хүний эрхийн дэд хорооны ч гишүүн. Турк улсын иргэн Вэйсел Акчайн асуудал юу болов. Тухайн үед өөрийн цахим хуудаснаа өөрийн байр суурийг хамгийн их илэрхийлж байсан хүн нь та шүү дээ. Одоо харин нам гүмхэн байх юм?
-Мэдээлэл огт өгөхгүй байна. Чуулган завсарлахаар гишүүд үнэндээ хэн ч биш болдог. Ялангуяа сөрөг хүчний гишүүдийг огт тоодоггүй. Олонхын бүлгийн гишүүдээс мэдээллээр бие биенээ хангадаг байлгүй. Сөрөг хүчний бүлгийн гишүүд ард түмнээ төлөөлөх тийм эрхээ эдэлж чадахгүй байна. Ямар ч байсан Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьсан. УИХ-ын бүтцийн байгууллагууд ээлжит бус чуулганаар мэдээлэл сонсгох ёстой гэж бодож байгаа.
-Өөр нэг асуудал нь Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нэг газрын даргынхаа амийг бүрэлгэсэн. Төрийн яамны хашаанд төрийн албан тушаалтнууд ийм авир гаргах юм...
-Төрийн алба болохгүй байна гээд байгаа ард түмний дүгнэлт үнэн шүү. 60 тэрбумын тогтолцоог үгүйсгэсээр байгаад сүүлдээ ийм байдал руу оруулж байна. Төрийн албан хаагчдын хоорондын зөрчил ямар түвшинд хүрч байгааг харууллаа. Монголын нэрд маш том сэв суулгасан явдал болсон. Энэ талаар гишүүдэд яаралтай мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Хэргийн талаар бодит мэдээллийг авч чадаагүй байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй. Хүний эрх гэдэг чинь өөрөө маш эмзэг асуудал. Цаашид төрийн албанд ийм байдал үүсгэхгүй байх төрийн том тогтолцооны өөрчлөлт бий болжээ.
Цаашид ийм хэрэг яамдад гарахгүй гэх баталгаа алга. Мафижсан, авлигажсан тогтолцоо үе үе хүчээ авч байна. Бид эрүүлээр сэтгэж улс төрийн намуудын нэгдсэн зөвшилцөлд хүрч зөв голдрилд нь оруулахгүй бол ард түмэн хувьсгал хийх, хүчээр шийдэх тэр зам руу орно. Киргизстан гэхэд энэ асуудлаа шийдэж чадаагүйн улмаас таван жил тутамд хувьсгал гарч байна шүү дээ. Буруу тогтолцоогоо засахгүй бол ямар болдгийг хангалттай харлаа. Бид дэлхийд өөрсдийгөө ардчиллын баянбүрд гэж омойтдог байх аа. Парламентад суудалтай, суудалгүй бүх намууд оролцон зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Бид ардчиллын ам руу гал цутгаж байгаа улс. Эцэст нь улсаа л галдан шатаагаад дуусна.
-Та өөрийнхөө ярианд ардчилал үгүй боллоо гэж хэдэнтээ дурдлаа. Та ардчилагчдын нэг. Ардчилал үгүй болж байгаа юм бол та үгүй болохыг нь зүгээр хараад суугаад байж болж байгаа юм уу. Тэмцэхгүй юм уу?
-Болохгүй бол тэмцлийн бүх хэлбэр рүү орох ёстой. Орно гэж бодож байгаа. Ингээд хүлцэнгүй хараад суугаад байж болохгүй. Сүүлийн 10 жилд Их хуралд зорьж ажилласан бүхнээс аль нь ч ажил хэрэг болсонгүй. Иргэдэд баялгийг эзэмшүүлж чадсангүй, иргэн бүрт газар өмчлүүлнэ гэсэн худлаа болсон. Иргэдийн хашааны газрыг нь өмчлүүлсэн болоод газрын наймаа улам даамжирсан. Хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, төрийн ажлыг ард түмний хяналт доор хөгжүүлэх санаачилга хана мөргөөд уналаа.
-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц та хоёрын асуудал юу болсон бэ?
-Б.Хурц намайг гүтгэсэн. Нөгөө талд нь би шүүхэд гомдлоо гаргасан. Гомдол нь хэлэлцэгддэггүй нэлээд явсан. Шүүх болохоор тэр хүнээ олохгүй байна, гэрийн хаяг нь тогтоогдохгүй байна л гэдэг. Нөгөө нөхөр болохоор Төрийн ордонд явж л байдаг. Манай тогтолцоонд байж болохгүй асуудал байгаа юм билээ. Хайж байгаа нэртэй хэдэн сарыг өнгөрүүлж, жил тойруулдаг. Маш аймшигтай тогтолцоо шүү. Шүүх хурал болно гэхээр нөгөө тал янз бүрийн шалтаг хэлээд шүүх хурлыг хязгааргүй хойшлуулдаг. Анхнаасаа намайг гүтгэсэн болохоор үнэн зөвөөрөө тогтоогдох нь гарцаагүй. Гэтэл шүүх хурлыг нь болгохгүй жил тойруулчихаж байгаа юм. Шүүх хурал хийсэн нь буруу гээд бүр ойлгомжгүй шалтгаан гаргаж ирээд ярих юм. Анхан шатны шүүх хурал дээр би ялсан. Нөгөө тал одоо давж заалдана гээд явж байгаа гэсэн. Энэ шүүх хурал нь дахин битгий олон удаа хойшлоосой. Хүний нэр төрийг гутаасан хууль бус үйл ажиллагаа цаашид дахин бүү үргэлжлээсэй. Би баримттай бүгдийг нь гаргаж танилцуулна. Одоо шүүхийн шатанд явж байгаа болохоор дэлгэж болохгүй байна. Хууль ёсыг гажуудуулсан, хүний эрхийг зөрчсөн ямар гажуу тогтолцоонд бид амьдарч байгааг ил болгоно.