Ж.Ганбаатар: 2019 онд жижиг, дундын салбарт төрийн дэмжлэг “0” байх нь
2018.10.05

Ж.Ганбаатар: 2019 онд жижиг, дундын салбарт төрийн дэмжлэг “0” байх нь

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай төсвийн талаар товч ярилцлаа.

-УИХ-аар Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн талаар УИХ-ын гишүүд уул уурхайгаас хэт хамааралтай төсөв болсныг хэлж байна. Мөн эдийн засгаа солонгоруулах тал дээр ямар ч арга хэмжээ авсангүй, зарлагаа хэт ихээр тооцсон байна гэх зэргээр шүүмжилж байгаа. Та 2019 оны улсын төсөвийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдтэй би ижил байр суурьтай байгаа. Сангийн яам, Засгийн газар гэдэг бол төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ, яаж татварын бааз суурийг нэмэгдүүлэх вэ, ирээдүйд яаж алдагдалгүй төсөв батлах вэ гэдэг бодлого барьж орж ирэх ёстой. Гэтэл тийм зүйл алга. Жишээлэхэд, 2019 онд манай жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн дэмжлэг “0” байх нь. Яагаад гэвэл жижиг, дундын салбарт итгэхгүй байна. Ямар нэгэн үйлдвэрлэл явагдахгүй, өсөлт байхгүй гэж үзэж байна.

Үндсэндээ жижиг, дундын садбарыг үгүйсгэж байгаа юм. Зөвхөн том хөрөнгө оруулалтаа харж байна. Жижиг, дундын салбарт 800-аад мянган хүн ажилладаг гэдгийг мартчихлаа. Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт жижиг, дундын талаар 10 зүйл, заалт байгаа. Тэр зүйл, заалтуудыг биелүүлэхгүй байна.

Сангийн сайд гэдэг хүн гадаадад төсвийн мөнгөөр сурсан. Ирээд дарга хийсэн. Энэ хүн жижиг, дундын талаар ямар ч ойлголтгүй байна. Яахав, уншсан, сонссон байж магадгүй. Түүнээс мэдэрсэн зүйл байхгүй. Яг эдийн засгийн бааз суурь маань жижиг дундын салбар болон татвар төлөгчид шүү дээ. Бид цалингаасаа, орлогоосоо, байгууллагынхаа ашгаас төсвийн орлогын 87 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр биднээс давсан, уул уурхайгаа хэт харсан төсөв оруулж ирсэн байна.

-Эдийн засгийг солонгоруулах боломж хэр байгаа вэ?

-Улс орныг хөгжүүлэхийн тулд нийгмийнхээ урд нь алхах ёстой. Эрх барьж байгаа намын болоод УИХ-ын гишүүд, сайд дарга нарын үүрэг энэ. Тэгэхээр боломж их бий. Уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбар байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, мал аж ахуй гээд олон салбарыг нэрлэж болно. Харин өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй.

Төсвийн урсгал зардал гэхэд 9 их наяд төгрөг байна. Төсөв хэтэрхий данхайсан байна. Зүгээр л дулаан, цахилгаан гэсэн зүйлс рүү авч байгаа орлого маань явж байна. Гэр бүлээр жишээлэхэд, яаж хүүхдээ сургуульд сургах, яаж байшингаа засах тухай бодсонгүй. Шинэ орон сууц худалдаж авах тухай бүр ч байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ямар ч төсөв тавиагүй байна гэж үү. Өмнө нь хэр хэмжээний хөрөнгө тавьдаг байсан бэ?

-Миний санаж байгаагаар 2018 онд 80 гаруй тэрбум төгрөг тавьж байсан. 2017 онд 20-иод тэрбум төгрөг суусан. Бас ч гэж амсуулаад явдаг байсан. Энэ жилийн хувьд л “0” байгаа.

-Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлд анхаараагүй шалтгааныг та юу гэж хэрж байна вэ?

-Уг нь төсвийн орлого бараг 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Зарлага ч тэр хэмжээгээр нэмэгдсэн. Би сайдтай холбож ойлгож байна. Сайд бол жижиг, дундын салбарт мөнгө өгөөд байхаар дэмжигддэггүй гэж бодсон уу, мэдэхгүй. Гэхдээ би сайдын л үзэмж байх гэж бодож байна.

-УИХ-аар төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад жижиг, дунд үйлдвэрлэлд мөнгө тавьж болох юм?

-Магадгүй юм. Тийм болохоор төсөв батлагдсаны дараа ярилцлага өгсөн бол үр дүнгийн талаар хэлж болох байсан байх.

М.Бүүвэй

www.zindaa.mn