“Нийтийн тээврийн зардал 90 ТЭРБУМ ТӨГРӨГ давсан”
2018.10.08

“Нийтийн тээврийн зардал 90 ТЭРБУМ ТӨГРӨГ давсан”

“Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөн СТӨ-нд болж байна.

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод тулгамдаад буй замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ, стандарт, хүртээмжийг сайжруулан, хот төлөвлөлтийн гажуудлыг засахад хууль тогтоох байгууллага, иргэд, судлаачдыг оролцуулан уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн уг зөвлөгөөн нь нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулж, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхээр хийж буй анхны зөвлөгөөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 567 мянгаар нэмэгдэж, 1.4 сая хүн амтай болжээ. 550-600 мянган оршин суугчтай байхаар инженер болон нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн тул ийн хүн ам, тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед замын хөдөлгөөний хэт ачааллын асуудал тулгарсаар байгаа юм. Мөн Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 945 автобус өдөрт 80 мянган литр түлш хэрэглэж, агаарт 165 кг тортог тараадаг аж.

Зөвлөгөөнөөр тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн, судлаачдын дүгнэлт, судалгааг үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтэд дарамт учруулахгүй байдлаар шийдвэрлэхийг эрэлхийлэх юм.

Мөн иргэдийн санал, зөвлөгөөг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах бөгөөд эрдэмтэн, судлаачид нийтийн тээвэр, авто замын салбарт нэвтрүүлж болох олон улсын жишиг, зохицуулалтын талаар танилцууллаа. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, цагдаагийн хурандаа С.Энхтөр “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. 

“ХОРООЛОЛ ДУНДАХ ЗАМЫГ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛГОВОЛ ЦОНХОН ДООРОО НЭГ ЦАГ ТҮГЖРЭХГҮЙ”

Тэрээр илтгэлдээ авто замын түгжрэлийг бууруулахад урт хугацаанд болон богино хугацаанд юу хийж болох талаар мэдээлэл өгсөн юм.  

“Хүмүүс автомашинтайгаа амьдарч буй хорооллоосоо гараад л цонхон доороо цаг түгжирч байна. Тэгэхээр орон сууцны хороолол дундах авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болговол энэ байдал арилна. Түгжрэлийн асуудал нь зөвхөн манай улсад байгаа юм биш. Дэлхийн олон улсад авто замын түгжрэлийг сааруулах, үүнийг зохицуулах онолын болон хэрэглээний олон асуудал бий. 

Бид дэд бүтэц болон бусад бүтээн байгуулалтын ажлаас өмнө богино хугацаанд хийх боломжит ганц найдвар нь нийтийн тээврийн салбар юм. Хэрэв нийтийн тээвэр аюулгүй, хүртээмж өндөртэй, маршрут чиглэл нь нарийн сайн байвал иргэд үйлчлүүлэх нь ихсэж авто замын түгжрэл саарахад нөлөөлнө. 2012 онд автозамын зөвхөн нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр зорчиход зориулж журамласан. Тухайн үед ихэнх иргэн амины машины унахаа болиод нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр үр дүнтэй ажил болж чадаагүй. Тиймээс одоо нийтийн тээврийн салбарыг илүү сайжруулж, боловсронгуй болгосны дараа бид иргэддээ “Нийтийн тээврээр зорчоорой” гэсэн уриалгыг хүргэх хэрэгтэй” гэсэн юм. 

Мөн энэ үеэр "Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал ба анхаарах асуудлууд"-ын талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Халиунбат илтгэл тавьсан юм. 

“НИЙСЛЭЛИЙН УРСГАЛ ТӨСВИЙН ГУРАВНЫ НЭГ НЬ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ БОЛЧИХСОН”

Тэрээр “Бид нийтийн тээвэртээ зардлаа бид хянаж чадахаа байсан. Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр эрхэлж байгаа ААН, тэдний үйл ажиллагааг хянах ёстой компаниуд тохиролцон хуйвалдаад байдаг ч юм уу, жилээд жилд нийтийн тээврийн зардал өссөөр байна. Энэ нь машин-цагийн зардал гэдэгтэй шууд холбоотой юм.

Машин-цаг хэмээх ухаалаг систем нь тухайн нэгж автобусны хийсэн тойргийн тоог гаргаж ирдэг ба тэр тоон дээр үндэслийн явсан цаг болгоноор нь мөнгө олгогддог. Энэ зардал 2014 онд байгаагүй, 2015 онд 21 тэрбум төгрөг, өнөөдөр 53.4 тэрбум төгрөг болж өдгөө нийт 90 тэрбум төгрөг даваад явчихсан их зардал гарч байна. Энэ тогтолцоо өөрөө буруу байгаа учраас ачаалал нь нийслэлийн төсөв дээр ирдэг. Учир нь нийслэлийн урсгал төсвийн гуравны нэг нь нийтийн тээврийн зардал болчихсон. (Бусад хоёр нь нийгмийн халамж, цалин урамшуулал ордог) Тэгэхээр бид нийтийн тээврийнхээ зардалд тун удахгүй бүдэрч унах нь ээ. Буруу системээр явдаг энэ байдлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бааз шинэчлэлтийн талаар яриад ч хэрэггүй юм” гэлээ.

“БИД ХЭДИЙ ДӨРВӨН ДУГУЙТАЙ УНАА АШИГЛАЖ БАЙГАА Ч МОРИН ТЭРЭГНЭЭС Ч УДААН ЗОРЧИЖ БАЙНА”

Зөвлөгөөний үеэр ЗТХЯамны сайд Я.Содбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжил хариуцсан орлогч П.Баярхүү,  “Эрдэнэс Монгол” компаний дэд захирал О.Одбаяр нар хүрэлцэн ирсэн байлаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Бид хэдий дөрвөн дугуйтай унаа ашиглаж байгаа ч морин тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч, нийгмээрээ бухимдаж цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байгаа гэдгийг бүгд мэдэж байна. Тиймээс нийслэлийн зам тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, цаашлаад хот төлөвлөлтийн гажуудлыг засахтай холбоотойгоор олон асуудлыг өнөөдөр нээлттэй хэлэлцэж нэгдсэн шийдвэрт хүрэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг хийж байна" гэсэн юм. 

Энэ үед шийдвэр гаргах түвшний эрхмүүд автозам, нийтийн тээврийн асуудлуудтай танилцаж, иргэд ААН-ийн санал сэтгэгдлийг сонссоны дараагаар цаашид ямар оновчтой бодлого, шийдвэр байж болох талаар зөвлөмж гаргах юм.