Л.Оюун-Эрдэнэ: 42 дугаар тойрогт хамгийн их хөрөнгө төсөвлөгдсөн
УИХ энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Парламент 75-уулаа төсвийг батлах гэж буй. Тодруулбал, Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төрд төлөөлөх төлөөлөлгүй байгаа. Тус тойрогт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 ажил хийхээр тусгагджээ. Үндсэндээ харьцангуй бага гэсэн үг юм.
Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, төлөөлөлгүй тойрогт хэрхэн анхаарлаа хандуулж байгааг нь тодрууллаа.
-Хэнтий аймагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг харлаа. Таны сонгогдсон тойрогт 18 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр байна. Гэвч төрд төлөөлөх төлөөлөлгүй болчихоод байгаа Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт 6-хан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр байна. Та зөвхөн өөрийнхөө гэлтгүй төлөөлөлгүй байгаа тойрогт анхаарлаа хандуулах уу?
-Хэнтийгээс сонгогдсон гишүүний хувьд манай аймгийн бүх асуудал надад хамаатай. Жишээ нь, энэ жил аймгийн төвд урд өмнө нь байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалтыг хийхээр төсөвт тусгасан. Аймгийн төвд байдаг “1000 шалбаагны хотхон” гэж нэрлэдэг орон сууцны хорооллын дунд зам тавихаар боллоо. 42 дугаар тойргийн онцлог нь аймгийн төвд хоёр сумыг хамарч байгаа болохоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бага харагдаж байгаа ч мөнгөн дүнгээрээ нөгөө хоёр тойргоосоо өндөр. Орон нутгийн хөгжлийн санд 9 тэрбум төгрөг Хэнтийд хуваарилсан. Үүний зургаан тэрбум нь аймгийн төв, 42 дугаар тойрогт хийх ажил байгаа. Өмнө нь баталсан хуулиас үүдэж Хэнтий аймаг өнөөдөр төлөөлөлгүй байна. Хэнтий аймгаас сонгогдсон Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр 42 дугаарт тойрогт нөхөж ажиллах шаардлага үүссэн. Энэ бол ёсзүйн хувьд ч байх ёстой асуудал.
-Төсөвт тусгайлан тусгуулсан ямар ажил байна вэ, 42 дугаар тойргийн хувьд?
-Дээр дурдсан замын ажлыг тусгуулсан. Энэ бол маш том ажил. Би төсвийг олон хэсэгт задлая гэж боддоггүй. Төсөв том зүйл дээр тавигдаж, үр дүн гараасай гэж боддог. Жишээ нь, аймгийн төвд ажил хийхээр тусгуулсан 10-аад тэрбум төгрөгийг сум бүрт бага багаар хуваарилаад, энд тэнд оффисын барилга бариад явахыг би дэмжихгүй байгаа. Шийдэх ёстой бас нэг асуудал нь Хэнтий аймаг аялал жуулчлалыг шийдсэн замтай болох ёстой. Бор-Өндөр, Дадал руу зам тавих асуудал яригдаж байгаа. Үндсэн том ажлыг улсын төсвөөс бусад дагавар ажлыг орон нутаг өөрсдөө шийдээд явах ёстой.
-Ээлжит бус чуулган хуралдуулна гээд зунжингаа л та хэвлэлийн хурал хийгээд байсан. Таны энэ мэдэгдлүүд “шоу” байсан юм биш үү?
-Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргахаас эрх зүйт төр ямар түвшинд байгааг дүгнэх хэрэгтэй болов уу. Би тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж, хоёр ч удаа очиж уулзсан. Багадаа 4-5 сарын хугацаа орно гэж надад хэлсэн. Тэгэхээр би тагнуулын байгууллагын байр суурийг харна. Цаг хугацаа аргацааж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. УИХ-ын гишүүнийхээ хувьд өөртөө байгаа бүх эрх мэдлийн хүрээнд л явлаа. Би хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэж боддог. Хуулиа хэрэгжүүлэхгүй бол хууль баталж яах юм.