Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ
2018.11.29

Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулганы хуралдаан үргэлжилнэ

Өнөөдөр /2018.11.29/ УИХ-ын нэгдсэн чуулган 10 цаг 08 минутанд эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга  С.Бямбацогт Ёс зүйн дэд хороо хуралдаж, тодорхой асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргалаа.

Тэрээр:

“Ёс зүйн дэд хороо өнөө өглөө 9 цагаас хуралдах зарыг өчигдөр явуулсан. Одоогоор ирц хүрэхгүй байна. ЖДҮ-гийн зээлтэй холбоотой асуудал үүссэнээс хойш иргэн Алтангэрэлээс гишүүдийн ёс зүйн хариуцлага хүлээх тухай өргөдөл ирсэн. Мөн өмгөөллийн байгууллагаас ёс зүйн асуудлыг дэд хороогоор хэлэлцүүлж, санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгсдэн хуралдаанд хэлэлцүүлэх өргөдөл ирсэн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас мөн нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг хэлэлцэх шаардлага ирүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нарын гишүүд мөн мэдэгдэл хийсэн. Дэд хороо хуралдахдаа хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргийг давхар хянан, шалгах үйл ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу прокурорын байгууллагад бичиг явуулаад холбогдох хариуг нь авсан. Энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй банйа. Ёс зүйн дэд хороогоор эдгээр асуудлыг хэлэлцэж дууссаны дараа Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс Ёс зүйн дэд хороо хуралдаж дуустал чуулганы хуралдааныг завсарлуулж өгөх хүсэлт гаргая" гэв.