Л.Болд: УИХ-ын даргыг огцруулсаны дараа Засгийн газрын асуудлыг хэлэлцэх ёстой
2018.11.30

Л.Болд: УИХ-ын даргыг огцруулсаны дараа Засгийн газрын асуудлыг хэлэлцэх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газрыг огцруулах үндэслэлийг буруу хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тэрбээр Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа.

-УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛСАНЫ ДАРАА ЗАСГИЙН ГАЗРЫН АСУУДЛЫГ ЯРИХ ЁСТОЙ-

-Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргаснаа удаа дараа илэрхийлсэн. Та бүлгийнхээ шийдвэрийг дагах уу?

-Ардчилсан нам энэ асуудлаар зарчмын шийдвэр гаргасан. Амлалтаасаа буцаж, ажил хийхгүй байгаа бүхий л Засгийн газрыг огцор гэж байгаа. Миний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “60 тэрбум”, “ЖДҮ”-ийн хэргиийг халхалж огцроосой гэж хүсэхгүй байна. Засгийн газар огцорлоо гэхэд цаадах бүлэглэл улам хүчирхэгжинэ. Бүлэглэлийн толгойлогч болох УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээрээ ажлаа өгөх ёстой. Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярих ёстой. Өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газраар туг тахиад “60 тэрбум”-ын хэргийг замхруулсан. Одоо “ЖДҮ”-ийн хэргийг намжаахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэж байна. Эцэст нь хариуцлага хүлээлгэсэн нэр зүүгээд хэргийг замхруулах гэж байна шүү дээ. Энэ Засгийн газраар туг тахих гээд байна. 60 тэрбумын тогтолцоог нураах нь нэгдүгээрт тавигдах асуудал.

ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан хэрэг бол “60 тэрбум”-ын нотлох баримт. 60 тэрбумын хэрэг бол нотлогдоогүй. Харин ЖДҮ бол төрийн мөнгийг хуваагаад авчихсан нь тогтоогдчихсон хэрэг. Засгийн газрыг огцруулбал ард иргэд бухимдаж улс орны эдийн засаг улам хүндэрнэ. Гадаад дахь улсын нэр хүнд унана. 60 тэрбумынхан ЖДҮ-ийн хэргээр Засгийн газрыг тамгалж хаячихаад Засгийн газрыг огцруулах гээд байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ хариуцлагагүй ажилласан гэдэг шалтгаанаар огцрох ёстой болохоос ЖДҮХС-аас гишүүд зээл авсан асуудлыг хариуцаж огцрох ёсгүй. ЖДҮ-ийн хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй хүмүүс хүлээх ёстой.

-Та Засгийн газрыг огцруулах үндэслэлийг буруу гэж үзэж байгаа юм уу?

-Засгийн газрыг огцруулсан нэрээр бүх хэргээ хааж асуудлыг намжааж болохгүй. Үүний дараа өөрсдөө цэвэр үлдэх гээд байгаа нь хамгийн аюултай.  Эхлээд УИХ-ын даргыг огцруул. Ингээд шинэ УИХ-ын даргыг томилсоны дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг яривал би дэмжинэ.

-МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ӨРӨВДӨӨГҮЙ-

-Таныг Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгөх юм байна гэж ойлголоо?

-УИХ-ын даргын асуудлыг эхлээд шийд. Энэ асуудлыг шийдэхгүй бол Засгийн газрын асуудлыг ярих нөхцөл миний хувьд бүрдэхгүй. УИХ-ын даргын асуудлыг хэрхэн нь тун удахгүй тодорхой болох байх. Түүний дараа би шийдвэрээ гаргана. МАН-ын Засгийн газрыг өрөвдөөгүй. Гэхдээ эхлээп УИХ-ын даргын асуудлыг ярих ёстой. УИХ-ын даргын асуудлыг ярихгүй гэвэл би хэвлэлийн бага хурал хийж шийдвэрээ хэлнэ.

-Та УИХ-ын даргыг огцруулах асуудлаар өмнө нь дуугарч болохгүй байсан юм уу. Засгийн газрыг огцруулах асуудлыг яриад эхлэхээр УИХ-ын даргыг огцруулна гэж У.Хүрэлсүхийн талынхантай нийлж мэдэгдэл хийж буй чинь анхаарал татаж байна?

-Би эртнээс ярьж ирсэн. УИХ-ын дарга парламентыг хоёр хувааж байна. Ингэж болохгүй. УИХ-ын даргыг огцруулсаны  дараа Засгийн газрыг огцруулах эсэх нь надад хамаагүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол 2020 онд сонгууль ч болохгүй шүү. Сонгууль боллоо гэхэд жүжиг л болно.

-Та У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэр ажиллаж байна гэж боддог вэ?

-Муу ажиллаж байгаа. Муу ажиллаж буйгаар нь үндэслэж огцруулах ёстой. Түүнээс ЖДҮ-ийн хэл, амыг дарахын тулд Засгийн газрыг огцруулж болохгүй.

-Таныг Засгийн газрыг огцруулахгүй гэж тохирсон. Богд банкиндаа ипотекийн зээл авах баталгаа гаргуулахын тулд саналаа худалдах гэж байна гэх мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Сайхан гүтгэлэг байна. Сангийн яам, Монгол банкнаас нь асууж болно. Засгийн газрын хувь заяаг шийдэх үеэр л ийм юм яригддаг. Хэрвээ надад асуудал байвал намайг аль хэдийн дүүжлээд арьсыг минь хуулчихсан байгаа. Холбогдох газрууд нь тайлбараа өгөх байх.

-Богд банк ипотекийн зээл гардаггүй юм уу?

-Ганц Богд банкийг л хасдаг гэсэн . Бусад бүхий л банкинд хэдэн зуун тэрбумаар нь өгдөг гэсэн. Адилхан банк байхад хохироодог л юм байна. Тэглээ гээд яахав хашгираад байлтай биш.

Т.ХУЛАН