Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018.12.17

Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана

Өнгөрсөн долоо хоногт оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны Элч 2018” шагнал гардуулах ёслол Төрийн ордноо зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг “Залуу багш нарын холбоо”-оос зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил хөдөлмөр, бүтээлээрээ манлайлсан 10 багш шилдгээр тодорсон. “Оюуны элч 2018” шагнал гардуулах ёслолын үеэр боловсролын цаашдын чиг хандлага болон багшийн хөгжлийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХУУЛЬ ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ Ч БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДААГҮЙ БАЙНА-

-Өнөөдөр 21 аймаг есөн дүүргийг төлөөлөн 10 багш шилдгээр тодорлоо. Багш нарыг нэг удаа шагнаж, урамшуулаад өнгөрөх бус цаашид тэдний хөдөлмөрийг үнэлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар ажлыг хийх шаардлагатай вэ?

-Залуу багш нарын холбоо байгуулагдаад 10 жил боллоо. Харин би энэ холбооны тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрч байна. Тэргүүнээр сонгогдсоныхоо дараа нэг л ажлыг эхлүүлэх ёстой гэж бодсон. Тэр нь багш нарт тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх ажил байсан. Энэ ч үүднээс “Багш нараа сонсъё” аяныг улс орон даяар явуулсан. Мөн 2016 оны сонгуулийн өмнө 1000 багшийн уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаас нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай 18 ажлын саналыг гаргаж тухайн үеийн нам, эвслийн бүлэгт өгч байсан. Бидний энэхүү санал МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Багшийг хөгжүүлэх, боловсролын салбарт ямар ажил хийх шаардлагатай талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч бий. Үүний дараа би УИХ-ын гишүүнээр сонгогдож багшлийн хөгжлийг хуульчлах ёстой гэж үзсэн. Дэлхийн таван орон багшийн хөгжлийн бие даасан хуультай. Манай улс зургаа дахь орон нь болсон.

-Багшийн хөгжлийг хуульчилсан нь боловсролын салбар дахь дэвшил мөн. Гэхдээ хуулиас гадна багш нарыг дэмжих үйл ажиллагааг төрөөс дутмаг хийдэг юм шиг санагддаг?

-Манай холбоо нь Юнескогийн  олон улсын багш нарын зөвлөлийн албан ёсны гишүүн. Саяхан би Англи улсад тус зөвлөлийнхэнтэй уулзахад “Монгол улс боловсролыг дээдэлдэг орон гэдгээ багшийн хөгжлийн хуулиараа харуулсан. Багшийн хөгжлийг хуульчилснаараа боловсролын салбартаа том дэвшил гаргасан” гэж тэд хэлсэн. Энэ хуулинд алдаа, оноо бий. Гэхдээ энэ бол багш нарын хамтарч санаачилсан хууль. Энэ хуулинд маш сайн заалтууд бий. Багш нар өөрсдийгөө хөгжүүлэх эрх зүйн орчин нь зөв бүрдэх боломжтой. “Залуу багш нарын холбоо”  21 аймаг, есөн дүүрэгт салбартай, жил бүр шилдэг залуу багш нараа тодруулдаг. Мөн 250 шилдэг багшийн тусгай сургалтыг зохион байгуулж байна. Энэ бүх үйл ажиллагааны зардлыг манай холбооноос гаргаж, зохицуулж ирсэн. Ямар нэгэн төрийн байгууллагатай хамтардаггүй. Бид жил бүр багш нараа сонсох аянаа явуулдгаас гадна нийслэлийн зөвлөгөөнийг хоёр жил тутамд хийдэг.  Салбар зөвлөлүүд маань олон нийт рүү хандсан ажлаа хийгээд явж байна. Багш нарын төлөө сэтгэл гарган ажиллаж буй хүн бүрт манай холбоо нээлттэй. Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө “Залуу багш нарын холбоо”-ны тэргүүн байсан. Одоо ч энэ ажлаа хийгээд явж байна.

-БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ МЭДДЭГГҮЙ ХҮМҮҮС МЭДЭМХИЙРЧ АЖИЛЛАЖ БАЙНА-

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжих хөрс, суурь нь хэр сайн тавигдсан бэ?

-Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байна. Боловсролын салбарт нэгдсэн бодлого алдагдсан. Энэ салбарыг мэддэггүй хүмүүс мэдэмхийрч ажилладаг болсон гэх мэт тулгамдсан асуудлууд бий. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт хоёр өөр гэдгийг ялгаж, салгаж ойлгодог баймаар байна. Энэ нь олон сайн ажлыг гацааж байна. Би Англид явж байхдаа Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллагын удирдлагуудтай уулзсан. Миний зүгээс “2018  оны 12 дугаар сард гэхэд үндэсний хэмжээнд бүх сургууль дээр хэрэгжүүлэхээр тохирсон Кембрижийн хөтөлбөр яагаад зогссон бэ” гэж тэд нараас асуусан. Тэгэхэд танай боловсролын яамны гадаад харилцаа хариуцсан хэлтсээс манайх руу эмэйлд хариу ирүүлэхгүй байна шүү дээ гэж хэлсэн. Энэ бол ичгэвтэр үйлдэл.

Энэ хөтөлбөрийн давуу тал нь Монгол залууст гадны сургуулиудад суралцах боломжийг нээж өгөхөлд оршдог. Тэд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 13 зүйлтэй журмыг гаргах хэрэгтэй гэж надад хэлсэн. Мөн ямар, ямар ажлуудыг хийх ёстой талаар зөвлөсөн. Хамгийн эхэнд хийх ажил бол багшаа бэлтгэх тогтолцоогоо өөрчлөх. Кембрижийн хөтөлбөрөөр ердөө дөрвөн хичээлийг англи хэлээр заах юм. Гэтэл багш нарыг бэлтгэх ажил урагшлахгүй байна. Яагаад сургууль бүр англи хэлээр дөрвөн хичээл заах багш нараа бэлтгэж болдоггүй юм.

-БАГШ БЭЛТГЭХ АЖИЛ РУУ АНХААРЛАА ХАНДУУЛАХ БОДОЛТОЙ БАЙНА-

-Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжихээсээ өнгөрсөн гэсэн үг үү?

-13 зүйлтэй журмыг гаргаад бусад ажлаа хийж чадвал 2021 он гэхэд бүх сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж болно гэж тэд хэлсэн. Тэгэхээр багш бэлтгэх ажил руу анхаарлаа хандуулъя гэдэг бодолтой байна.

-Таныг Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна гэж ойлголоо?  

- Дэлхийн улс орнууд боловсролын салбараа хөгжүүлэхдээ олон улсын стандартад нийцсэн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг нэвтрүүлдэг. Бид өрнөдийн системээр явах гэж буй бол дунд сургуулиудаа Кембрижийн стандарт руу нэвтрүүлэх хэрэгтэй. Дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг хийдэг байгууллага нь өөрөө олон улсад магадлуулъя. Английн магадлан итгэмжлэлийн байгууллагатай харилцаа холбоотой болгоё. Тэгэж байж Монголын диплом олон улсад үнэтэй болно. Би 2010 онд Рояаль академийг байгуулсан. Рояаль академид очиж танилц. Лаборатори сургуулийн орчныг тэнд байгуулсан, яг ямар байх ёстой түүгээр нь. Сургалтын хөтөлбөрийг магадлуулсан. Их Британийн магадлан итгэмжлэлийн зөвлөлийн байгууллагын сайтад Рояаль академи бий. Бид үүнийхээ тусламжтайгаар 80 гаруй сургуультай хамтран ажиллаж байна. Манай дипломыг зөвшөөрч байна. Манай сургуулиар дамжуулан олон залуу АНУ-д тэтгэлгээр суралцаж байна. Бодитой үр дүн гарсан. Манай оюутнууд  toefl-ийн хамгийн өндөр оноог авсан. 2010 оноос хойш өөрийн хувийн сургуульд энэ ажлыг хийж, зовлон, жаргалыг мэдэрсэн учраас ингэж яриад байгаа юм. Эхлээд стандартаа ав. Дараа нь багшаа бэлтгэх тогтолцоогоо зөв болго. Дараагийн асуудал нь энэ салбарыг бүхэлд нь улс төржилтөөс холдуулах ёстой. Улс төржүүлээд байвал энэ салбар урагшлахгүй. Энэ бол дураараа авирладаг салбар биш. Урт хугацааны бодлоготой байх ёстой.

-МОНГОЛ УЛС ДУУ ХӨГЖИМ, БАГА АНГИЙН БАГШГҮЙ БОЛЖ БАЙНА-

-Багш нарын цалинг нэмэрээх шийдвэрлэсэн. Гэхдээ энэ нь нийгмийн асуудлыг нь бүхэлд нь шийдчихсэн гэсэн үг биш. Бид энэ чиглэлд хэрхэн ажиллах ёстой юм бэ?

-Боловсролдын салбарт ажиллаж буй хүмүүсийг сэтгэл дүүрэн ажиллуулахын тулд бүх талаар дэмжих хэрэгтэй. Арванхоёрдугаар анги төгсөгчдийн гуравхан хувь нь л багшийн мэргэжлийг сонгож байна. Монгол улс дуу хөгжим, бага ангийн багшгүй болж байна. Бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн цалинг нэмэх ёстой. Туслах багш нарынхаа тоог нэмэх ёстой. Ингээд ирэхээр салбар бүхэлдээ өөрчлөгдөнө. Боловсролын их сургууль бага анги, СӨБ-ийн багшаа үнэ төлбөргүй сургаж, бэлтгэх ёстой юм. Сургалтын төлбөрийг нь төрөөс даана гэсэн үг. Ажлын гүйцэтгэлийн системийг  багшийн хөгжлийн хуулинд заасны дагуу мөрд. Тэгвэл энэ мэргэжил үнэ цэнэтэй болох ёстой. Журмыг нь гаргачих. Тэгвэл салбарын хүний хөгжлийн зөв бодлого явна. Үндсэн цалинг хувиар өсгөөд бодитой үр дүнд хүрэхгүй. Гадаадад доктор хамгаалсан бол зөвлөх багшаар ажиллуулах хэрэгтэй. Тэднийгээ заавал таван жил гэхгүйгээр гурван жил болгоод зэрэг ахидаг нөхцөл боломжоор хангах ёстой. Багшийн хөгжлийн хуулиа хэрэгжүүлье. ТОСК-тай хамтраад ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээсийн орон сууцны тодорхой квотыг багш нартаа гаргаад өгөх ёстой юм.  Топ 100 тэтгэлгийн 50 хувьд нь багш нараа явуул. Багш бэлтгэн төгсгөөд ажлынх нь байрны  хувиарлалтыг зөв хийгээд өгөх хэрэгтэй. Ингээд хэдхэн асуудал шийдэхэд энэ салбар өсч өндийнө. Залуу багш нарын холбоо энэ чиглэлд илүү идэвхтэй ажиллана.

Т.ЭНХЭЛЭЭ