УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой холбоотой мэдээлэлд няцаалт хийлээ
2018.12.19

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой холбоотой мэдээлэлд няцаалт хийлээ

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой холбоотой бодит бус мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын ажлын албанаас тайлбар хийж, мэдэгдэл гаргаад байна.

Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэдэг хүнийг яавал ард иргэд, сонгогч түмний өмнө нэр төрийг нь гутааж, муу хүн гэж итгүүлэх вэ гэдэг захиалгат ажилд асар их мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулан явуулж байгаад харамсаж байна.

Сүүлийн үед зохион байгуулалттайгаар явуулж байгаа зарим мэдээлэлд хариу тайлбар өгөх үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох үзүүлэлт байдаггүй тухай” БОНХАЖ-ын сайдаар (2014.12-2015.08) ажиллаж байхдаа хөндөн ярьж, холбогдох хууль тогтоомжийг яаралтай боловсруулан батлуулах тухайгаа хэлж байсан бичлэгнээс хэсэгчлэн авч, мушгин гуйвуулж, цахим сүлжээгээр төлбөртэйгээр тарааж байна.

БОНХАЖ-ын сайдаар 7 сар ажиллахдаа УИХ-аар 11, Засгийн газрын хурлаар 10 асуудал /хууль, тогтоол, бодлогын баримт бичиг/ оруулж шийдвэрлүүлж байсны нэг нь 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 286 дугаар тогтоолоор Агаар, хөрс, орчны бохирдол ямар түвшинд, ямар хугацааны турш очвол сэрэмжлүүлэх /гамшиг гэж зарлах/ хэмжигдэхүүнийг тогтоож батлуулсан юм.

Хоёр дахь удаагаа энэ салбарын сайдаар (2016.07-2017.09) нэг жил орчим хугацаанд ажиллахдаа 2017 оны 3-р сард “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв тооцооллынх нь хамт батлуулсан.

Ингэснээр Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 27 жилийн хугацаанд анх удаагаа салбар дундын нэгдсэн зохицуулалтыг хангасан, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөц, цаг хугацаа, мөнгө хөрөнгөтэй нь тооцоолсон, Монгол улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогууд болон олон улсын өмнө хүлээсэн бодлогын бичиг баримтуудад тулгуурласан Агаар, орчны бохирдлыг хэзээ хэрхэн бууруулж чадахаа, хэн хаанаа ямар үүрэг хариуцлага хүлээхээ тодорхойлсон гартаа барих бичиг баримттай болсон юм.

 

УИХ-ын гишүүний ажлын алба

2018.12.19.