2018.12.26
Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоов
Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3200, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөгөөр тогтоолоо.