А.Ундраа: Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс бол шинэ үеийн залуус байна
2018.12.31

А.Ундраа: Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс бол шинэ үеийн залуус байна

Өдрийн сонин, Сэтгүүлч, МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-МАН-ын бүлэглэл хоорондын тэмцлээс болж засаг төрийн үйл ажиллагаа гацаанд орсон нь иргэдийг бухимдуулж байна. Он солигдоход цөөхөн хоног үлдлээ шүү дээ?

-Ер нь оны төгсгөл гэдэг бол хүн болгон өөрийнхөө тухайн жилд хийсэн амжилт, ажил үйлсээ эргэцүүлэн тодорхой хэмжээний дүгнэлт хийдэг үе. Албан байгууллага бол тайлангаа тавьж, мөн ирэх ондоо хүн бүр юу хийж, бүтээхээ төлөвлөдөг, боддог цаг хугацаа л даа. Энэ утгаараа хувь хүн, байгууллага гэр бүлийн хувьд чухал момент. Гэтэл Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацаад сар шахам хугацаа өнгөрлөө. Төрт ёс, Монгол Улсынхаа сайн сайхан байдлын төлөө парламент маань тасралтгүй жигд үйл ажиллагаа явуулж, хариуцлагаа үүрч ажиллах ёстой. Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагаа гацсан байгаа нь Монгол төрийн өнөөгийн нөхцөл байдалд сайн үр дүн мэдээж авчрахгүй. Хэлэлцэх ёстой асуудлууд хуримтлагдсаар байна. Хэлэлцэхгүй байлаа гээд тэр асуудлууд яваад өгчихгүй. Үүн дээр нэлээд зүйлийг эргэцүүлж бодож байна л даа.

-Улс орны амьдрал хэцүүдэж байхад ард түмний итгэлийг авч төрд суусан эрхэм түшээд ажлаа хийхгүй байгаа явдлыг та хэрхэн харж байна вэ?

-Хэд хэдэн зүйлийн талаар уншигчдад санал бодлоо хуваалцмаар байна.

Хүмүүс шинэ жилээ өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Байгууллага, хамт олон, нутгийн зөвлөлийн зэрэг хамт олны шинэ жил их хийж байгааг сошиал сүлжээнээс хүн бүхэн харж байгаа байх. Найз нөхөд, ах дүү, гэр бүлтэйгээ баяраа тэмдэглэнэ гэдэг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг, хүн бүрт өөр өөрийн гэсэн утга учиртай байдаг. Гэхдээ аливаа зүйл хэтрэхээрээ буруу тийшээ явчихдаг тал бий. Юу хэлэх гээд байна вэ гэвэл зээл тавьж шинэ жилд мөнгөө үрж болно гэж үү, орлогын оновчтой зарцуулалт гэж байх ёстой. Олон жил Америкт амьдарч байгаад Монголдоо ирсэн надад аливаа баяр ёслолоор манайхан маш их мөнгө зарцуулж байгаа нь тод анзаарагдсан. Орлогоосоо давсан цамаан байдал, хэтэрсэн архидалт, хавтгайрсан шагнал гээд утгаа алдаж байна.

Шинэ жилийн баярыг утга учиртай тэмдэглэдэг болмоор байгаа юм. Сайн жишээнүүд харагдаж байна л даа. “Ид шидийн орон” хүүхдийн асрах газрыг байгуулсан Ганжавхлан гэдэг залуу, “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан амьдралын боломж тааруу олон айлын хүүхдүүдэд очиж бэлэг түгээж байна. Зөвхөн бэлэг өгөхөөс гадна амьдрал нь үнэхээр хэцүү бол “Ид шидийн орон”-доо аваачдаг гэнэ. Дээр нь түлээ, нүүрс дөхүүлж өгч байгаа харагдсан. Энэ залуугийн хийгээд байгаа ажил өгөөмөр шинэ жилээ зөв тэмдэглэж, амьдрал нь амаргүй байгаа хүмүүст хүрч ажиллаж буй залууст баярласан сэтгэл төрснөө илэрхийлмээр байна. Уг нь халамж хэрэгтэй нэгнийг халамжлах хамгаалах асуудал төрийн бодлого дотор байгаа. Гэтэл бодлого нь оновчтой явахгүйгээс болоод хүмүүсийн амьдрал улам хэцүүдээд байна. Нөгөө талаас бүхнийг төр рүү чихэж болохгүй. Олж байгаа орлогоо оновчтой зарцуулах, хэрэглээгээ зөв байлгаж, бэлэнчлэхгүй байвал хүн амьдралаа босгож чадна. Тэгэхийн тулд зөв бодлого явуулах ёстой. Олон асуудал уялдаатай. Олон хүний амьдрал хүнд хэцүү байгаа нь үнэн. Тэр бүгдэд “Май” гээд халамжлаад байх юм бол хүмүүсийн амьдрал урт хугацаандаа сайжрахгүй. “Хүнд тусалъя гэвэл загас битгий өг. Харин загас барихыг зааж өг” гэсэн орос ардын зүйр үг байдаг даа. Тиймээс ядуурлаас гаргая, ажилтай, орлоготой болгож амьдралыг нь дээшлүүлье гэвэл хөдөлмөрлөх хандлагыг дэмжих чухал. Үүнийг хүмүүс ихэнхдээ ойлгодог л гэж боддог. Хүн амьдрах эх үүсвэрээ өөрөө олдог байх ёстой. Хамгийн гол нь тийм зорилгыг дэмжсэн төрийн бодлого сул байна. Үүний үр дүнд хүний өмнөөс амьдарч буй юм шиг байдал хандлага түгээмэл боллоо. Бид нийгмээрээ ийм хандлагад орж болохгүй. Олон хүн ийм буруу хандлагатай байвал төдий чинээ үндэстнийхээ хувьд өндийж чадахгүй болно.

-Нийгэмд ядуурал их байгаа. Та УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргын хувьд улс орны хөгжил, ядуурлыг бууруулах асуудалд төр ямар бодлого баримтлан ажиллаж байгааг сонирхуулахгүй юу?

-Хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийн 17 нийтлэг зорилтыг өмнөө тавьчихсан байгаа. НҮБ-аас баталсан энэ зорилтын 2030 он гэхэд дэлхий нийтээрээ биелүүлэх ёстой гэсэн том зорилт юм. Манай улс ч гэсэн энэ зорилтыг биелүүлэх үүрэг хүлээсэн. Нэн түрүүнд өлсгөлөн, ядуурлыг тэглэх зорилго юм. Ядуурлын түвшин бол улс орон болгоны хувьд харилцан адилгүй байна. Манайх ядуурал өндөртэй орны тоонд орж байна. Эдийн засаг өсөлттэй байхад дундаж орлоготой орны тоонд жагсаж байсан нь саяхан. Гэтэл хүн болгон дундаж орлоготой байна уу гэвэл үгүй. Баян хоосны ялгаа их, орлогын тэгш бус хуваарилалтаас болоод хэсэг бүлэг хүний орлого сайжирсан ч 30 хувь буюу бараг 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн категорит орж байгаа нь гашуун үнэн. Хүн амын орлоготой холбоотой судалгаа явуулахад “Хөргөгч, индүүтэй айлууд яахаараа нийгмийн халамж авч чадахаа байчихдаг юм бэ. Авмаар байна” гэж байсан. Энэ нь хүмүүс халамжийг хүсээд байгаагийн илэрхийлэл. Хоёрдугаарт, ядуурал тогтоож байгаа аргачлал нь хэр зөв юм бол доо. Аргачлалаасаа болоод буруу гарсан байлаа гэхэд ямартаа ч ядуурал өндөр байгааг хэн ч үгүйсгэхгүй. Тогтвортой хөгжлийн нэгдүгээр зорилт ядуурлыг арилгах. Хоёрдугаарх нь өлсгөлөнгүй байх. Хүн өөрийн гэсэн орлоготой болж идэх хоолтой байж дараа нь боловсролтой байх зорилтоо биелүүлнэ. Хоосон ходоодтой хүн яаж боловсролын тухай бодох юм бэ. Ингээд дөрөвдүгээр зорилт нь эрүүл мэнд гэх зэрэг бүгд уялдаа холбоотой байгаа. Миний бодлоор 16,17 дугаар зорилтууд буюу засаглалын асуудал тун чухал. Толгой зөв тийшээ ажиллах чухал байна. Нийгэмд шуугиан тариад хүмүүс бухимдаад байгаа ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг буруу зарцуулсан, хариуцлага тооцоход хүнд байгаа энэ асуудал бол буруу засаглалтай холбоотой. Ядуурлыг арилгаж тулгамдсан асуудлуудаа шийдье гэвэл өнөөдөр ЖДҮ-ийн сангаас гишүүдийг авлигадсан асуудалтай заавал тэмцэж, эцсийг нь үзэх ёстой. Ингэж байж арай гэрэл гэгээтэй ирээдүй рүү очно.

-Хүмүүсийг ядуурлаас гарах гол арга зам бол ажилтай орлоготой байх. Гэтэл засаг төр энэ ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр яагаад анхаарахгүй байна вэ?

-Ажлын байрыг бий болгоё гэвэл төр дангаараа хариуцаж дийлэхгүй. Дийлэнхийг хувийн хэвшил л үүрч чадна. Эрүүл эдийн засагт арван ажлын байр тутмын нэг нь төрийнх, ес нь хувийн хэвшлийнх байдаг. Тэр дундаа найм нь жижиг, дунд үйлдвэрийнх байна. Гэтэл өнөөдөр нийгэмд ЖДҮХС яагаад энэ олон хүнийг бухимдуулаад байна вэ гэхээр тэр хэрээр ажлын байр, орлого, бага хүүтэй зээл хэрэгтэй байна шүү дээ. Залууст найман хувийн хүүтэй орон сууцны зээл олдохгүй, өндөр хүүгийн дарамтад амьдарч байна. Захуудаар өдрийн зээл хүртэл гарчихсан байгаа. Ийм их эрэлттэй байхад бизнесийн амин сүнс болсон ЖДҮХС-гийн зээлийг мэдээлэлд, эрх мэдэлд ойрхон хүмүүс давуу талаа ашиглаад аваад байна. Нэг удаагийнх ч биш. Бүр олон удаагийн давтамжтай, аваад сурчихсан байдаг. Тэрэндээ өчүүхэн ч гэмшиж байгаа шинжгүй суух юм.

-ЖДҮХС-гаас мөнгө авсан арваад гишүүнийг АТГ-аас шалгаад гурвынх нь бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн гэсэн. Үр дүнд хүрэх юм болов уу. Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэн асуудлыг Ерөнхий прокурор оруулж ирээд явуулаагүй шүү дээ?

-Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Б.Батзориг гишүүний асуудлыг анх гарч байхад арай ийм олон хүн холбогдсон энэндээ тулсан гэж бодоогүй. Андуурсан ташаа мэдээлэл юм болов уу гэж бодож байлаа. Тиймдээ ч Б.Батзориг гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй гэж санал өгч байлаа. Гэтэл байдал хүнд байжээ. Одоо энэ ЖДҮХС-гаас ямар олон хүн мөнгө авсан нь өдөр өдрөөр нэмэгдээд байна шүү дээ. Бараг л тэр олон тэрбум төгрөгөөр гишүүдийг авлигадаж, Засгийн газраа байгуулсан асуудал руу явж байх шиг байна. Тиймээс энэ асуудлыг сайн шалгах ёстой. Ерөнхий сайд өөрөө хүртэл холбогдсон тухай хэвлэлээр мэдээлэх боллоо. Төрсөн дүү нь ЖДҮХС хаана байна, тэнд явж байдаг. Бүр дөрвөн яам дамжиж найман жил тэр асуудалтай холбогдсон хүн юм билээ. Бүр сурцтай болсон гэсэн үг үү. Ер нь АТГ өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж хэвлэлийн хурал дээр мэдээлсэн байсан. Маш их мөнгөн дүн, олон хүн холбогдсон асуудал учраас шалгалтын ажиллагаа явуулахад амаргүй байх. Хууль хяналтын байгууллагынхан ажлаа хариуцлагатай шударга хийгээсэй.

-Сайн дураараа бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэж та нэр бүхий гишүүдийн хамт уриалга гаргасан шүү дээ. Одоогоор хичнээн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

-20 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Зориг эрмэлзлээ илэрхийлж байгаа. Эдгээр гишүүд айх юмгүй болоод шалгуулъя гэж байгаа байх.

-Танай намын хагарал бутралыг тулхтай гишүүд оройлоод яваад байх шиг харагдах юм. Төрийн өндөр албан тушаалд оччих санаатай л зүтгээд байгаа юм уу даа?

-Тулхтай юм шиг дүр үзүүлдэг тэд залуу гишүүдийг турхирч байна. Тав, зургаан удаа сайд хийсэн хүн байна. Дахиад л сайд хийнэ гээд явж байх юм. Тэгээд хагарал дээр нь шар шувуу шиг харж байгаад өөртөө ашигтай байж магадгүй гэсэн тал руу нь гүйгээд ордог. Тэр хүмүүст улс орны ирээдүйг бодож байгаа юм нэг ч байхгүй. Гаргаж байсан шийдвэр, ярьсан ярианууд болох архивын маягтай мэдээллүүдийг нь харахаар ямар ч санаачилгагүй үхээнц явж иржээ. Хийхийн төлөө, санаачилж, гэгээтэй зүйлд зорьж явсан бол оролдлого ядахдаа харагдах ёстой. Гэтэл сэтгэл байхгүй, зөвхөн өөрийнхөө хар амийг бодож, яаж ийж байгаад сайд болчих гээд явдаг байсан байгаа юм. Олон удаа сонгогдсон, одоо ч сайд хийж байгаа зарим гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагааг санаатай тасалдуулж байгаа. Ард олон маань энэ хүмүүст ямар олон удаа хууртагдсан юм бэ. Би улс төрд орох сонирхолтой залуучуудын манлайлал хөтөлбөр лекцэнд олон удаа очдог л доо. Энэ намд хар толбо болсон, буг болсон тэдгээр хүмүүсийг хар толбоор нь жишээ татаад ярина гэж бодож байгаа. Ялангуяа залуус аливаа байдалд олон талын мэдээлэл авч байж эрүүлээр харах хандлага их байдаг. Магадгүй гуравдагч хүчин Монголын улс төрд орж ирэхийн үндэс суурийг тавьж байгаа юм билүү. Олон залуус улс төрийг сонирхоосой, эрүүл зөв шийдвэр гаргадаг систем рүү яваасай гэж хүсч байна даа.

-Зуун жилийнхээ ойтой золгох гэж буй МАН Монголын улс төрд хар тамга даруулчихлаа. Энэ нам татан буугдах ёстой гэж хуульчид Дээд шүүхэд хандсан байна лээ. Харин та ямар бодолтой байна?

-Намын дарга л хариулах ёстой байх.

-М.Энхболд, У.Хүрэлсүх гэсэн хоёр бүлэглэл байгаа цагт танай нам хэзээ ч эвлэлдэхгүй нь ойлгомжтой боллоо. Аль нэг нь үлдвэл унасан талынх нь тэмцэл дуусахгүй. Хоёуланг нь явуулж байж энэ нам аврагдахгүй юу?

-Яг М.Энхболд гэдэг хүн өөрөө хууль зөрчсөн бол явах л ёстой. Гэхдээ хуулийн байгууллага л тогтооно шүү дээ.

-Намын Бага хурлаас шийдэл гарах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан боловч хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл цацагдсан?

-Намын бага хурал бол анхнаасаа сайтар дэглэсэн жүжиг байсан л даа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүмүүсийн мэдэх эрх чөлөө, хоёр талын байр суурийг илэрхийлээгүй. Одоо бүр нам дээр санаа нийлээгүй хүнийг хөөдөг болно гэж байна. “Зуун хувь саналаа нэгтгэ. Чи өөр бодолтой байх ч эрхгүй, саналын зөрүүтэй байж болохгүй” гэж байна шүү дээ. Уучлаарай бид робот биш. Коммунизм ч ийм байгаагүй. Энэ бол фашизм. Би намын бага хурал дээр байр сууриа илэрхийлсэн. Бага хурлын гишүүдийн өмнө зогсч, намын даргын нүүр рүү харж байгаад “Хүний эрхийн ноцтой зөрчил шүү” гэдгийг хэлсэн.

Улс төр хэдийгээр утаатай байгаа ч ирээдүйд итгэх итгэлээ алдаж болохгүй шүү гэдгийг ард түмэндээ хэлмээр байна. Улс төрд гэрэл гэгээ татуулах хүмүүс шинэ үеийн залуус юм байна гэдэгт итгэлтэй байгаа. "Өдрийн сонин"-ы нийт уншигчдад шинэ оны мэнд хүргэе.