Автохудалдааны төвийг автовокзал болгоно
2019.01.09

Автохудалдааны төвийг автовокзал болгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь автохудалдааны төвийг гаднаа 150 автомашины зогсоол, дотроо 700 лангуутай битүү зах, улмаар зорчигч тээврийн автовокзал байгуулах шинэчилсэн төлөвлөгөөг НИТХ-аас батлав.

Битүү захад сэлбэг хэрэгсэл, авто эд анги борлуулахаас гадна оношлогоо, авто дром, залуусын соёлын төв, төмөр замын ачиж, буулгах гаалийн хяналтын талбай мөн байгуулна. Ингэснээр 2022 онд 11 мянган ажлын байр бий болж, улсад 72 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх тооцоо гарчээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд “Шувуут нуур” экологи амралтын хүрээлэн байгуулах аж. 

Худалдааны төвд зогсоол, газар эзэмшиж, өмчилсөн иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. НИТХ-ын тэргүүлэгчид ил зогсоолын тоог анхны төлөвлөлтөөс цөөрүүлэхгүй байхыг үүрэг болгосон байна.

Өнөөгийн байдлаар, авто худалдааны төвийн 130 га талбайд 72 байгууллага үйл ажиллагаа явуулж, 2500 орчим машин худалдахаар байршуулааад байна.

Б.Болд